Хятадын энхийн зуучлагч Украинд очжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

Хятадын энхийн зуучлагч Украинд очжээ

Хятадын энхийн зуучлагч Украинд очжээ

Хятадын засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуй тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Украинд очиж, Ши Жиньпиний санаачилсан энхийн төлөвлөгөөний талаар ярилцжээ. ОХУ-д 10 жил Элчин сайдаар ажилласан гэдгээрээ алдартай Ли Хуйг Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хүлээн авч уулзсан байна.

Түүний айлчлалыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон Хятадын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд утсаар ярих үеэрээ тохиролцсон аж. Тодруулбал, Хятадын талаас тусгай төлөөлөгчөө Украинаас гадна Орос, Польш, Франц, Герман зэрэг бусад улс руу илгээж, дайныг зогсоох талаар хэлэлцээ хийхээр тохиролцсон юм. 

"Талууд Украин, Хятадын хоёр талын түвшинд болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, тэр дундаа Оросын түрэмгийллийг зогсоох арга замын талаар ярилцсан" гэж Кулеба мэдэгжээ. Тэрбээр Хятадын тусгай төлөөлөгчдөд Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр тогтвортой, шударга энх тайвныг сэргээх зарчмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн Украин газар нутгаа алдах нөхцөлтэйгөөр дайныг царцаах ямар ч саналыг хүлээж авахгүй гэдгийг тэрбээр онцолжээ.

Украины ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энх тайвны томъёолол, Хар тэнгисийн үр тарианы санаачилгыг хэрэгжүүлэх, цөмийн аюулгүй байдлыг хангах болон олон улсын бусад чухал хүчин чармайлтад Хятад улс оролцох шаардлагыг сайд онцлон тэмдэглэв. Талууд Украин, Хятадын хоёр талын харилцааг урт хугацаанд хөгжүүлэх талаар тус тусад нь ярилцаж, хоёр талын болон олон улсын мөрийн хөтөлбөрийн гол асуудлаар яриа хэлэлцээг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 

Ли Хуй нь Хятад улсаас ОХУ-д суух Элчин сайдаар 2009-2019 оны хооронд ажилласан.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж