МАН-ын “шахаа”-ны хүмүүсийг ажилтай болгох зорилгоор Соёлын яамыг байгуулсан тухай хэл ам гарсан ч тэгсгээд намжсан. Гэвч энэ үг оргүй бишийг сануулах мэт будилааны эзэн гэгддэг Ч.Энх-Амгалан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Тэрбээр 2010 онд буюу С.Батболдын Засгийн газрын үед Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байв. Дараа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга болсон. Тэнд тааламжгүй байсан уу, эсвэл өөр шалтгаан гарсан уу, Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга болж, ажил алба нь гэнэт өөрчлөгдсөн. Гэвч тус яаманд мөн тогтоогүй. Тогтоогүй шалтгааныг нь будилаан хутгаж, явсан гэх нь бий. Харин өнгөрсөн жилээс тэрбээр Соёлын яаманд ирж, Төрийн нарийн бичгийн даргын алба хаших болжээ.
Хуулиараа яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалтаар тодруулан томилдог. Одоогоор тэрбээр үүрэг гүйцэтгэж байгаа тул сонгон шалгаруулалтад ороогүй гэж тодорхойлж болно. Гэхдээ яагаад хүнсний чиглэлээр ажиллаж байсан хүн соёлын асуудал хариуцах болов гэдэг нь анхаарал татаж буй.
Нөгөө талдаа “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албанд мэргэжлийнхээ дагуу ажил, алба хашаагүй бол шаардлага хангаагүй үндэслэлээр халж буй. Нийтдээ Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр 8000 орчим хүнийг чөлөөлнө гэдгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Гэтэл энэ том шүүлтүүрийнх нь хаагуур Ч.Энх-Амгалан өнгөрөв гэмээр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан шигээ сууж байна.
Сануулахад, Соёлын яам байгуулагдсаны дараа буюу 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаас тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг томилсон. Харин жилийн дараа 2021 оны есдүгээр сард “Хаан бууз сүлжээ” компанийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунбилэгийг томилж байв. Төрд алба хашиж байгаагүй хүнээр Төрийн нарийн бичгийн даргаар томилж, Төрийн албаны хуулийг зөрчлөө гэх шүүмжлэл өрнөснөөр С.Оюунбилэг нь чөлөөлөгдсөн гэх нь бий. Харин Цар тахлын тухай хуулийн хэрэгжилт дууссанаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах ёстой ч “шахаа”-ны хүмүүсээ байлгах сонирхол нь давамгайлдаг уу, эсвэл өөр шалтаг шалтгаан нөлөөлдөг үү, түр орлон гүйцэтгэгч нэрийн дор алба хашин, суудал бөглөж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ