Товчхон: Франц-Монголын хамтын ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2023.05.20-нд нийтлэгдсэн

Товчхон: Франц-Монголын хамтын ажиллагаа

Товчхон: Франц-Монголын хамтын ажиллагаа

Франц-Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2025 онд болно. Гэхдээ хоёр улсын харилцаа өнө эртнээс, Мөнх хааны үед Францын элч Монголд ирж байсан тухай түүхэн баримтууд бий.

Тэгвэл Францын Төрийн тэргүүн анх удаа Монгол оронд хөл тавих гэж байна.  Э.Макрон нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Улаанбаатарт энэ сарын 21-22-ны өдрүүдэд буюу хоёр өдрийн хугацаатай төрийн айлчлал хийх юм. Ингээд Франц-Монголын 58 жилийн хамтын ажиллагааны талаар товч тоймлон хүргэе.

Археологи:

-Хоёр орны судлаачид 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын түүхийн бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага судалгааг 17 дурсгалт газарт хийжээ. Эдгээр хамтарсан төслийн хүрээнд нийтдээ 6000 гаруй олдвор, түүний дотор 5000 гаруй чулуун зэвсгийн зүйлс илрүүлжээ. Хоёр орны археологичид чулуун зэвсгийн үеэс авахуулаад Чингис хааны үе хүртэлх судалгаа хийсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Тиймээс Э.Макрон айлчлалынхаа хүрээнд Чингис хааны музейтай танилцах юм байна.

1994-1999 онд Эгийн голын хөндийд УЦС баригдах талбайг чөлөөлөх зорилгоор олон дурсгал малтсаны дотор Хүннүгийн оршуулгын газрыг Монголд анх удаа цогцоор нь бүрэн малтаж дуусгасан. Мөн Монгол Алтайн бүс нутагт түрүү төмрийн үеийн Пазырыкийн соёлын нүүдэлчдийн оршуулгыг Монгол-Францын хамтарсан археологийн экспедици Монголд анх удаа малтаж одоогийн байдлаар 38 дурсгалаас 200 гаруй олдвор хэрэглэгдэхүүн илрүүлжээ. Эдгээр нь Мөнх цэвдгийн бүсэд тархсан дурсгал учир онцгой сайн хадгалалттай органик эдлэл, түүний дотор, мод, арьс шир, үс ноос, эсгий, нэхмэл эдлэл гардаг гайхамшигт булш гэж дэлхийд алдаршжээ.

Эрүүл мэнд:

Монгол, Франц хоёр улс нь эрүүл мэндийн салбар идэвхтэй хамтран ажилладаг.  Эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч, сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг Монголд зохион байгуулж байна.Францын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд Монгол Улсад зүрхний титэм судас тэлэх дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс засал зэрэг олон шинэ туршлагыг манай улсад нэвтрүүлж ирсэн нь томоохон хөрөнгө оруулалт болсоор байна.

Боловсрол:

Монгол улс Франц улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түлхүү хамтран ажилладаг. Монгол Улс тусгаар тогтнолоо буцаан олж авсны дараа буюу 1925 онд монгол залуусыг барууны орнуудад бэлтгэсэн. Энэ хүрээнд монгол оюутнууд Францад сурч байжээ. Мөн хоёр орны Засгийн газрын хамтарсан сургалтын тэтгэлэг зарлагддаг.  Нөгөө талаас Францаас оюутнуудыг Монголд сургах чиглэлээр МУИС болон Францын их сургуулиудын хооронд яриа хэлэлцээ өрнөж байгааг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн хэвлэлд  ярьжээ.

Хөдөө аж ахуй:

Франц хөдөө аж ахуйн хөгжлөөрөө Европт тэргүүлдэг улс. Монголын ноолуурын компаниуд дэлхийд алдартай Францын “Шанел”, “Гермэс” брэндтэй хамтын ажиллагааны гэрээг эхлүүлжи байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол айлчилсан Бүгд найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену монголчуудад дуулгаж байв.

Соёл урлаг:

Мөн соёл урлаг тэр дундаа кино урлагийн салбарын хамтын ажиллагаа амжилттай явж байна. Улаанбаатар хотод Олон улсын кино фестивалийг жил бүр зохион байгуулдаг. Үүнд манай Элчин сайдын яам болон Францын бусад соёл урлагийн байгууллагууд,Францын кино найруулагчид идэвхитэй оролцдог.

Улаанбаатар:

Түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах чиглэлээр  Францын Засгийн газрын санхүүжилттэй, уг төслийн Франц талын оролцогч “Пома” компанитай Улаанбаатар хотын удирлагууд санамж бичиг байгуулсан байдаг. Францын “Пома” компани нь дэлхийн хамгийн том агаарын кабелан тээврийн үйлдвэрлэгч юм. Тус компани агаарын кабелан тээврийн хэрэгсэлийг Парис, Нью-Йорк хотууд, Латин Америкийн улсууд зэрэг дэлхийн томоохон хот улсуудад барьж, нэвтрүүлсэн туршлагатай аж.

Ураны салбар:

Франц, Монголын  Засгийн газрын хамтарсан “Бадрах Энержи” компани нь Монголд ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

Аялал жуучлал:

Жил ирэх тусам Монголд жуулчилж байгаа Францын жуулчдын тоо нэмэгдэж байна. 2016 онд 7000 жуулчин Монгол ирж байсан бол 2017 онд 8000, 2018 онд 10 000 болж  нэмэгджээ. Франц улс нь Европ тивд аялал жуулчлалаараа 2-рт ордог.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж