Нүүрсний хулгайгаа ярья, шаардаж байна !

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгайгаа ярья, шаардаж байна !

Нүүрсний хулгайгаа ярья, шаардаж байна !

Нүүрсний хулгайд МАН-ын гишүүд ташраараа нэр холбогдсоноос болов уу, нүүрсчиддээ барьцаалагдав уу?. Нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудал хойшилсоор эцэстээ цуцлагдах шинжтэй болов.

Учир юу вэ гэвэл УИХ-аас нүүрсний асуудлыг судлах Хянан шалгах түр хорооны даргаар томилогдсон Г.Ганболд “Хянан шалгах хороо болгон заавал сонсгол хийнэ гэсэн ойлголт байхгүй, албагүй. Хянан шалгах хорооны гол үүрэг бол санал дүгнэлт боловсруулж, танилцуулах” гэж  муйхарлав.

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнгөрсөн оны сүүлээр нүүрсний хэрэгт холбоотой улстөрчдийн нэрийг зарласан үеэс ард иргэд нээлттэй сонсгол хийхийг шаардсан. Гэтэл тус газраас ирүүлсэн ганц бичгээр шалтаг заан сонсголыг хойшлуулсаар байгаа нь үнэндээ бол үндэслэл гэхээс илүүтэй шалтаг шүү дээ.

Уг нь нээлттэй сонсголоор мөрдөгчийн цуглуулсан хавтаст хэрэг биш шинжээчийн цуглуулсан нотлох баримт ярина.

Гэтэл нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах болохоор мөрдөн байцаалтын нууц задарч хууль зөрчих гээд байна гэх нь үндэслэл биш юм.

УИХ ч энэ асуудал дээр хоёр нүүр гаргаж, өөгшүүлэх шаардлагагүй. Яагаад гэвэл Хөгжлийн банктай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар УИХ-ын хувьд ард түмний мэдэх эрхийг хангасан сайн жишиг болдог, нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол хийх болохоор мөрдөн байцаалтын нууц задлах муу жишиг болох нь гэж гуйвуулж болохгүй шүү дээ.

Яг үнэндээ ард түмэн энэхүү сонсголоор дамжуулж үнэнийг мэдэхийг хүсч байна.  Тухайлбал, нууцаар хийсэн оффтейк гэрээнээс Монгол Улс хэдий хэмжээний алдагдал хүлээсэн юм. Энэ гэрээг байгуулах үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэн, хэн байв.

"Бодь Интернэшнл" ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан оффтейк гэрээнээс болж, төр алдагдал хүлээсэн гэдэг нь үнэн үү. Хил гаалиар нэвтэрсэн нүүрсний тээврийн мэдээллийг устгасан гэдэг нь баттай юу. Хятад улс руу тээвэрлэгдсэн нүүрсний мэдээллийг тус улсаас авахаар хуулийн байгууллагынхны хөөцөлдөж байсан ажил юу болов гэхчлэн мэдэх зүйл олон бий.

Хэдийгээр "Бодь Интернэшнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Эрдэнэс Тавантолгой” компанитай байгуулсан байсан оффтейк гэрээний талаар мэдээлэл хийх үеэрээ “Гашуунсухайт дээр бид өөрсдөөсөө 800 саяас илүү ам.долларыг энэ төсөлд зарцуулчихсан. Бид төрөөс 400 орчим сая ам.долларын бэлэн мөнгө болон нүүрс авсан байна. Одоо бид төрөөс 220 сая ам.долларын авлагатай.

Нүүрсийг бид хэт хямд үнээр аваагүй, зах зээлийнх нь үнээр худалдан авах гэрээ байгуулсны дагуу ажил явсан” гэдэг тайлбар хийсэн ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс няцаасан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ц.Анандбазар нарыг АТГ нүүрсний хэргээр шалгаж байснаа яагаад мултлав гэдэг асуултад ч хариулт авахыг хүсч буй.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нүүрснээс олсон хууль бус орлогоор хурдан удмын адуу худалдан авснаас гадна хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр жүчээ байгуулснаас эхлээд Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууц барьж, мөнгө угаасан уу гэдэг үнэн худал нь батлагддаггүй дуулианд ч хариулт авах ёстой. Хэдийгээр энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдаж буй ч ард түмэн мэдэх эрхийнхээ дагуу өөрөөс нь тайлбар авч яагаад болдоггүй юм бэ.

Иймээс УИХ нүүрсний асуудлыг судлахаар байгуулагдсан Хянан шалгах түр хороондоо анхаарал хандуулж, сонсгол зохион байгуулах талаас нь чиглэл өгмөөр байна. Хэрэв Г.Ганболд гишүүн сонсгол зохион байгуулах хүсэлгүй байгаа бол яагаад түүнийг өөрчилж болдоггүй юм.

Уг нүүрсний асуудлыг судлах Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, С.Бямбацогт, Т.Энхтүвшин, С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Б.Бейсен, Н.Ганибал, Т.Доржханд.нар багтсан. Сонсголыг хийх сонирхолгүй, эрх ашгийн зөрчилтэй гишүүд байвал бүрэлдэхүүнийг өөрчилж ч болох шүү дээ.

Нээлттэй сонсголыг яаралтай хийе, ард түмэн шаардаж байна !.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж