Японы Засгийн газраас Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цөмийн тогоог хөргөж, цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахаар төлөвлөж байгаа. Энэ асуудал нь хөрш орнуудад нь маргаан дагуулаад байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгос 21 хүний бүрэлдэхүүнтэй засгийн газрын шинжээчдийн багийг маргааш Япон руу илгээхээр болжээ. Тус баг нь Фүкүшимагийн атомын цахилгаан станцад зочилж, цэвэршүүлсэн боловч цацрагийн бага зэргийн бохирдолтой усыг далайд асгах Японы төлөвлөгөөтэй танилцах гэнэ. Японд ажиллах зургаан өдрийн турш солонгос мэргэжилтнүүд бохирдсон уснаас цацраг идэвхт бодисыг багасгадаг үйлдвэрийн боловсруулах системийг судлах, цэвэршүүлсэн ус нь шингэлж, далайд цутгахад хангалттай аюулгүй эсэхийг нягтална.
Бохирдсон усыг далайд асгах төлөвлөгөөний аюулгүй байдлыг Олон улсын атомын энергийн агентлаг аль хэдийн хянаж байгаа бөгөөд ирэх сард үр дүнг олон нийтэд зарлана. Тиймээс солонгосчуудын хийж буй хяналт, шалгалт нь албан ёсных биш гэж Японы талаас мэдэгджээ.
2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшгаас болж Фукушимагийн станцын хөргөлтийн системийг сүйрч, цөмийн гурван тогоо хайлж, их хэмжээний цацраг ялгаруулсан. Дээрх тогоонуудыг хөргөсөн усыг газар дээр тусгай савнуудад хадгалж байгаа ч 2024 оны эхэн гэхэд 1.37 сая тоннын багтаамж нь дүүрэх гэнэ. Тиймээс бохирдсон усыг цэвэршүүлэн далайд асгах төлөвлөгөөг Японы засгийн газар 2018 оноос ярьж эхэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ