Н.Тэгшбаяр: Э.Макроны айлчлал монголчуудад алтан боломж авчирна

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Н.Тэгшбаяр: Э.Макроны айлчлал монголчуудад алтан боломж авчирна

Н.Тэгшбаяр: Э.Макроны айлчлал монголчуудад алтан боломж авчирна

Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед та шинжлэх ухааны талаар хэд, хэдэн видео контент хийсэн байна лээ. Хүмүүс хэр их үзэж, сонирхож байна вэ?

-Шинжлэх ухааны томъёо бичээд эхлэхээр хүмүүс залхдаг ч юм уу эсвэл хүнд санагддаг ч юм уу сонирхож хүлээж авах нь бага байдаг. Тиймээс шинжлэх ухааны ойлголтуудыг олон нийтэд ойлгомжтой хүргэх үүднээс видео контент хийдэг болсон. Гол нь хүүхэд залуусын сонирхлыг төрүүлэх, тэднийг шинжлэх ухаанд дуртай, шинжлэх ухааны мэдлэгтэй болгох зорилготой гэх үү дээ. Хэвлэлээр шинжлэх ухаанч мэдээлэл гарах нь ховор байна. Нийтийн шинжлэх ухааны мэдлэг хомс байна. XXI зуунд хэдүүлээ цагаан будаа шатаадаг, шаахайнаас тэмбүү халддаг гэсэн балар харанхуй юм яриад сууж баймааргүй байгаа юм. Тиймээс хүүхэд залуус маань аливаа асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, юмыг олон талаас нь судалдаг, дүгнэдэг, худал мэдээлэлд автдаггүй байгаасай гэсэндээ зав олдвол долоо хоног бүр видео контент хийж, түүнийгээ хүмүүст хүргэх санаа зорилго бол бий. Үхээд боссон хүн амьдралыг өөрөөр хардаг, нийгэмдээ юу хийж, юу үлдээх вэ гэдгээ боддог болчихдог юм байна. Өвчнөө шинжлэх ухааны хүчээр давсан. Тийм хүн чинь шинжлэх ухаанд хайртай, түүнийгээ олон нийтэд зөв таниулах ёстой биз дээ.

-Ингэхэд таны бие дажгүй юу. Нэлээд хүнд “даваа” давлаа?

-Гайхамшигтай сайхан. Олны хайр, дэмээр амьдралд эргэж ирсэндээ үргэлж талархдаг. Шинжлэх ухааны хүчээр амьд яваадаа баярладаг. Монголд шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө, олны хайр дэмийг буцаах төлөхийн төлөө зүтгэнэ ээ.

-Шинжлэх ухааныг ойлгуулж, таниулахад нэлээд хүч, хөдөлмөр шаардагдах байх. Учир нь, шинжлэх ухаанаас илүү монголчууд мухар сүсэг бишрэлд итгэдэг. Жишээ нь, эмчид итгэхээсээ лам багшдаа амьдралаа даатгадаг ард түмэн шүү дээ, бид чинь?

-Хүн шашин шүтэх эс шүтэх эрхтэй. Энэ бол шинжлэх ухаанч, ардчилсан нийгмийн зарчим. Гэхдээ аливааг мухар сохроор дагах нь буруу. Хүн бол нийгмийн амьтан. Физикч хүний хувьд хэлэхэд  шашин, шинжлэх ухаан хоёр зэрэг оршиж байж хүний нийгмийг бүтээнэ. Дэлхийн улс орнууд шинжлэх ухаанд,тэр тусмаа байгалийн шинжлэх ухаанд түшиглэн хөгжиж байна.  Харин шашин ёс суртахуун, ёс зүй, зөв нийгмийг бий болгоход багагүй нөлөөлдөг. Шашин өөрөө тусдаа шинжлэх ухаан. Харин ам дамжсан сургийн юманд итгэх нь мухар, сохор шүтлэг юм.

-Шинжлэх ухааны хаан нь математик, хатан нь физик гэж үг байдаг. Та цөмийн физикч хүн. Энэ салбар Монголд хэр ахицтай байна вэ?

-Монгол Улс 60 орчим жил цөмийн шинжлэх ухааны энхийн хэрэглээг хөгжүүлж байна. Бид Монголын эрүүл мэндийн салбарт цөмийн технологийн сүүлийн үеийн ололтуудыг сайн ашигладаг гэж хэлнэ. Цөмийн энергийн газрын дарга байхдаа би зогсонги хоёр толгойт спект гамма си ти ( 2 head spect gamma СT) аппаратыг нэгдүгээр эмнэлэгт суурилуулах ажлыг гардан зохион байгуулж байсан. Энэ аппаратыг суурилуулснаар эсийн төвшид гарч байгаа эвдрэлийг оношлох боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, аливаа өвчнийг эхлэл шатанд нь оношилж, эмчлэх шинэ дэвшил гарсан гэсэн үг. Түүнчлэн элэг, бөөр  зэрэг эрхтэн шижлүүлэн суулгах салбарын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран  эрүүл мэндийн салбарт олон төсөл хэрэгжүүлсэн. Хавдар судлалын эмнэлэг болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  хавдрыг эхэн үед нь хэрхэн оношлох, эмчлэх чиглэлээр ахиц гаргахад дэмжлэг болсон байх. Олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах ажилд гар бие оролцож явсандаа бахархдаг даа.

-Танай салбарт залуу боловсон хүчин цөөрсөн үү?

-Үгүй, яагаад тэгж бодов.

-Монголд физикчээр жилдээ хоёр гуравхан хүүхэд төгсдөг. Харин СУИС-ийг хэдэн арваараа төгсдөг гэсэн шүүмжлэл нэг хэсэг өрнөсөн?

-Намайг оюутан байхад манай ангид 78 хүүхэд элсч байлаа. Харамсалтай нь, бүтэц зохион байгуулалтын зарим алдаанаас болоод физикийн ангид элсэх оюутны тоо цөөрсөн юм байна лээ. Өнгөрсөн жилээс МУИС элсэлтийн шалгалтаа 700-аас дээш оноотой өгсөн,физикийн ангид элсэн сонирхолтой хүүхдийг төлбөрөөс нь бүрэн чөлөөлөх шийдвэргаргасан. Уг шийдвэр гарсны дараа МУИС-д физикийн чиглэлээр 20-иод хүүхэд элсэн сурч байгаа гэж сонссон. Ер нь МУИС-д элсч буй арван хүүхдийн нэг нь физик, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах сонирхолтой гэх судалгаа байдаг юм билээ. Хүмүүс Монголын хүүхэд залуус физик сонирхохоо больсон гэсэн буруу ойлголттой явдаг бололтой. Харин ч хүүхэд залуус физикт сонирхолтой, Монголын физикийн салбарын ирээдүй гэрэлтэй байна.

-Ингэхэд, энэ сарын сүүлээр Азийн физикийн олимпиад Монголд зохиогдоно гэсэн мэдээлэл уншсан. Физикт сонирхолтой хүүхэд, залуусын хувьд өөрсдийгөө сорьсон тэмцээн болох байх?

-Тийм, Ерөнхийлөгчийн ивээл дор Азийн физикийн 23-р  олимпиад болно. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх шинжлэх ухаан, тэр тусмаа байгалийн шинжлэх ухаанд ач холбогдол өгч, хүүхэд залуусыг сонирхлыг өдөөж байгаад талархаж байна. Гучаад орны хүүхэд залуус Монголд ирж олимпиадод оролцоно. Азийн физикийн олимпиад Монголд зохиогдохоор болсон нь манай физикийн эрдэмтдийн чанар чансааг харуулж буй нэг үзүүлэлт юм. Ази, Номхон далайн орнуудад Монголын физикчид хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Спортын тэмцээн наадмаас шал өөр нөхцөлтэйгөөр зохион байгуулагддаг юм. Монголын физикчид урьд өмнө хаана ч тавигдаж байгаагүй бодлогуудыг зохиож бодуулах ёстой. Нэг ёсондоо Монголын физикчдийг сорьж, ур чадварыг үнэлж, дүгнэж байж уг олимпиадыг зохион байгуулах эрх олгодог юм.

-Нэлээд шалгуур өндөртэй “тэмцээн” байх нь ээ?

-Спортоор бол Азийн аваргын төлөөх тэмцээн гэсэн үг. АФО-г зохион байгуулахад хүчээ өгч байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж байна. Миний хувьд, зохион байгуулах багт орж ажиллах боломж олдож, өөрийн хувь нэмрээ оруулах завшаан тохиосонд баяртай байгаа. “Дэвжээний эзэд”маань чамгүй амжилттай оролцох болов уу гэсэн хүлээлт байна.

-Монголын физикчид Азид толгой цохидог гэж та магтлаа. Гэтэл МУИС-ийг физикчээр төгссөн, танай намын гишүүн Б.Цэгмид атомын цахилгаан станцыг байнга эсэргүүцдэг. Ураны олборлолтоос болж зургаан хөлтэй ямаа гарлаа гэж суртал ухуулга хийдэг. Тэгэхээр физикч болгон шинжлэх ухаанч байдаггүй юм биш үү?

-Цэгмид яагаад шинжлэх ухааны эсрэг яваад ойлгох ухаан надад алга. Тэгээд ч ганц тэр хүнээр Монголын физикчдийг дүгнэх нь утгагүй. Ураныг эсэргүүцэгчид хаа сайгүй л байдаг.

Зургаан хөлтэй ямааны хувьд яг ураны олборлолтоос болсон гэдгийг хэн яаж баталсан юм бэ. Шинжлэх ухааны асуудал хөндөж байгаа бол нотолгоо, баримт дээр тулгуурлах хэрэгтэй. Уранаас болж мал гажиг гарч байгаа гэдэг өрөөсгөл ойлголт. Энгийн логикоор бол мал нь зургаан хөлтэй төллөж байгаа нөхцөлд хүн ч бас зургаан хөлтэй төрнө биз дээ. Урангүй бүс нутгуудад малын гаж хөгжил байсаар ирсэн, байсаар ч байгаа. Социализмын үед гаж хөгжилтэй мал ч байсан. Гаж хөгжилтэй төл төллөж байвал энэ нь малчид малынхаа эрүүл мэнд, цус ойртолтод анхаарах ёстой гэсэн дохио юм. Сургаар биш технологиор малаа эрж хайдаг, малладаг цаг үе ирчхээд байна шүү дээ. Мал маллахад, бэлчээрээ хамгаалахад  шинжлэх ухаан хэрэгтэй.

-Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд хэдэд ордог вэ. Ер нь дэлхийн ураны хэрэглээ хэр өсөн нэмэгдэж байна?

-Дэлхийд тогтоогдсон ураны нөөцийн хоёр хувь нь Монголд ногддог гэсэн судалгаа бий. Ураны эрэл хайгуулын үр дүнгээс харахад Монгол улс ойрын жилүүдэд дэлхийн батлагдсан нөөцийн таван хувийг бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоо байна.

Ураны тогтоогдсон нөөцөөрөө ч, таамаг нөөцөөрөө ч Монгол  дэлхийд тавд орох боломжтой. Нэг судалгаа саяхан уншсан юм, дэлхийн ураны хэрэглээ 2030 он гэхэд 110 мянган тонн болж өсөх юм байна. Дэлхий ураны нэг жилийн олборлолт өнөөгийн байдлаар 70 мянган тонн гэж үзвэл тэр үед 40 мянган тонны хомсдол үүсэхээр харагдаж байна. Энэ хэрээр ураны ханш дэлхийн зах зээлд ойролцоогоор хоёр дахин өсөх төлөвтэй байгаа.

-Нэг сайн мэдээ гэвэл Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ сарын 21-нд Монголд анх удаа төрийн айлчлал хийнэ. Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны нэг. Энэ утгаараа улс төрийн хувьд асар том ач холбогдолтой айлчлал болох нь дамжиггүй.  Эдийн засгийн хувьд атомын цахилгаан станц барих асуудал шийдэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа шүү дээ?

-Монголын гадаад харилцааны хувьд шинэ сэргэлтийн үе тохиож байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орны Төрийн тэргүүн Монголд айлчилж байгаа нь геополитикийн хувьд, стратеги, эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой юм. Шуудхан хэлэхэд, Э.Макроны айлчлалаас Монгол Улс нэг сумаар хэд, хэдэн туулай буудах боломжтой.

Франц улс нь Европын холбооны гол тоглогч орон тул Францаар дамжуулан Европын орнуудын итгэлийг олж, хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Цөмийн энергийн салбартаа Франц тэргүүлэгч орон. Тэр утгаараа  атомын цахилгаан станцыг Монголд барих, Монголоос уран нийлүүлэх яриа хэлэлцээ явагдах байх гэсэн хүлээлт надад байгаа. Бидэнд түүхий эд нь байна, тэд ноу-хау, техник, технологи, мөнгө нь байна.

Цөмийн станц барих, уран олборлох төслийг Монгол Улс НҮБ-ын аюулгүй байдлын гишүүн орнуудтай хамтран хэрэгжүүлэх ёстой.  Би одоогоор төрд ажиллаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ Э.Макроны айлчлалаар Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордуудад хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий зарчмыг тохирох байх гэсэн өндөр хүлээлттэй, Засгийн газарт багагүй горьдлого тавиад сууж байна.

Түүнчлэн Франц улстай соёл хүмүүнлэгийн ажиллагааг хөгжүүлэхэд том алхам болох нь гарцаагүй. Францтай цөмийн салбарт хамтарснаар гадаадын хөрөнгө оруулалт идэхжинэ, НҮБ дээр бидний “голос” нэмэгдэнэ. Улс төр талаасаа гэвэл ардчилал, хүний эрх эрх чөлөөнд асар том сурталчилгаа болно. Өнөөдрийн хувьд Монголд Оюутолгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт алга байна. Тиймээс гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд Э.Макроны айлчлал эерэгээр нөлөөлөх байх гэж найдаж байна. Монгол Улс хоёр хөрштэйгөө эн тэнцүү харилцдаг. Тэгвэл Францтай эн дүйцэхүйц харилцааг идэхжүүлэх хэрэгтэй болов уу.

-“Бадрах Энержи” компанид атомын цахилгаан станц барих зөвшөөрлийг нь олгох хэрэгтэй гэж та үзэж байгаа юм байна, тийм үү?

-Би нэг зүйлийг баттай амлаж чадна. Монгол Улс атомын цахилгаан станцтай болж байж аймшигт утаанаас сална, өөр ямар ч гарц, арга байхгүй. “Бадрах Энержи” компани бол  Франц, Монголын Засгийн газрын хамтарсан компани. Туршилтын  олборлолтоо дуусгаад үндсэн олборлолтоо эхлүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээ хүлээгдэж байгаа үетэй энэ айлчлал давхцаж буй нь ололт юм. Аль ч улсад Францын “Orano” групп орж ирснээр дагаад хөрөнгө оруулалт нэмэгддэг нь бичигдээгүй хууль болсон.

Хорь гучин жилийн өмнө Казакстан, Монгол хоёр адилхан төвшинд хөгжиж байсан. Казакстан “Orano”-тай хамтарснаар  дэлхийн ураны салбарт тэргүүлэгч орнуудын нэг том тоглогч боллоо. Эдийн засгийн хөгжлөөрөө Монголыг хол хаясан байна. Монголчууд харамсалтай нь, улстөржсөөр байгаад ард нь хаягдлаа. Тиймээс Э.Макроны айлчлал нь Монголын алдсан боломжоо атгах алтан цаг үе юм. Амандаа хийгээд залгих уу, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх үү гэдэг нь монголчуудаас шалтгаална гэсэн үг.

-Манай эх орончид уран олборлож, монголчуудыг хордуулах нь гээд эсэргүүцээд эхлэх байх даа?

-Санаатай, санамсаргүйгээр гадны гар хөл болсон хүмүүс бий. Хаанаас хэний шидсэн “чулуу” болохыг цагдаа, тагнуул нь шалгадаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол заримдаа тэдний популизмыг давж чадахгүй том төслүүд нурах нь бий. Монгол Улс газрын доорх баялгаа ашиглахгүйгээр хөгжих боломжгүй. Алт, мөнгө, газрын ховор элемент, уран, нүүрс, зэс гээд эрдэс баялгаа сүүлийн үеийн шинэлэг техник, технологи дээр үндэслэн олборлох нь чухал. Байгалийн баялгаа экспортод гаргаж мөнгө олох ёстой.

Уран олборлох  гурван үндсэн арга байдаг. Нэгд, ил уурхайн аргаар. Хоёрт, далд уурхайн аргаар. Гуравт, газрын доор уусган баяжуулах аргаар. Дэлхий дээр уран олборлож буй компаниудын 51-ээс дээш хувь нь газрын дор уусган баяжуулах аргыг ашигладаг. “Бадрах Энержи” ч энэ аргыг хэрэглэхээр технологийн туршилтаа хийсэн. Газар доор уусгах арга нь өрөмдлөг хийсний дараа өндөр даралтат усыг химийн бодистой хольж газрын гүнд шахаж, улмаар газрын гүнд байгаа ураны концентратыг буцаан сорж авахыг хэлдэг. Энэхүү арга нь ил болон далд уурхайтай адил их хэмжээний тэсэлгээ хийх шаардлагагүйгээрээ онцлог юм.

-Дэлхий дээр хэчнээн цөмийн станц ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 420 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390 мянган ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Шинээр 60 гаруй реактор  баригдаж байна. Түүнчлэн 55 оронд 250 гаруй судалгааны реакторыг судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж байна.

Цаашдаа 160 орчим реактор барихаар төлөвлөгдсөн, тиймээс одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага”-аас гаргасан байна лээ. Үүний ихэнх нь Зүүн Азийн орнууд, Хятад зэрэг улсад баригдах төлөвтэй байгаа. 2030 он гэхэд дэлхийн 48 орон цөмийн эрчим хүчийг ашигладаг болно гэж Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага тооцсон байсан.

Дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын гол асуудал нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал. Дэлхийн хүн амын өсөлт, орлогын хэмжээ эрчим хүчний эрэлтийг тодорхойлох хүчин зүйл болдог. Дэлхийн хүн ам сүүлийн 100 жилд дөрөв дахин, эрчим хүчний хэрэглээ 22 дахин өсчээ. Дараагийн 20 жилд хүн ам дахин 1,4 тэрбумаар өсч, орлого нь 100 хувь нэмэгдэх тооцоо судалгаа гарсан. "Дэлхийн эрчим хүчний агентлаг"-ийн гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийд 1.6 тэрбум хүн эрчим хүчний хомсдолтой буюу эрчим хүчээр хангагдаагүй байна.

Эндээс үүдэн эрчим хүчний хэрэгцээ шаардлага асар ихээр нэмэгдэнэ. Тэгэхээр энэ их өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг тогтвортой, найдвартай эх үүсвэрээр хангах асуудал бидэнд бас хамаатай гэсэн үг. Уранаа ашиглахаас гадна экспортод гаргах хэрэгцээ бидэнд байна. Нөгөө талдаа дэлхийн улс орнуудад уран худалдаж авах зайлшгүй хэрэгцээ улам нэмэгдэж байна.

 -Харамсалтай нь, монголчууд өнөөдөр ч цөмийн реакторыг  Чернобылийн атомын цахилгаан станцаар төсөөлдөг шүү дээ?

-Улс орнуудын өнөөдөр ашиглаж байгаа цөмийн реактор болон Чернобылийн атомын цахилгаан станц хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм. Улс орнууд 3, 4-р үеийн атомын цахилгаан станцууд барьж байна. Аюулгүй байдлын хувьд сая тохиолдолд нэг удаа осол гарах онолын магадлалтай. Манайхан атомын цахилгаан станцын тухай ойлголт, мэдлэгээ сайжруулахгүй бол хөмөрсөн тогоон дотроо үлдэнэ.

2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы Фүкүшимагийн цөмийн станцад осол гарсан. Найман баллын газар хөдлөлтөд Фүкүшимагийн цөмийн станцын гол реактор нь дэлбэрээгүй үлдсэн шүү дээ. Тэр  бол атомын цахилгаан станц 8 баллын газар хөдлөлтийг тэсэх боломжтой гэдгийг харуулсан.

Мэдээлэл муутай, мэдлэггүй хүмүүсийг айлгах нь амархан. Тийм тархи угаалт гадаад, дотоодын захиалгаар явагддаг. Монголчуудын айдас дээр тоглолт хийдэг. Атомын цахилгаан станц бол эдийн засгийн эрх чөлөөг авчирна, ардчиллыг хамгаална. Монголчууд эрчим хүчний тусгаар тогтнолын хувьд  өнөөдөр урд хойд хоёр хөршөөсөө хамааралтай хэвээр байна. Хэрэвзээ хоёр хөрш гал өгөхөө больчихвол Улаанбаатарын амьдрал зогсох эрсдэл дунд бид амьдарч байгаа. Эрчим хүч үйлдвэрлэдэг Дулааны цахилгаан станцуудынх нь ачааалал хэтэрсэн, хэзээ мөдгүй зогсож мэдэхээр болсон. Улаанбаатарыг утаа, хөрсний бохирдлоос салгах ганц арга зам бол атомын цахилгаан станц. Атомын цахилгаан станц аюултай гээд суугаад байдал утаандаа хордож үхэхээс өөр аргагүй. Агаарын бохирдлоос  болж, жилдээ хэдэн зуугаараа өвчилж, хорт хавдрын улмаас хэдэн зуугаараа амиа алдаж байна.  Улаанбаатарчууд бохир устай аквариумд амьдрахгүй гэвэл атомын цахилгаан станцыг эсэргүүцэх хэрэггүй. Нэг кг цэвэр уран 3000 тонн орчим нүүрстэй тэнцэхүйц хэмжээний энергийг ялгаруулдаг. Хоёр хөршөөсөө эрчим хүчний хараат байна гэдэг эрүүл мэндийн хувьд, эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд хараат байна гэсэн үг. Тэр тусмаа аж үйлдвэржилтийн хувьсгалыг атомын цахилгаан станцгүйгээр хийх ямарч боломжгүй.

-Монгол Улсад яг хэдэн мГв-ын атомын цахилгаан станц барьвал эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авах вэ. Хэр хэмжээний санхүүжилтээр атомын цахилгаан станцтай болж чадах вэ?

-Монгол Улс дэлхий дээр ганцаараа амьдраагүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл НҮБ-ын гишүүн улс орнууд 1997 онд Киотогийн протокол, 2015 онд Парисын хэлэлцээрээр нүүрс бага шатааж, утаа бага гаргана аа гэдэг амлалт өгсөн. Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Тиймээс Монгол Улс олон эх үүсвэрт эрчим хүчний бодлогоо эрчимжүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэгчдийнхээ тоог нэмэх хэрэгтэй. Нар, салхины эрчим хүчийг хөгжүүлэхээс гадна эдгээрээс хамгийн чухал нь атомын цахилгаан станц яаралтай барих шаардлагатай байна.  Манай улсад 300 мГв-ын атомын цахилгаан станц  барьснаар эрчим хүчний хэрэглээгээ бүрэн ханган. Ахиад 300 мГв атомын цахилгаан станцыг барих юм бол эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авна. Нэмээд 300 гВт-ын цөмийн реактор барих юм бол эрчим хүч экспортлогч орон болно. Эрчим хүч экспортод гаргана гэдэг алт экспортлохтой яг адилхан үнэ цэнтэй. Бага чадлын иймэрхүү реакторын хэмжээ нь дунджаар 23 метр өндөр, таван метр диаметртэй байдаг. Нийт талбайн хэмжээ нь 100: 80 метр орчим байх болов уу. Баригдах хугацаа нь 2-3 жил, бүтээн байгуулалтын өртөгийн хувьд 1КВт тутамд 3000 ам.доллар шаардагддаг, барилгын бүтцээсээ хамаараад 900 саяас таван тэрбум орчим ам.долларын өртөгтөй байдаг.

-Шар нунтаг гаргасан орон хаягдлаа буцааж авдаг гэсэн ойлголт монголчуудад байдаг. Иргэдийн хувьд гол "айдас" нь энэ байна?

-Цөмийн хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэхээс гадна плутоны зэр зэвсгийн түүхий эд гаргаж авахад ашигладаг. Тэгэхээр монголчууд хүссэн ч цөмийн хаягдал олдохгүй, хүсээгүй ч Монголд олдохгүй болсон. Өөрөөр хэлбэл цөмийн хаягдал гэдэг нь өөрөө түүхий эд болж хувирсэн. Нэмээд тайлбарлахад, олон улсын дүрэм журамд уран борлуулж буй улс цөмийн хаягдлаа буцааж авах тухай зүйл заалт огт байдаггүй. Цөмийн хог хаягдлын менежмент, булшлах хариуцлагыг тухайн хаягдлыг үйлдвэрлэгч улс бүрэн хариуцдаг юм. Тиймээс шар нунтаг өгөөд оронд нь цөмийн хаягдал авна гэсэн айдаснаасаа бүгдээрээ салах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж