“Захиалагдсан хэлмэгдэгч”

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

“Захиалагдсан хэлмэгдэгч”

“Захиалагдсан хэлмэгдэгч”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэгэн цагт “Төрийн ордны гурван давхраас ял өгдөг, захиалдаг” явдлыг халж чадсан хэмээн УИХ-ын чуулганы танхимаас хэлж байв. Түүнийг ийн хэлж  байхад хэн хэнд ял өгсөн, захиалсныг дэлгэрэнгүй ярих хүн ховор байлаа.  Тэгвэл хэн хэнд хял захиалж байсныг хэнийг хэлмэгдүүлсэн бэ гэх асуултад хариулт өгөх нэгэн бичлэг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын тухай юм.

“2020 АЖИЛЛАГАА”: ЭХЛЭЛ

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, төр засгийн эрх мэдлийг гартаа авсан юм. Тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд УИХ-ын дарга болж, Мэргэжлийн Засгийн газрын тэргүүнээр Ж.Эрдэнэбатыг томилов. Ж.Эрдэнэбатын танхимд Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдлоо. 2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд МАН  М.Энхболдыг өрсөлдүүлсэн ч Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулгад тэрбээр ялагдсан нь МАН задралын эхлэл байв.

Намын эрх мэдлийн төлөө МАН хоёр хуваагдаж, 33 ба 32-ын бүлэг болж талцан, сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газраа татан унагав. Үүгээр ч зогсохгүй М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь огцруулсан юм. МАН-ын хуваагдлыг дагаад АН мөн хагарсан юм. Улс төр дэх МАНАН-г эсэргүүцэн хөхөө өвлийн хүйтнээр МАН-ын эсрэг тэмцсэн МАН-ынхан Х.Баттулгатай хамтран “МАНЖ” бүлэглэл байгууллаа. Ингээд МАН-ын улс төрийн зодоон ширүүсч, нам доторх эсрэг үзэлтнээ намнах ажил эхэлсэн байдаг.

Түүнээс хойш улс төрийн үйл явдлууд хэрхэн өрнөж, хэн өнөөдөр эрх мэдэлтэй, хэн, хэн өнөөдөр төрийн тамга атгаж байна вэ гэдгийг нурших нь илүүц биз ээ.

“2020 АЖИЛЛАГАА”: ӨРНӨЛ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүний өөрийн намын эрх мэдэлтэй, өндөр албан тушаал хашиж байсан, өөрөөсөө өөр үзэл бодолтой  олон хүнийг шүүхийн өмнө дуудаж, улс төрийн “өшөө” авсан гэж дүгнэх нь бий. С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг батлахдаа бусдад илт давуу байдал олгож, албан тушаалаа урвуулан ашигласан гэж анх буруутгасан ч үүнийг нь хууль, шүүхийнхэн нотлож чадаагүй тул дээрээс өгсөн захиалгыг биелүүлэхдээ сүүлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд  ял оноосон. М.Энхсайханыг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан гэж хэрэг тулгаад  эцэст нь  автомашины хэргээр ял оноосон байдаг.  Монголын хууль шүүх томилсон хүндээ сайн үйлчилснийг санаж байгаа хүн олон байгаа биз ээ.

“2020 АЖИЛЛАГАА”: Н.НОМТОЙБАЯР

2020 онд намын удирдлагатайгаа ам зөрж, үзэл бодлоо илэрхийлж, зарчим ярьсан учраас тэр “ад үзэгдэх” болж, эцэст нь түүнийг Улсын ерөнхий прокурорын газраас гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д оруулж байв. Харин танхимын нөхөд нь түүнийг авч үлдсэн ч Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, чөлөөлөгдөж байсан. Гишүүнээсээ чөлөөлөгдсөн Н.Номтойбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргасан гээд олон үйл явдал өрнөсөөр 2020 оны сонгуультай золгов. Намаасаа хөөгдсөн тэрбээр МАН-ын дарангуйллыг сөрж  Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн юм. Н.Номтойбаярыг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэхийг нь гардуулсан тул сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ. Гэтэл сонгуулийн сурталчилгаа ид өрнөхтэй зэрэгцэн хуулийн байгууллага мөн л захиалгын ажлаа хийж, түүнийг хорьсон хууль зөрчиж буйг өнөөгийн хуулийн сайд Х.Нямбаатар хүртэл шүүмжилж байлаа. Ингэхдээ  түүний сайдаар ажиллаж байх хугацаандаа гаргасан бодлогын шийдвэрээр нь түүнийг яллахын тулд захиалгын шүүгч, прокурор Төрийн ордны 3 давхраас өгсөн даалгаврыг сайн гүйцэтгэсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хоёр сайдын яг ижилхэн үг үсэгтэй тушаал байхад нэгийг нь гэм буруутай гэж нөгөөг нь гэм буруугүй гэсний учиг нь ердөө л улс төр байв. Нэг жилийн хугацаанд хоригдож, ялаа өөрийн биеэр эдэлж гарч ирсэн Н.Номтойбаяр 2021 нэгдүгээр сард Улсын дээд шүүхэд хандаж, түүний өгсөн тайлбар, нотлох баримтыг үндэслэж Улсын дээд шүүх түүнд оноосон ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан юм. Улсын дээд шүүхийн шийдвэр нь хохирол, холбогдогч байхгүй ч түүнийг “ХАЙНГА” хандсан гэсэн үндэслэлээр 1 жилийн хорих ял өгсөн юм. Энэ үед хоригдож байсан Н.Номтойбаяр “Хөнгөхөн ч гэсэн дахиад л ял өгч, хэлмэгдүүллээ. Би шүүгчдийн өмнө ялтан хувцастай зогсч, шүүх магадлангаар хүсэлт гаргаж бууж өгч чадахгүй. Хилсээр оногдуулсан улс төрийн ялыг чинь би бүтэн эдэлж, дуусгаад гарна” гэж хэлсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд төдийгүй улс төрийн хоригдлуудтай болсон, хэлмэгдүүлэлтийн цаана чухам хэн байв. Хэн хэний захиалгаар эсвэл хэн нэгний хувийн хүслээр энэ бүхэн болж өнгөрөв. Энэ асуултад хариулт нэхэхийн учир нь хууль шүүхийн байгууллага нь хараат бус байхыг, хэн нэгний захиалгаар хэлмэгдүүлдэггүй байхыг,  хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байхыг, шударга ёсыг эрсэн олон нийтэд хэн хариулт өгөх вэ?

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
190
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж