Сурвалжлага: Барилгагүй, хандивын мөнгө ч үгүй театр

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Барилгагүй, хандивын мөнгө ч үгүй театр

Сурвалжлага: Барилгагүй, хандивын мөнгө ч үгүй театр

Өдгөө 75 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Тасганы овоонд театрын шинэ барилга барихаар олон нийтээс их хэмжээний хандив цуглуулсан. Гэвч өнөөдөр хандивын мөнгө ч үгүй, театр ч үгүй болоод байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа Хүүхэлдэйн театрын барилгын асуудлыг хөндөж байна.

Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын  хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. Улсын байгууллага учраас байрны түрээс төлдөггүй байна. Хуучны барилга учраас өвөл, зунгүй сэрүүн, халаалт муутай байдгийг ажилчид нь хэлж байв. Хана туурга нь цуурч, тухай бүрт нь засвар хийгээд ч нэмэргүй болсон талаар театрынхан учирлана.

Хүүхэлдэйн театрын захирал М.ОТГОНЧИМЭГ:

-Манай театр байгуулагдсан цагаасаа өөрийн гэсэн байргүй өдийг хүрлээ. Анхны үйл ажиллагаагаа наадмын талбайд явуулж, хуучны Төмрийн завод гэх мэт барилгуудад байрлаж байсан. Сүүлд 1959 онд одоогийн Улсын драмын эрдмийн театрын байрандаа нүүж ирсэн. Шинэ барилгын асуудлаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд албан ёсны барилгын зургийн тендерийг зарласан. Одоо шинэ барилгын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Ирэх зургадугаар сард зураг нь эцэслэгдэх байх. Тиймээс 2023 оны наймдугаар сараас улсын төсөвт барилгын ажлыг тусгахаар ажиллаж байна.

Соёлын яам захиалагч талаас ажиллаж байна. Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн 2020 оны шинэ жилийн баяраар Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулж, олон нийтээс хандив цуглуулсан. Тэр үед хүмүүст танилцуулсан зураг төслийг үндэслэж, “Скай лайн” компани 1.3 тэрбум төгрөгөөр иж бүрэн зураг хийж байгаа. Албан ёсоор барилгын зураг гарсны дараагаар газар дээрээ хашаа татаж эхэлнэ" гэв.

Мөн тэрбээр "Үнэндээ анх Хүүхдийн төлөө фондыг сэргээхдээ хүүхдийн төлөө бүтээн байгуулалт тэр дундаа Хүүхэлдэйн театр барина гэж байгуулсан. Гэтэл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу нэршил нь Хүүхдийн төлөө сан болж өөрчлөгдөж, шилжсэн. Тухайн хандивын мөнгөнөөс театрын барилгыг босгоход тодорхой хэмжээний мөнгийг нь зарцуулах боломжтой гэж бодож байна" гэсэн юм.

Гэтэл Хүүхэлдэйн театрын барилгыг хандиваар бус улсын төсвийн хөрөнгөөр барихаар болжээ. Соёлын яамнаас анх 2023 оны улсын төсөвт тусгахдаа 1.3 тэрбум төгрөгийг зураг төсөлд төсөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, “Sky Line” компани шалгарсан байна.

ТЕНДЕР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД “SKY LINE” КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ

Соёлын дэд сайд М.БАТБАЯР:

-Хүүхдийн төлөө фондыг сэргээж, манай уран бүтээлчид тоглолт хийж, олон нийтээс хандив цуглуулсан. Хандиваар 2.2 тэрбум төгрөг цугларсан. Бид энэ мөнгийг Засгийн газрын тусгай сан буюу ХНХЯ-ны дэргэдэх Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгч, мэдээлэл хийсэн. Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй, драмын театрын  хурлын танхимд үйл ажиллагаагаа явуулдаг. Яг одоогийн байдлаар Хүүхэлдэйн театрын зураг төслийн ажлыг хийгээд дуусч байна.

Одоо батлаад, 2024 оны улсын төсөвт тусгахаар зорьж байна. Анх 2023 оны улсын төсөвт тусгахдаа 1.3 тэрбум төгрөгийг зураг төсөлд төсөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, “Sky Line” компани шалгарсан.

Хотын удирдлагаас Тасганы овоонд 1.7 га газар дээр Хүүхэлдэйн театраас гадна түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн номын санг бас байгуулна. Шинэ барилгыг улсын төсвөөр барина. Хүүхдийн төлөө сангийн мөнгө одоо долоо орчим тэрбум төгрөг хүрсэн гэсэн. Энэ мөнгөнөөс Хүүхэлдэйн театр, номын сан барихад ашиглах талаар хариултыг өгөх боломжгүй. Салбарын яамнаас нь тодруулсан нь зөв байх" гэдэг хариултыг өгөв.

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 150 ХҮНИЙ СУУДАЛТАЙ,  31 ХҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Соёлын яамнаас танилцуулсан Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборын загвар зургийг та харж байна. Чингэлтэй дүүргийн V дугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах энэ цогцолборын бүтээн байгуулалт 2021 оны хавар эхэлнэ гэж төлөвлөж байв.
Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ.
Хүүхэлдэйн театр нь 600 хүүхдийн суудалтай их танхим, 150 хүүхдийн суудалтай бага танхимтайгаас гадна 5D танхим, энтертайнмент төв, хүүхэлдэйн музей болон дулааны улиралд ашиглаж болох задгай театртай төлөвлөгдсөн байна.

Хүүхэлдэйн театр нь өнөөдөр 150 хүний суудалтай,  31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид 2021 оноос эхлэн Соёл урлагийн их сургуультай хамтран мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчин гэсэн мэргэжлээр элсэлт авч, ажлын байраар хангаж байгаа. Тэрнээс өмнө энэ мэргэжилтнүүдийг Монголд бэлтгэж байгаагүй, Засгийн газраас хуучны ЗХУ, Чех улсад бэлдэж байжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж