Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.17/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.
Өнгөрсөн оны аравдугаар сард өвдгөндөө хагалгаа хийлгэснээс хойш гурван башё дараалан өнжөөд байсан ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёг тун өнгөтэй эхлүүлж байна. Тэрбээр өчигдөр Тобизарүг дийлснээр дөрвөн даваа, нэг ч унаагүй башёг тэргүүлсээр үлдлээ.
Түүнтэй ижил дөрвөн даваа, нэг ч унаагүй сэкивакэ Вакамотохарү, сэкивакэ Дайэйшо, Мэйсэй, озэки асан Асанояама нар байна.
Озэки цолонд ойрхон ирсэн сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн өчигдөр Нишикифүжиг давж, гурав дахь даваагаа авлаа. Одоо түүнд долоон даваа үлдэж байна. Харин сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн Абиг давж, мөн гурав дахь даваагаа авжээ.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Хокүсэйхо Э.Даваанинж, Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар өрсөлдөгчөө буулган авч, Тамаваши Б.Мөнх-Оргил, Азүрмарюү С.Тодбилэг нар өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ