Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.
-Франц улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн йлчлал хийх гэж байна. Энэ үеэр атомын цахилгаан станц байгуулах асуудал яригдах уу?
-Франц улсын Ерөнхийлөгч ирэх Ням гаригт Монгол Улсад айлчилна. Айлчлалын үеэр цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар эхний яриа хэлэлцээрүүд хийх байх. Гүйцэд боловсруулагдаагүй асуудлыг ярих нь учир дутагдалтай. Монгол Улсын хувьд Франц улстай хамтраад энэ салбарт шаргуу ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудал юу вэ. Хөрөнгө оруулалт яаж татах вэ?
-Эрчим хүчний салбарын тулгамдсан зорилт бол либералчлал. Үнэ дээрээсээ тохируулгатай, зардал зах зээлийн үнээр гардаг учраас эрчим хүчний салбар луу хөрөнгө оруулах сонирхолгүй байна. Үнийг үе шаттай чөлөөлж, зах зээлийн үнээр борлуулдаг тогтолцоо бий болгох юм бол гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт орж ирэх бололцоо бүрдэнэ. Эс бөгөөс улс өөр дээрээ ачаалал аваад эрчим хүчний салбарын өсөн нэмэгдэх хэрэгцээ бий болгох сонголттой тулчихсан байгаа. 2020, 2021, 2022 онд дэлхий даяар цар тахал дэгдсэн учраас эрчим хүчний салбарт үнийн өсөлт үүссэн. Дайнаас шалтгаалж, цахилгаан эрчим хүч геополитикийн арга хэрэгсэл болж хувирсан.
Одоогоор ард иргэдийн амьдрал хүнд байгаа учраас эдийн засгийг эхлээд тогтворжуулах байх. Ирэх 2024 оноос эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьдралд мэдрэгдээд эхэлсний дараагаас эрчим хүчний үнийг нэмж, чөлөөлөхөөс аргагүй байдалтай тулчихаад байгаа.
Уг нь өртөг нь зах зээлийн журмаар бүрддэг, борлуулалт нь мөн зах зээлийн журмаар бүрддэг болбол эрчим хүчний салбар хөгжихөд дөхөм . Улс өөр дээрээ заавал өндөр ачаалал авах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалт орж ирээд үр ашгаа хүртдэг болбол амьсгаа авах боломжтой болох юм.
-Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Зургаа, долоон арга хэмжээ авч байна. Эхний ээлжинд Сонгино дэд станц дээр 280 Мв-т-аар цэнэглээд 80 Мв-т эрчим хүч гарган сүлжээнд буцаж нийлүүлэх хураагуур төсөл ашиглалтад оруулна. Энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Амжихгүй бол 2024 оны эхний улиралд багтаан оруулна.
Дорнодын цахилгаан станцыг 50 Мв-аар өргөтгөх ажил явж байна. Мөн энэ оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулна. Дээрх арга хэмжээг авснаар 110 Мв-ын эх үүсвэртэй болно. Энэхүү нэмэлт эх үүсвэрээр 2023-2024 оны өвлийн ид ачааллыг давж гарна гэсэн тооцоолол хийж байгаа. Хэрвээ бүр болохгүй бол БНХАУ-ын ӨвөрМонголын эрчим хүчний системээс 70 орчим Мв-тыг импортлохыг үгүйсгэхгүй.
Дээрх гурван арга хэмжээ авсан нөхцөлд өвлийг давна. 2024-2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 300 Мв цахилгаан станц ашиглалтад орох юм бол манай эрчим хүчний эх үүсвэр хэрэглээнээсээ давж эхэлнэ.
2026 онд Тавантолгойн цахилгаан станцын 300 Мв- тын эхний хоёр блокийг ашиглалтад оруулах, 2027 онд Багануурын цахилгаан станцын эхний 400 Мв-ын блокийг ашиглалтад оруулж чадвал 2035 он гэхэд хэрэглээнээсээ 300 Мв- аар илүү гарах бололцоо бүрдэнэ. Ингэснээр эрчим хүчний тоноглолыг ээлж дараатай зогсоон техникийн засвар үйлчилгээ хийх бололцоотой болно.
-Монгол Улс импортын хэрэглээнээсээ хэзээ гарах вэ?
-ТЭЦ-3-ын өргөтгөлийг энэ ондоо тохирч чадвал 2030 он гэхэд 2 блок ээлж ашиглалтад орно. Тэгэхээр Монгол Улс 2030 он хүртэл эрчим хүчний дутагдаж байгаа эх үүсвэрээ импортоор авч, нөхнө.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ