Пепийн хөвгүүд аваргуудад хичээл зааж, финалд шалгарлаа

Пепийн хөвгүүд аваргуудад хичээл зааж, финалд шалгарлаа

Пепийн хөвгүүд аваргуудад хичээл зааж, финалд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хагас шигшээ шатны хариу тоглолтууд боллоо.


МАНЧЕСТЕР СИТИ 4 – 0 РЕАЛ МАДРИД

Нийлбэр дүн: 5 – 1

УЕФА Аваргуудын лигт 14 удаа түрүүлж, бараг л өөрсдийн нэрэмжит тэмцээнээ болгосон Испанийн Реал Мадрид урд шөнө манантай, бороотой Англид зочлон тоглолоо. Эхний тоглолт нарлаг Мадридад болоход талбайн эзэд 1-1 гэсэн харьцаатай тэнцэж, хүчирхэг өрсөлдөгчөө торгоож чадсан. Харамсалтай нь хариу тоглолт тэс өөр дүр зургаар өрнөж, Пепийн хөвгүүд өрсөлдөгчөө талбай дээрээ бут ниргэлээ.

Энэ улирлын турш онцгой байгаа Манчестер Сити аваргаа хамгаалагчдын хаалганд дөрвөн гоол оруулав. Ингэхдээ Бернардо Силва хоёрыг, Мануэль Аканжи болон Хулиан Альварез нар тус тус нэгийг Тибо Куртуагийн хаалганд шигтгэсэн. Үнэндээ дөрвөөс их гоол орох боломжтой байсан ч Тибо зангараг харуулан өрсөлдөгчийнхөө аюултай довтолгоонуудыг няцаасан юм.

Энэхүү тоглолтод Эрлин Холанд гоол оруулах олон боломжийг үүсгэж чадсан ч “юм” болгож чадаагүй. Харин Хулиан Альварез сэлгээгээр талбайд гараад удалгүй хаалганы торыг хөдөлгөж чадсан.

Ийнхүү Манчестер Сити түүхэндээ хоёр дахь удаагаа УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарч байна. Тэд 2021 онд финалдсан ч Челсид хожигдож, ганзага хоосон буцаж байлаа. Харин одоо дахин гарч ирлээ. Энэ удаад тэдэнд Эрлин Холанд гэх гоолын машин бий. Мөн тэдний өрсөлдөгч Италийн Интер Милан. Гэхдээ Интерийн түүх, багийн өв соёлд ялагчийн сэтгэхүй байгаа гэдгийг үл мартаж болно.

Тоглолтын дараа Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиола “Өнгөрсөн улирал Реал Мадридад хожигдох үнэхээр хэцүү байсан. Хүмүүс манай тамирчдын сэтгэл зүй, зан характерийн талаар их ярьсан. Харин нэгхэн жилийн дотор бид ямар онцгой баг вэ гэдгээ харуулж чадлаа” гэв.

Тэгвэл Реал Мадридын босс Карло Анчелотти “Сити илүү тоглолоо. Тэд цааш шалгарах эрхтэй. Тэд тоглолтын эхнээс л биднийг шахлаа. Тиймээс бид хүссэн тоглолтоо үзүүлж чадсангүй. Өнөөдрийн тоглолтод шинжилгээ хийнэ гэдэг зохимжгүй. Үнэхээр хүнд хожигдол. Хэцүү байна. Гэхдээ энэ бүхэн хөлбөмбөгт тохиолддог. УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд, өрсөлдөгч баг чинь ийм сайн тогловол финалд шалгарна гэж бодоод ч хэрэггүй” гэжээ.

Харин Тибо Куртуа “Ситигийн тоглолт биднийг гайхшруулаагүй. Тэднийг ингэж тоглоно гэдгийг мэдэж байсан. Тэд бидний тоглолтыг гаргаж, зүгээр бөмбөг өгөхгүй нь мэдээжийн хэрэг. Бид хариу шахалт үзүүлнэ гэж төлөвлөж байсан. Завсарлагаанаар тоглолтыг эргүүлнэ гэж талбайд гарсан ч дамжуулалтууд маань оновчтой, цэвэрхэн байж чадсангүй. Энэ л биднийг хожигдолд хүргэлээ” гэж ярьжээ.

УЕФА Аваргуудын лигийн финал ирэх зургадугаар сарын 10-ны өдөр Истанбул хотноо Манчестер Сити болон Интер Милан багуудын хооронд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-18 150.129.143.104

Аваргуудын лигт түрүүлэх хувьгүйл дээ энэ клуб

Avatar

Нэргүй 2023-05-18 202.126.90.72

Сурдгаа сураад хийдгээ хийчихсэн баг шүү дээ

Avatar

Зочин 2023-05-18 202.126.90.9

Хичээл заалаа энэ тэр нь ч юу юм бэ, зүгээр илүү байсан нь хожлоо, Сити Интерт нухуулаад уйлах ч хэцүү, дуулах ч хэцүү болж баларч мэдэх л байх шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж