Технологийн хөгжлийн эринд улс орнууд хиймэл оюун ухааныг хэрэглээнд нэвтрүүлэхээр өрсөлдөж эхэлсэн. Үүнээс үүдээд зарим мэргэжлүүд ирээдүйд хиймэл оюун ухаанаар гүйцэтгэгдэх тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ Европын холбоонд хэдийнэ орчуулагчдыг хиймэл оюун ухаанаар орлуулж эхлээд байгаа тухай онцолж байна.
Европын холбооны орнуудын хэлийг хурдтайгаар "эзэмшиж" чаддаг өндөр технологийн машинууд тус байгууллагад ажиллаж буй олон зуун орчуулагчийг орлож эхэлжээ. Улмаар Брюсселийн олон хэлээр ярьдаг байгууллагуудын хамгийн том, хамгийн эртний хэлтсүүдийн нэгийг цомхотгосон байна. Хиймэл оюун ухааны шинэ шинэ хэрэгслүүд цаашид ч хүнийг бүрэн болон хэсэгчлэн орлох боломжтой учраас энэ бол зөвхөн эхлэл.
Европын холбоонд орчуулагч нар онцгой байр суурийг эзэлсээр ирсэн. Учир нь тэд албан ёсны текст бүрийг Европын холбооны 24 албаны хэл дээр орчуулах ёстой байдаг. Гэвч цаашид үүнийг хүмүүс дангаар гүйцэтгэхгүй болжээ. Европын зөвлөлийн мэдээллээр, орчуулгын ажилд технологийг ашиглах нь өргөжсөнөөр тус институтын орчуулгын хэлтэс сүүлийн 10 жилийн хугацаанд 17 хувиар цомхон болсон байна. Мөн энэ хугацаанд гадаад эх үүсвэрээс орчуулгын үйлчилгээ авах байдал 26-37 хувиар өссөн гэв.
Европын холбоонд бүх насаар орчуулга хийсэн хүмүүс тоостой толь бичгүүдийг эргүүлж, их хэмжээний бичиг баримт шивэхэд ихэнх цагийг өнгөрөөж байсан хуучин цагаа дурсдаг. Орчин цагт интернэт, технологийг ашигласнаар орчуулагч нар илүү цаг хэмнэх болсон гэдгийг ахмад орчуулагч Маркус Фоти ярьжээ. "1999 онд би ихэнх цагаа номын санд толь бичиг, хуучин хэл бичгийн ном эргүүлж холбоотой текст хайсаар өнгөрүүлдэг байсан бол одоо зөвхөн орчуулгаа хийхэд л цагаа зарцуулдаг болсон" гэж тэрбээр "POLITICO" сайтад ярьжээ.
Гэхдээ орчуулагчийн мэргэжил бүрэн устана гэдэгтэй мэргэжил нэгтнүүд санал нэгдэхгүй байна. Хэдийгээр орчуулгын ажилд хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн ч хүний зайлшгүй үйл ажиллагаа шаардагдсаар байх болно гэж үзэж тэд үзэж байна. "Дэлхий өөрчлөгдөж байна. Орчуулга ч үүнээс хоцрохгүй. Хэдийгээр автомат орчуулга орчуулагч нарын ажлыг хөнгөлөх боловч бүрэн орлохгүй. Хүний нягтлан шинжлэх ажиллагаа үргэлж шаардагдана" гэж 2013 онд орчуулгын технологийг нэвтрүүлэх ажлыг удирдаж байсан комиссын ажилтан асан Спиридон Пилос тайлбарлав.
ОРЧУУЛГА ХЭРХЭН ДИЖИТАЛ БОЛСОН БЭ?
2000-аад оны эхээр шинэ гишүүн орнууд Европын холбоонд элсэж, эцэст нь албан ёсны хэлний тоог 24 болгон нэмэгдүүлснээр орчуулгын шаардлага огцом өсөхийн хэрээр илүү үр дүнтэй хэрэгслүүдийг боловсруулж эхэлсэн байна. Зүүн Европоос шинээр элсэгчдийн хэл дээр ажиллахад тохиромжгүй байсан тул Европын зөвлөл орчуулгын хуучин системээ өөрчлөх шаардлагатай болжээ. "Энэ нь шинэ хэлний толь бичиг, хэл бичгийн дүрэм, хувиргалтын дүрэм зэргийг үүсгэх дүрэмд суурилсан систем байсан. Тиймээс энэ нь маш төвөгтэй, ачаалал ихтэй байсан" гэж Европын зөвлөлийн орчуулгын хэлтсийн мэдээлэл зүйн албаны дарга Дитер Раммел тайларлав. Улмаар орчуулгын хэлтсийн ачаалал 2013 онд 2 сая орчим хуудас байснаа 2022 онд 2.5 сая болж нэмэгджээ. Харин 2013 онд анх гаргасан датад суурилсан хэрэгсэл нь дөрвөн жилийн дараа илүү боловсронгуй, илүү сайн орчуулгын системээр солигдсон байна. Энэ нь үгийн дарааллыг урьдчилан таамаглахын тулд хиймэл оюун ухааны сүлжээ буюу мэдрэлийн эсийг дуурайсан бүтэцтэй компьютерийн зангилааг ашигладаг. Эдгээр дэвшилтэт хэрэгслүүд нь цөөн ажилтан Европын холбооны өргөн хүрээтэй хууль тогтоомжийн дийлэнх хэсгийг орчуулах боломжийг олгодог тул санхүүгийн хэмнэлттэй болж ирсэн байна.
Гэхдээ орчуулагч нарын хувьд бол энэ таагүй шилжилт болсон. Орчуулгын хэлтсийн бүтэн цагийн ажилтны тоо 2013 онд 2450 орчим байсан бол 2023 онд 2000 хүрэхгүй болж буурсан байна. Мөн энэ хугацаанд орчуулагчдын дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, ядаргаанд орох тохиолдол ихээр өссөн тухай Европын холбооны ажилчдыг төлөөлдөг "Renouveau et Démocratie" үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Криштиану Себастьяни мэдэгджээ. Энэ нь орчуулгыг автоматжуулалттай холбоотой ажлын хэт ачаалал, гүйцэтгэлийн дарамттай холбоотой гэв. Үүнээс гадна сүүлийн 10 жилд орчуулгын хэлтэс гадаад эх үүсвэрийг ашиглах нь ажлын ачааллыг дагаад нэмэгдсэн байна. Тодруулбал, Европын зөвлөлийн орчуулгын зардал 2012 онд 26.5 сая евро байсан бол 2023 онд 35.8 сая евро болж өссөн нь гадаад эх үүсвэрийг ашиглах нь эрс нэмэгдсэнтэй холбоотой. "Олон хэлийг хамгаалах тэмцэл нь амар биш. Учир нь энэ маш үнэтэй байдаг" гэж Криштиану Себастьяни тайлбарлажээ.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД ЗОХИЦСОН АМЬДРАЛ
Орчуулгын хэлтэс дэх анхан шатны ажлын байрыг цомхотгосны дээр автоматжуулалт ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаад залуу орчуулагчид дургүйцэж байна. Мөн тэтгэвэрт гарах хүмүүс тэднийг орлох ажилтнуудаас олон байгааг ч тэд хэлж байна. Европын зөвлөлийн мэдээллээр 2013 онд жилд 112 орчуулагчийн шинэ ажлын байр зарлагддаг байсан бол 2022 онд 59 болж буурчээ. Ингэснээр өсөх ирээдүйтэй орчуулагч нар Брюсселийн байгууллагуудад ажилд ороход хүндрэлтэй болжээ. Гэхдээ бүх хүн орчуулагчдын ирээдүйн талаар сөрөг бодолгүй байна. Зарим хүмүүсийн үзэж буйгаар орчуулга бүрэн автоматжсан ч тодорхой үйлдлийг хүн гүйцэтгэх шаардлагатай гэж үзжээ. "Орчуулга бол маш хариуцлагатай ажил. Үр дүнд нь хариуцлага хүлээх хэн нэгэн заавал байх ёстой.
Өдгөө Европын холбооны орчуулагч нарын өдөр тутмын ажил нь автомат орчуулгын алдааг олж илрүүлэх, машинаар орчуулсан бичвэрүүдийг албаныхны ярианд тохируулахад төвлөрч байгааг тэд онцолж байна. Ингэснээр орчуулгын дараах редакторын ажил илүү чухал болж ирсэн байна.
Холбоотой мэдээ