Сүүлийн үед манай улсад ажилгүй хүний тоо өссөөр байгаа. Тэгвэл өдөр болгон өндөр цалинтай ажлын байрны зар нийтэлдэг хүн цахим орчин дахь найзуудын маань дунд байдаг юм. Энэ хүн бол “Happy Flowers” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг. Түүнтэй хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрхэн сэтгэл амар ажлаа хийж бүтээмж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа.
-Юуны өмнө хүүхэд асрагч, эзэгтэйн туслах зэрэг үйлчилгээг үзүүлж эхлээд 10 жилийн ойгоо угтаж буй танай хамт олонд баярын мэнд хүргэе? Та бүхний ажил урагштай сайхан байна уу?
-Манай компани 2013 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн цагаасаа хойш тасралтгүй хөгжин суралцаж, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж зогсолтгүй урагшилсаар 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 100 орчим хүн шинээр ажилд авах орон тоо байна. Бидний хувьд 11,000 гаруй эмэгтэйг 10 жилийн хугацаанд зуучилсан.
Мөн хөдөлмөрийн насны буюу 18-50 насны 11,000 гаруй охид эмэгтэйчүүдийг түр болон байнгын ажлын байраар хангаж, амьдралд нь бодитой хувь нэмэр оруулж, тэдний сайн сайхан амьдралын гүүр болж ажилладагтаа баяртай байна. Хүүхэд болон өндөр настан асрагч, гэрийн үйлчлэгч, эзэгтэйн туслахын цалингийн хувьд 1.5-2.5 сая төгрөгийн хооронд байдаг.
-Танай байгууллагын хувьд ажилтнуудаа хэрхэн сонгон шалгаруулж авдаг вэ?
-Манай байгууллага 200 орчим ажилтантай. Ажилтнуудын 80 хувь нь дээд боловсролтой хүмүүс. Хүүхэд асрагчийн ажлыг боловсролтой хүн л хийж чадна. Яагаад гэвэл хүүхэд ирээдүйд ямар хүн болох суурь нь гурван нас хүртлээ тавигддаг. Энэ хугацаанд хамгийн их цагийг хүүхэдтэй хамт өнгөрүүлдэг хүн нь хүүхэд асрагч юм. Тиймээс хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэхүйц хүн байх ёстой.
Бидний хувьд 12 үе шаттайгаар ажилчдаа шалгаруулж ажилд авдаг. Бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр зараа түгээнэ. Ирж уулзсан хүмүүстэйгээ ярилцага хийнэ. Энэ дагуу тэнцсэн хүмүүсээр ажлын анкет бөглүүлж, шаардлага хангасан хүмүүсээ нэг өдрийн чиглүүлэх сургалтад суулгадаг.
Хүүхэд асрагч гэж ямар мэргэжил болох, тухайн ажлыг хийснээр танд ямар хэрэгтэй вэ гэдэг талаар ойлголт өгөх сургалт юм. Уг сургалтад хамрагдсаны дараа тухайн хүн маань үнэхээр энэ ажил миний хийх ёстой ажил мөн үү биш үү гэдгийг сонгож, шийдвэрээ гаргана. Миний хийх ёстой ажил мөн юм байна гэж шийдвэл эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдана. Оффистоо ирээд дөрвөн өдрийн сургалтад суудаг. Сургалт дууссаны дараа зан төлөвийн тест авдаг. Ингэж тухайн хүн ажлын байранд тохирох уу үгүй юу гэдгийг шийдэх хамгийн сүүлийн сонгон шалгаруулалтыг хийдэг гэсэн үг. Ингээд айлынхаа уулзалтад ордог. Айл, ажилтан хоёр бие биедээ таалагдаад гэрээ амжилттай болсон тохиолдолд манай зүгээс харилцааны менежер маань тэднийг айлынхаа гэрт хүргэж өгдөг. Энэ нь айл болон ажилтны аль алиных нь аюулгүй байдлыг хангаж буй хэрэг юм. Тухайн айл хаяг дээрээ оршин суудаг уу, манай ажилтны ажиллах орчин нөхцөл нь ямар вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгдөг. Улмаар айлынхаа гэрт гурван талт нууцлалын гэрээ хийдэг. Ажлын дүрэм гэдэг зүйлийг нь тодорхой болгож өгдөг. Дараа нь хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд ажил эхлэдэг юм.
-Ажилтнаа ажлын байранд бэлдэх тухайд олон улсын туршлагыг нэвтрүүлж байна уу?
-Манай компани 85 жилийн түүхтэй, дэлхийн 30 гаруй оронд салбартай олон улсын хүүхэд асрагчдын холбооны гишүүн байгууллага. Дэлхийн бүх улс орнуудад яг л манай байгууллагын ажилчдыг бэлтгэдэг зарчмаар ажилтнаа сургадаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас батлагдсан тусгай зөвшөөрөлтэй нарийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн дагуу ажилчдаа сургаж бэлтгэдэг. Эдгээр хөтөлбөрөө боловсруулахдаа олон улсын холбооноос зөвлөгөө авч, бусад орнуудын жишгийг харж, Монголд хэрэгжих боломжтой зүйлийг нь хөрвүүлээд тухайн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан гэсэн үг.
-Хэлний шаардлагын тухайд хүмүүс хэр чухалчилж байна вэ. Тухайлбал, Англи хэлтэй хүүхэд асрагч ажилд авах эрэлт хэрэг байдаг бол?
-Англи хэлтэй хүүхэд асрагч ажилд авъя гэдэг захиалга зөндөө ирдэг. Англи хэлтэй хүүхэд асрагч нар ч их байдаг. Хүн болгоны тавигдах шаардлага өөр байдаг. Айлууд эхлээд өөрсдийн хэрэгцээг сайн тодорхойлох хэрэгтэй. Гэрээ сайн цэвэрлүүлэх үү, эсвэл хоол гоё хийдэг хүн байх шаардлагатай юу, хүүхдийг нь хөгжүүлэх багш мэргэжилтэй, Англи хэлтэй хүн хэрэгтэй юу гэдэг шаардлагаа айл өөрөө гаргаж өгдөг. Тухайн захиалгын дагуу бид ажилчдаа сургаж бэлтгээд, айлдаа санал болгодог.
-Хүүхэд асрагчийн хувьд тухайн айлд ажиллах хугацааны тухайд ямар сонголтууд байдаг бол?
-Нийгмийн үнэт зүйл нь гэр бүл. Гэр бүлийн үэнт зүйл нь хүүхэд. Тэгэхээр хүүхдийг асардаг бүхий л төрлийн үйлчилгээг бид явуулдаг. Хүүхдийн асрагчийн 10 төрлийн ажлын байр бий.
Тухайлбал,
- Байрлаж ажиллах хүүхэд асрагч гэж бий. Ажил, бизнес эрхэлдэг, завгүй амьдралын хэв маягтай, ар гэртээ бүрэн цаг гаргаж амждаггүй хүмүүст зориулсан үйлчилгээ юм.
- Ажлын таван өдөр ажлын цагаар ажиллах
- Долоо хоногийн сонголттой өдрүүдээр ажиллах
- Ажлын таван өдөр хэрнээ өглөө эсвэл оройн гурав, дөрвөн цаг ажиллах
- Өдрийн болон цагийн хүүхэд асрагч
- Баасан гарагийн 24 цагийн хүүхэд асрагч
- Ганц бие ээжүүдэд зориулсан хүүхэд асрагчийн үйлчилгээ бий. Нэг нэг хүүхэдтэй хоёр ганц бие ээж нэгнийхээ гэрт хүүхдээ харуулаад төлбөрөө хувааж төлж болдог.
- Аялалаар явахад нь туслах хүүхэд асрагчийн үйлчилгээ гэж бий.
Хүүхэд асрагчийн үйлчилгээг бид олон төрлөөр бий болгосон нь зах зээлд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилготой.
Хүүхэд асрагчийн үйлчилгээг зөвхөн баян хүмүүс авдаг гэсэн буруу ойлголт байдаг. Жил ирэх тусам хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, улам л завгүй болж байна. Тиймээс бид тухайн асуудлыг өөрсдийн үйлчилгээгээр шийдэж өгөхөөр хичээж байгаа.
Үйлчилгээ болгон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой. Жишээлбэл, сүүлийн үед гэр бүл салалт маш их байна. 10 эмэгтэй тутмын зургаа нь ганц бие ээжүүд байгаа юм. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ гэвэл хүмүүс хүүхэдтэй болоод жаргалтай амьдарна гэж төсөөлсөн ч эсрэгээрээ хүүхдээсээ болоод би ажил хийнэ, чи хүүхдээ хар гэх зэргээр үл ойлголцол үүсэж байна. Эдгээр болон бусад шалтгаан хосуудын харилцаанд сэв суулгаж, салалтад нөлөөлж байна. Тухайн асуудлыг шийдэхийн тулд олон төрлийн үйлчилгээ гаргасан.
Оюутнуудыг зуны гурван сарын хугацаанд ажиллуулдаг. Хичээлийнхээ хажуугаар мөн цагийн ажил хийх боломжтой.
-Хүмүүс гэртээ асрагч авч ажиллуулах шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Ажил хийж, бизнес эрхэлж буй завгүй амьдралын хэв маягтай хүмүүс их болж байна. Иймээс ар гэртээ зориулах цаг бага учраас бидэнд хандаж үйлчилгээ авдаг. Бага насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх цэцэрлэг байгаа ч гэсэн халдварт өвчин их үеэр хүүхдээ дөнгөж өгөөд л долоо хоноод ханиад хүрээд маш их антибиотик хэрэглэх хэрэгцээ бий болдог. Үүний оронд гэртээ хүүхдээ харуулснаар хүүхдээ өвдүүлэхгүй, олон төрлийн антибиотик хэрэглүүлэхгүй байх давуу талтай.
Коронавирусийн халдвар гарснаас хойш хүмүүс гэртээ хүүхдээ харуулах сонирхолтой болсон. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь ажил хийгээд, нэг нь гэртээ хүүхдээ хараад суух уу, эсвэл хоёулаа ажил хийгээд хүүхдээ хүнээр харуулбал илүү ашиа орлоготой байх уу гэдгийг сонгодог гэр бүлүүд ч бий. Түүнчлэн өөрийнхөө боловсролыг сайжруулах, карьераа өсгөх зорилготой хүмүүс хүүхэд асрагчийн үйлчилгээг авч байна.
-Танайд хандаж асрагч ажилд авснаар ямар давуу тал бий болох вэ?
-Олон улсын гэрээ конвенцын хүрээнд хүүхэд асрагчийг манай байгууллага шиг албан ёсны агентаар дамжуулж ажилд авахыг зөвлөдөг. Үйлчилгээ авч байгаа айлууд болон ажилд орохоор сонирхож буй аль аль талууд маань заавал мэргэжлийн байгууллагад хандаасай гэж хүсдэг. 10 жил ажиллах хугацаандаа олон хүнтэй уулзаж, ярилцаж байхад хувиараа хүүхэд асрагч ажилд аваад, хувиараа айлд ажиллаад хохирсон олон жишээ сонсож байсан.
Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, эзэгтэйн туслах гээд гурвуулаа өөр өөр ажлын байр. Хүмүүс хүүхэд асрагчаар бүх зүйлээ хийлгэх юм шиг ойлгодог. Манай байгууллагын хувьд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, эзэгтэйн туслах гэсэн нарийн мэргэжлийг бий болгож, тусгай зөвшөөрөл авсан.
Хүүхэд асрагчийн хувьд хүүхдийн хоол хийж, хувцаслана. Агаарт гаргаж, тоглоно. Хүүхэдтэйгээ харилцаж тоглоод хөгжүүлэх юм. Хүүхдийнхээ хувцас хэрэглэлийг цэвэрлэнэ. Мөн хүүхдийн эргэн тойронд хөнгөн чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Гэрийн үйлчлэгчийн хувьд өглөө, өдөр, оройны хоол хийж, өдөр тутамд чийгтэй цэвэрлэгээ болон долоо хоногт 1-2 удаа их цэвэрлэгээ хийнэ. Гэрийн гишүүдийн хувцсыг угааж, индүүднэ. Шаардлагатай бол хүнс цуглуулна. Гэртээ хүүхдээ харж буй ээжүүдэд тусладаг мэргэжлийг эзэгтэйн туслах гэдэг. Ээжийг хүүхдээ харж байх хооронд гэрийг нь цэвэрлэнэ. Ээжийг гэрээ цэвэрлэж байхад хүүхдийг нь харж өгнө гэх зэргээр тусалдаг. Эзэгтэйн баруун гар гэж ойлгож болно.
Айлуудын нийтлэг шаардлагын хувьд тогтвортой хугацаанд ажиллах, хүүхдэд хайртай, туршлагатай, гол нь эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан, итгэл даах, худлаа ярьж, хулгай хийдэггүй хүн ажилд авахыг хүсдэг. Мэдээж хэрэг хамгийн үнэт зүйлээ тухайн хүнд хариуцуулж буй учраас ийм шаардлага тавих нь зүйн хэрэг юм.
-Ээж нарыг ажлаа тайван хийх боломжоор хангаж байгаа нь сайхан санагдлаа. Тухайн хүмүүсийн ажлын бүтээмж ч сайжрах байх?
-Хүүхэд асрагч ажилд авч буй айлууд гэр бүлдээ маш том хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож болно. Юугаар ч хэмжигдэхгүй зүйл болох цаг хугацаа гэдэг зүйлийг өгч байгаа. Ингэснээр та ар гэртээ санаа зовохгүй, хамгийн гол нь сэтгэл тайван ажлаа хийснээр бүтээмж сайжирч, ашиг орлого нэмэгдэнэ. Хосууд хоорондоо сайхан харилцаатай байвал гэр бүл салалт буурна.
-Та бүхний хувьд улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ажиллах хүчийг дотооддоо үлдээхэд хүчин чармайлт гарган ажиллаж байна гэж харлаа?
-Бид үргэлж салбартаа манлайлж, шинэ жишиг тогтоон, олон улсын стандартыг нэвтрүүлсээр ирсэн. Яагаад заавал гадаад явж ажиллах ёстой гэж боддог. Эх орондоо илүү сайн нөхцөлд, боломжийн цалин аваад ажиллах боломж байгаа. Монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн ур чадварыг өндрөөр үнэлүүлэх үндэсний компани болох зорилт тавин ажиллаж байна.
-Өөр салбарын хүмүүс хүүхэд асчраг, эзэгтэй туслах зэрэг мэргэжлийн ажлыг хэр сонирхож, ажилд орж байна?
-Багш, эмч, сувилагч, цэцэрлэгийн багш мэргэжилтэй олон хүн манай байгууллагад ирж ажилд орж байгаа. Энэ тоо 2023 онд 40 хувиар өссөн. Манай ажилтнуудын цалин 1.5-2.5 сая төгрөг. Гэхдээ нарийн мэргэжлийн хүмүүсийн цалин үүнээс өндөр байдаг. Эдгээр мэргэжлийн хүмүүс манай байгууллагад ажиллах тохиолдол улам ихсэх хандлагатай байгаа. Гэхдээ эмч, багш, сувилагч мэргэжилтэй байлаа ч хүүхэд асрагч гэдэг нь өөр мэргэжил учраас заавал бэлтгэгдэж байж ажилд орох ёстой. Тэгэхгүй бол би багш мэргэжилтэй гээд айлд очоод тогтсон стандарт, шаардлагаас өөр байгаад байж болохгүй.
-Танай байгууллагад хандаж гэртээ ажилтан авсан хүмүүс хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Манай байгууллагаас 10 жилийн хугацаанд үйлчилгээ авч буй айлууд бий. Ерөнхийдөө бол хүрч ирээд тэвэрдэг, үргэлж талархал илэрхийлдэг олон харилцагч бий. 10 жилийн хугацаанд 15,000 орчим айлд энэ төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Бид хоёрыг ярилцаж байх зуур бидний харилцагч нар оффист маань хүрэлцэн ирээд, 10 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, талархлаа илэрхийлсээр л байна. Бид шинэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй учраас жил ирэх тусам чанараа сайжруулж, хөгжүүлэлтүүд хийгдсээр байгаа.
Удахгүй тавдугаар сарын 27-нд манай байгууллагын 10 жилийн ой болно. Нийт үйлчилгээ авч буй болон өмнө нь авч байсан бүх хүүхэд, айлууд, хүүхэд асрагч нар эсвэл ирээдүйд энэ төрлийн үйлчилгээ авахаар сонирхож байгаа бүх хүнд нээлттэйгээр компанийн ойгоо Zaisan Hill-д тэмдэглэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Б.ДУЛАМ