Л.Энх-Амгалан: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

Л.Энх-Амгалан: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.05.19/ мэдээлэл хийлээ.


Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5 Ш ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сан/БЗС/-гийн мэдээллийг хамгийн тэргүүнд олон нийтэд ил болгосон. 1997 оноос хойш БЗС-гаас 1.2 сая хүүхэд зээл авсан нь том тоо юм. Монгол Улсын хүн ам 3.4 сая гэвэл гурван  хүний нэг нь БЗС-гаас зээл авч, суралцсан байна. Нийт 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд суралцсан бол 1 сая 997 мянган хүүхэд дотоодын их дээд сургуульд суралцсан. 1997 оноос хойш БЗС-гаас 1 их наяд төгрөгийг тэтгэлэгт зарцуулсан.

Бүх нийтэд ил болгосон мэдээллийг улс төрийн зорилгоор эсвэл улс төрд тодрох зорилгоор ташаа мэдээлэл хийж байгаад харамсч байна. О.Батнайрамдал МАН-ын нарийн бичгийн дарга, хариуцлагатай алба хашдаг.  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааг бүдэгрүүлэх, ард олныг төөрөгдүүлэх мэдээлэл хийсэнд харамсч байна.

Иргэн О.Батнайрамдал “БЗС-гаас олгогдсон нийт зээлийн 99 хувь нь эргэн төлөгдөөгүй, тэтгэлгийн 90 хувийг эрх мэдэлтнүүдийн мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан байна. Хууль бус чөлөөлөлтийг үе үеийн сайд нар хийсэн. Зээлээс чөлөөлөх Засгийн газрын тогтоол хүчингүй болсон, УИХ чөлөөлөх журмыг батлах ёстой байтал өнөөдрийг хүртэл журмыг батлаагүй. УИХ журам батлаагүй учраас ямар нэг чөлөөлөлт байх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх чөлөөлөлт хууль бус байсан” гэж ташаа мэдээлэл хийсэн.

БЗС-тай холбогдох таван хууль, тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.  Иргэний хууль, Дээд боловсрлын санхүүжилт нийгмийн баталгааны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 344 дүгээр тогтоол, 2022 онд баталсан Засгийн газрын 346 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ тогтоолуудын хүрээнд гэрээнийхээ үүргээ биелүүлсэн хүүхдүүд дээр чөлөөлөлт хийсэн.

Гэтэл иргэн О.Батнайрамдал 2368 хүүхэд суралцаад 363 тэрбум төгрөг зарцуулсан. Баклаврын сургалтад 167 тэрбум буюу 441 хүүхэд, магистр, докторантурын сургалтад 196 тэрбумыг зарцуулаад хууль бус чөлөөлт хийснээр 99 хувь нь эргэн төлөгдөөгүй. Өндөр албан тушаалтнууд, мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд БЗС-гаас зээл авсан гэж мэдээлэл хийсэн.

Анх бид БЗС-г зарлахдаа гадаадын тэтгэлэгт 220 тэрбум төгрөг зарцуулснаас 2888 хүүхэд суралцсан. Баклаврын сургалтад 101 тэрбум, магистр, докторантурын сургалтад 119 тэрбум төгрөг зарцуулсан байна гэдгийг мэдээлсэн. Баклаврын түвшинд одоо 325 хүүхдийн гэрээ албан ёсоор хэрэгжиж байгаа гэсэн үг. Монголдоо буцаж ирээд ажиллаж байгаа нь 325, 10 нь зээлээ төлсөн, 78 нь суралцаж байгаа, 8 нь чөлөө авсан. Магистр докторантын түвшинд 34 нь зээлээ төлж байгаа бол 39 нь суралцаж байна. 40 нь гэрээгээ цуцалж зээлээ төлсөн. 230 нь гэрээний үүргээ биелүүлээгүй, 634 нь гэрээ хэрэгжиж байгаа. 890 нь гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээг нь дуусгавар болгосон. Анх бид 230 хүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэдэг асуудал ярьсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 230 хүүхэдтэй холбоотой 27 тэрбум төгрөг эрсдэлд орсон тул хуулийн байгууллагад хандаж байна гэдгээ мэдэгдсэн.

БЗС-гаас зээл авахдаа үл хөдлөх хөрөнгөөр баталгаажуулдаг. 2300 хүүхэд зээл авахдаа үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. БЗС дээр 1242 барьцаа хөрөнгө буюу 123 тэрбум төгрөгийн хөрөнгө барьцаанд байна. Зээлийн үүргээ дуусгавар болгохгүй бол үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан байдаг тул үе үеийн сайд тушаал гаргаж, гэрээний үүргээ дүгнэж явдаг зохицуулалттай.

Хуулийн зохицуулалт байхгүйгээр хууль зөрчин, үе үеийн сайд нар зээл чөлөөлсөн гэх нь буруу дүгнэлт. Засгийн газрын зургаан тогтоолд үндэслэж, зээлийг тэглэсэн тул хууль бус зээл тэглэлт гараагүй. Энэ асуудлыг илүү тодруулах зорилгоор бид хэн гэдэг сайдын үед хэдэн хүүхэд гадаадад суралцсан бэ, хэний үед тушаал гарч, зээл нь цуцлагдав гэдэг мэдээллийг ил болгохоор ажиллаж байна. Ё.Отгонбаяр сайдын үед 107 тушаал гарсныг нэгтгэж байна. Үдээс хойшдоо энэ мэдээлэл нэгтгэгдэж дуусахаар БЗС-гийн мэдээлэлд оруулна.

БЗС -г өөрчилсөнгүй гэж шүүмжилж байна. БЗС шилэн болсон, БЗС хүртээмжтэй болсон. 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан цагаас шилдэг 100-д өгдөг байсан тэтгэлгийг шилдэг 50-д өгдөг болсон. Ерөнхийлөгчийн тэтгэлэг байгаа, 330 сум, 170 хорооноос элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноогоор шалгарсан хүүхдийг шалгаруулж, дэлхийн шилдэг их сургуульд явуулдаг. Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа хөтөлбөр. Нийтдээ 400 гаруй оюутнууд хамрагдсан.

Дэлхийн шилдэг 100 болон, Засгийн газар хоорондын тэтгэлгээр явдаг. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт магистр, докторантурын тэтгэлэгт сонгон шалгаруулалтаар явж байгаа.

БЗС-гийн санхүүжилт, гадаадад дооодод суралцагчтай хийх зээл тэтгэлгийн гэрээний загварыг бид шинэчилсэн. Тодорхой үүрэг хүлээлгэдэг болгож, сайжруулсан. Гадаадад суралцагчдын нэгдсэн санг нээлттэй болгоно. Ирэх долдугаар сард бэлэн болгоно. төгссөн сургууль, нэр, овог аль ч талаас нь хайсан шууд гарч ирэхээр системийн шинэчлэл хийж байна.

Өнгөрсөн хугацаанд зургаан удаа энэхүү мэдээллийн нэгдсэн сангийн систем хийх гэж IT-гийн компаниудтай гэрээ хийж, 260 сая төгрөг зарцуулсан хэрнээ тэр системээ хүлээн аваагүй байдаг.

БЗС-гийн захирал Д.Гарди өнөөдөр “БЗС-гаас зээл авсан 3000 хүүхдийн 900 мэдээлэл нь байгаа, 2100 хүүхдийн мээдээлэл устсан” гэдэг мэдээлэл хийсэн байсан. БЗС дээр байгаа архивт байсан мэдээлэл устсан байдаг. Өнгөрсөн хугацаанд сайд нарын тушаал гарч явуулсан 2380 хүүхдийн мэдээллийг ил болгоно.

БЗС-гийн мэдээлэл ил болсноос хойш 248 мянган ам.долларын эргэн төлөлт хийгдсэн. Бүх зээл авсан хүүхдийн мэдээллийг Монголбанкны зээлийн санд бүртгэж эхэлсэн” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-БЗС-гаас зээл авч суралцсан 3000 зээлдэгчийн мэдээлэл байхаас 2100 хүүхдийн мэдээлэл устсан гэж Д.Гарди дарга хэлсэн. Ямар байдлаар устсан юм?

-Боловсролын зээлийн мэдээллийн санд ажиллаж байсан О.Сийлэгмаа нь сүүлийн үеийн бүх мэдээллийг хард дискэнд хуулж аваад устгасан байдаг. Энэ асуудлыг цагдаад өгч шалгуултал хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тийм л нөхцөл байдал үүссэн. Үе үеийн сайд нарын тушаалаар энэ хүүхдүүд гадаадад суралцахаар явдаг учраас овог нэрээрээ Боловсролын яамны архивт нэр нь байгаа тул энэ мэдээллийг сэргээж болно.

Ер нь бол энэ асуудлыг Пүрэвсүрэн, Сийлэгмаа гэсэн ёс зүйн зөрчил гаргаж яамнаас чөлөөлөгдсөн хоёр хүн л сэвээд байгаа.

-БЗС-гаас зээл авч суралцсан хүмүүс нь улстөрчдийн хүүхдүүд байна. Ц.Даваасүрэн, С.Чинзориг, М.Оюунчимэг нарын хүүхдүүд суралцсан байна?

– Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу. Аль нэг өндөр албан тушаалтныг хамгаалах гэсэнгүй. Зээл авсан 2380 хүүхдийг шүүгээд үз. 90 хувь нь дарга нарын хүүхдүүд авсан байна уу гэдгийг нягтал. Зээл авсан бүх хүүхдийн мэдээлэл ил тод байгаа. Тийм учраас үе үеийн сайд нарын тушаалыг ил болгож байна. Энэ тушаал дээр та бүхэн ажилла. Тоглоомын дүрмээ тодорхой болгож байгаа.

Засгийн газраас УИХ-д Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Түүнд өндөр албан тушаалтны хүүхдүүд төрөөс олгож байгаа зээл, хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж заасан, уг хуулийг удахгүй батлах гэж байна. Цаашдаа бол өндөр албан тушаалтны хүүхэд БЗС-гаас зээл авахгүй л гэсэн үг.

-Танай тойргийн Ц.Даваасүрэн гишүүний хүүхэд 700 мянган төгрөгийн зээлд хамрагдсан байна. Энэ хүмүүсийг яах юм, зээлийг нь төлүүлэхгүй юм уу?

-Хуулийн дор л амьдрах ёстой биздээ. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн дор амьдрах ёсгүй. Өнөөдрийн байгаа хүчин төгөлдөр хууль, тогтоолын хүрээнд дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэг аваад явсан хүүхэд эх орондоо ирээд таван жил ажиллаад НДШ төлсөн бол гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд зээлээс чөлөөлнө. Энэ зохицуулалтыг л өөрчлөе.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж