Их Британийн харилцаа холбооны "BT" компани 55 мянган ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна. Эдгээр орон тооны зарим ажлыг хиймэл оюун ухаан гүйцэтгэх аж. Гэхдээ 55 мянган ажлын байрыг нэг дор биш 2030 он хүртэл ээлж дараатай цомхотгох аж. Тус компани зардлаа бууруулах зорилгоор ажиллах хүчээ цомхотгож байгааг гүйцэтгэх захирал Филип Жансен хэлэв. Тиймээс энэ арван жилийн төгсгөл гэхэд "BT" компани илүү бага ажиллах хүчинтэй, илүү ухаалаг бизнестэй болно гэж үзжээ.
Үндсэн болон гэрээт ажилтнуудыг нийлүүлээд 130 мянган хүн "BT"-д ажилладаг. 2030 он гэхэд ажилчдынхаа тоог 75-90 мянга хүртэл бууруулна гэлээ.
Эдийн засаг удааширч, инфляци өссөн нь олон салбарт хүндээр туссан тул технологийн болон харилцаа холбооны компаниуд ажлын байраа цомхотгосоор байна. Тухайлбал, Их Британид төвтэй, Европ, Африкт үйл ажиллагаагаа явуулдаг утасгүй сүлжээний "Vodafone" компани Мягмар гаригт 11 мянган ажилтнаа цомхотгож байгаагаа мэдэгдсэн юм. Салбартаа томоохонд тооцогдох "Vodafone" компанийн жилийн орлого 1.3 хувиар буурна гэж тус компани таамаглаж байна. Цомхотголыг ирэх гурван жилийн хугацаанд хийх аж. Ингэснээр 2026 он гэхэд зардлаа нэг тэрбум еврогоор бууруулна гэж үзэж байна. "Vodafone" компани өнгөрсөн оны эцсээр 100 мянган ажилтантай байжээ.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ