Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээг үндэслэн Худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл, сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг байсан. Харамсалтай нь, улсын цирк 2020 оны наймдугаар сараас бүрэн хэмжээний засвар орж, өнөөдрийг хүртэл ажиллахгүй хэвээр байгаа юм. Харин циркчид Чингэлтэй дүүрэгт байрлах гэр хороололд байр түрээслэн, хичээллэж буй.
Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад "Улсын циркийн асуудлыг хүмүүс сайн мэдэж байгаа. Барилгын ажил 2020 онд эхэлсэн. Би 14 хоногийн өмнө циркийн барилгыг очиж үзсэн.
Хөрөнгө оруулагч талаас 2023 онд циркийн барилгыг бүрэн ашиглалтад оруулж, уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилалтыг хийх, тоглолт хийхэд бэлэн болно гэдэг мэдээллийг өгсөн.
Циркийн барилгыг зориулалтаар нь ашиглаж, бэлтгэл сургуулилалт хийх нөхцөлөөр хангана гэж гэрээтэй юм билээ. Уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилалт хийх нөхцөлийг сайжруулах хүрээнд цар тахлаас өмнө засвар шинэчлэлтийн ажлыг хийсэн гэж тайлбарладаг. Гэвч цар тахлын улмаас хөрөнгө оруулалт саатсан гэдгийг хөрөнгө оруулагч тал хэлдэг. Бидний зүгээс циркийн барилгыг 2023 онд багтаан ашиглалтад оруулах шаардлагатай байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Мөн төрийн зүгээс циркийг шуурхай ашиглалтад оруулахад ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг хэлж буй. Уран бүтээлчид нэг өдрийн өмнө бэлтгэлээ зориулалтын байранд хийх нь чухал" гэв.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр улсын циркийн газарт “E-mart” худалдааны төвийн салбарыг байгуулахаар тохиролцсон гэх мэдээлэл цацагдсан. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн албанаас тайлбар хэлэхдээ "Энэ бол ташаа мэдээлэл байна. Циркийн барилгыг зориулалтын дагуу олон улсын стандартад нийцүүлэх барилгын ажил эхэлсэн. Энэ ондоо багтаад дуусна" гэдэг хариултыг өгч байв.
Холбоотой мэдээ