Батлан хамгаалах яамны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Батлан хамгаалах яамнаас 2023 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах, Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, "Бидний бахархал" төслийг Булган аймагт зохион байгуулах үйл ажиллагаа эхэллээ.
Тус үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, харьяа анги, байгууллагууд, Булган аймгийн удирдлага, алдартнууд, ахмад дайчид, Булган аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, ард иргэд, хүүхэд залуучууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Булган сайхан нутгаас эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлын төлөө гарамгай гавьяа байгуулсан Ардын хатанбаатар С.Магсаржав, БНМАУ-ын гарамгай баатар, хурандаа Л.Дандар, БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын баатар, улсын эрхэм нисгэгч Ч.Шагдарсүрэн, БНМАУ-ын баатар, хилчин Ж.Нэхийт, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, БХЯ-ны сайд агсан дэслэгч генерал Л.Моломжамц зэрэг олон арван цэргийн зүтгэлтнүүд төрөн гарсныг энд тэмдэглэхэд бахархалтай байна.
Монгол Улсын иргэд, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавих, Монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох суурь үндэс болдог. Эх оронч үзэл, хүмүүжил нь Монгол Улсын иргэний эх орноо хайрлах, соёл, иргэншил, түүхийн үнэт зүйлсээрээ бахархах үндсэн дээр төр улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үйлсийг ухамсарлах, оролцох, нийгмийн хөгжил дэвшлийн төлөө амь бие, авьяас билэг, эрдэм боловсрол, хүч чадлаа зориулах чин хүсэл эрмэлзлэл, санаа зориг, тэвчээр хатуужлын цогц юм. Хүүхэд, залуучуудад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, Монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргийг ухамсарлуулан ойлгуулж, эх оронч үзэл, хүмүүжлийг олгох нь нэн чухал. Иймд төр, засгийн зүгээс уг асуудалд ихэд анхаарч Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэргээр нэлээд арга хэмжээг тусган хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл нь өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа юм.
Түүнчлэн сая хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Бидний бахархал” төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын баталсан удирдамж, хуваарийн дагуу өнгөрсөн онд нийслэлд зохион байгуулсан бол энэ онд Булган аймагт үргэлжлэн явагдаж байгаагаараа онцлог болж байна” хэмээлээ.
Мөн энэ үеэр Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын зарим тэргүүний алба хаагчдад батлан хамгаалах салбарын шагналыг гардуулсан юм.
Холбоотой мэдээ