ЖАВАРТАЙ ТЭНГЭРИЙН ХАЯА УЛААН…
Дэлхий дулаараад байна гэх. Гэтэл нар буцахад ердөө сар үлдсэн байхад Монгол сэрүүхэн.
Уулын цастай хамт хүний мөс хайлжээ. Уур амьсгал сэрүүхэн. Улстөрчдийн амьдрал халуухан. Эрх баригчдын инээж байгаад баясгалантай танилцуулах эдийн засгийн үзүүлэлтүүд өсөөд, иргэдийн халаас хоосроод л… Хаашаа ч юм бүү мэд, урсгалаараа урсаад л, дурсамжаа дурсаад л байдаг. Бид уруудаад, унаад л байдаг. Тэд дэвжээд л, дэвслээд байх.
Нийгмийн байр байдал ууртай, уцаартай, загнисан, зандарсан, өширхсөн, хорссон, жөтөөрхсөн, атаархсан хүмүүс. Амьдрал уруудаад байхад “Сайжирч байна” гээд байхаар барьснаараа телевизээ байлгачихмаар, утсаа шидчихмээр. Эсэргүүцлээ илэрхийлэн жагсчихвал гадны тагнуул, тусгай албадын гар хөл… Өөр зорилготой, үндэсний дайснууд мэтээр харлуулах нь энүүхэнд.
Сангийн сайдынхаар бол сайжирч байгаа гэнэ.
Оны эхний дөрвөн сарын хугацаанд улсын нэгдсэн төсөвт 7.1 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн бол төсвөөс 5.6 их наяд төгрөгийн зарлага гарчээ. Төсвийн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойших дөрвөн жилийн хугацааны хамгийн сайн үзүүлэлт боллоо гэнэ. Гэтэл юунаас хэрхэн өсөв гээд харвал улсын нэгдсэн төсвийн орлого өсөхөд орлогын албан татварын орлого 74.2 хувиар, нийгмийн даатгалын орлого 30 орчим хувиар, НӨАТ-ын орлого 21.4 хувиар өссөнтэй холбоотой аж.
Татварлаад л, торгоод байгаа хэр нь зарлага нь түүнтэй дүйгээд байгаа үзүүлэлт. Бид өнөөдөр 30 орчим хувийн татвар орлогоосоо төлдөг бол худалдан авалт хийх болгондоо дахиад 10 хувийн НӨАТ төлөөд 2 хувийг нь буцааж авдаг. Нийлүүлээд тооцвол 38 хувийн татвар төлөөд байна. Гэтэл улсын нэгдсэн төсвийн зарлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар буюу 5.6 их наяд төгрөгийн зардал гаргажээ. Хамгийн хөгийн нь үүнээс хөрөнгийн зардал 671.2 тэрбум төгрөг болж, 1.9 хувиар өссөн бол хүүгийн зардал 4.1 нэгж хувиар өсжээ. Төрийн хөрөнгө 54 их наядаасаа дахиад нэмэгдсэн гэсэн үг. Төр өмчтэй байснаар ашиггүй төдийгүй зардал гаргадаг. Зардал гаргахдаа зээл тавьдаг. Хүүгийн зардал нь жилээр биш улирлаар өсөөд буй үзүүлэлт. Төрийн хөрөнгө зузаараад байгаа нь түүний зардлыг төсвөөс төлж, баялаг бүтээж бус зээл тавьж, мөнгө хэвлэж, инфляц өсгөж, бидний амьдралд дарамт болсоор байна. Бид бараг 40-өөд хувийн татвар орлогоосоо төлж байхад тэр тоолонгоор төрийн хөрөнгө нэмэгдээд байна гэсэн үг. “Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна” гэж мангартуулсан мөрийн хөтөлбөр нь амьдрал ингэж л хэрэгжиж. Ичих ч үгүй, “Иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж” байна гэж буй Их хурлын даргатай байхад “Мөрийн хөтөлбөр маань 10 хувь биеллээ” гэж чадах л улс. Хүүхдийн мөнгөний олголтоос хасагдсан байдлаар бол бид чинь бултаараа баяжсан улс…
ЖАРГАЛТАЙ ХАТНЫ ХАЦАР УЛААН…
Иргэдийн амьжиргаа уруудаад байхад УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж буй 2024 онд улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын хэмжээ энэ оны батлагдсан төсвөөс 11-12.3 хувиар өсгөх тооцоо гарчээ. Хэдхэн жилийн өмнө найман тэрбумын төсөвтэй байсан улс ирэх жилд 40 их наядаар яригдах нь тодорхой болж байна. Харин төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8-3 хувьд барихаар байгааг Сангийн яам мэдээллээ. Өөрөөр хэлбэл бас л их наядаар яригдана гэсэн үг. Сонгуулийн жилд шоугаа хийхийн тулд татвар, торгуулиар мөнгийг нь хураагаад тэтгэвэр, тэтгэмж нэрээр мөнгө хэвлэх тараах нь тодорхой болсон гэсэн үг. Ингэхдээ хүүхэд хуурч байгаа юм шиг 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон байх жишээтэй. Хятад, Австралийн харилцаа сайжирч Монголын нүүрсийг тоохооргүй их хэмжээгээр татан авалт хийж буйг эдийн засагчид шогширч сууна. Тийм байхад яаж 50 сая тонн нүүрс машиндах тухай мөрөөдөөд сууж байна. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, Д.Бүүвэйбаатар нарын гэрээс л гэхэд 700 сая төгрөг хураан авсан байж болзошгүй мэдээлэл цацагдлаа. Төрийн байгууллагын хурган дарга нарын гэрээс тэрбумаар тооцогдох хөрөнгө хураах нь элбэг болсон энэ сүртэй сонсогдохгүй байж мэднэ. Гэхдээ төсвийг данхайлгаж, түүнээс хэн хэрхэн баяжиж буйн үгүйсгэх аргагүй үнэн гэвэл энэ.
ЖАРТГАЙ ХҮНИЙ НҮД УЛААН
Төрийг данхайлгах нь ямар гай тарьж буйг бид бүгдээрээ л харж сууна. Түүний тод жишээ нь доорх судалгааны дүн.
Хэдийгээр хоёр жилийн өмнө үзүүлэлт ч үүнээс улам дордсон гэдгийг энэ жилийн эхний улирлын төсвийн үзүүлэлт хэлээд өглөө. Хоёр жилийн өмнө 9,3 их наядын зарлага гаргаад 705 тэрбум төгрөгийн ашиг олдог байсан бол өнгөрсөн жил хэд болж өссөнийг харьцуулах тоо алга. Гэхдээ нэг тоо бий нь энэ оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оныхоос төрийн хөрөнгийн зардал 671.2 тэрбум төгрөг болж өсчээ. Үүний сөрөг талд нь таны цалин нэмэгдээгүй, бас буураагүй хэр нь өмнөхөөсөө бага зүйлсийг худалдан авдаг болсонд л байна. Дээр нь ломбард, банк бустай найзлаагүй нь ховор. Өнөөдөр төрийнхөн, эрх баригч намынхан л мөнгө байна. Харин иргэдэд өр л байна. Цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй гадаадын зорьж, ажил хаялт зарлаж байна.
Холбоотой мэдээ