Солонгос залуус хурдтай амьдрахыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

Солонгос залуус хурдтай амьдрахыг хүсэхгүй байна

Солонгос залуус хурдтай амьдрахыг хүсэхгүй байна

Гудамжны хоол, гоо сайхны төвүүд, тасралтгүй холхих хүн зоныг нь харвал Өмнөд Солонгос бол зогсолтгүй ажилладаг улс. Нойр гэдэг зүйл хүний амьдралд хамгийн чухал. Энд 24 цагийн кофе шопууд олон байхын зэрэгцээ нэг цаг дугхийгээд авах зориулалттай газар, мэргэжлийн нойрны эмнэлэгүүд ч бий.

37 настай Пак Мижин оройн 22:00 цагийн орчимд “Seoulism” кофе шопоор үйлчлүүлсэн. Тэрбээр “Бид бол кофенд донтсон нийгэм. Солонгосчууд аливааг хурдан хийдэг онцлогтой. Үүнийг бид ппалли ппалли гэж хэлдэг. Энэ нь хурдан, хурдан гэсэн утгатай үг. Энэ нь манай нийгмийн хурдыг тодорхойлж болох үг” гэж ярьжээ.

Өмнөд Солонгос улс нь Солонгосын дайны дараа буюу 1953 онд дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг байсан. Харин 70 жилийн дараа 51.8 сая хүн амтай болж, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 13 дугаарт орох том эдийн засагтай орон болсныг Олон улсын валютын сан мэдээлжээ.

Тэгвэл тус улсад өнгөрсөн гуравдугаар сард хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал болов. Ялангуяа 20 сая хүн амтай Сөүл хот болон өмнөд эргийн Пусан хотод илүү олон хүн цугларсан байна. Энэ хоёр хот нь нийлээд Өмнөд Солонгосын хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг. Олон мянган залуу хүнийг эгнээндээ нэгтгэсэн уг жагсаал нь ерөнхийлөгч Юн Сук Ёлын консерватив засгийн газраас дэвшүүлсэн хөдөлмөрийн шинэчлэлийн хариу үйлдэл байв. Тодруулбал, эрх баригчид ажлын цагийн дээд хязгаарыг 52-69 болгон нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн.

Илүү цагаар ажилласныхаа хариуд ээлжийн амралтаа илүү урт хугацаатай эдэлж болно гэжээ. Гэвч энэ санал нь амьдралаас хол гэж Хөдөлмөрийн яам мэдэгдсэн. 2020 онд 10 ажилчин тутмын дөрөв нь амралтаа бүтэн авчээ.

Энэ журам нь таван өдөр дарааллан өглөөний 09:00 цагаас шөнө дунд хүртэл ажиллахыг хуульчилж байна гэсэн үг юм. Тиймээс ажилчдын эрүүл мэнд, амралтын талаар огт бодоогүй шийдвэр гэж БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгджээ. Түүнчлэн Солонгосын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн хөндөж тавьсан өөр нэг асуудал бол хүйсийн тэгш байдал байв. Тодруулбал, эрчүүд хүүхэд асрах үүргээс ангид олон цаг ажилладаг бол эмэгтэйчүүд бүхнийг хийхээс өөр аргагүй болно гэж үзэж байна.

Ийнхүү иргэдийн эсэргүүцэл хүчтэй байсан тул Өмнөд Солонгосын засгийн газар хөдөлмөрийн шинэчлэлийг дахин авч үзэх шаардлагатай болсон. Олон нийттэй, тэр дундаа залуу үетэй илүү сайн ойлголцож харилцах арга замыг эрэлхийлнэ гэдгээ консерватив засгийн газраас мэдэгдээд буй.

Гэвч эцэстээ засгийн газар өнөөх л анхны саналаа дахин дэвшүүлж магадгүй гэж иргэд болгоомжилж байна. “Бид тэдэнд итгэхгүй байна. Тэд энэ шинэчлэлтээ дахин батлах гэж оролдох вий гэж айж байна” гэж иргэн ярьжээ.

Эсэргүүцлийн жагсаал урьд хожид байгаагүйгээр амжилтад хүрсэн ч ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал зай байна гэдгийг анхаарууштай. Дараагийн сонгууль 2027 онд болно.

Мөн энэхүү эсэргүүцлийг харахад насны ялгаа асар их нөлөөлж байна. Тухайлбал, ахмад үеийнхэн ажлын цагийг уртасгахыг тийм ч муу зүйл гэж бодохгүй байгаа аж. Шинэчлэлтийн эсрэг хариу үйлдэл нь ппалли ппалли соёлоо гээж буйн нэг хэлбэр гэж ахмадууд үзэж байна. “Бид өмнөх үеийнхний хийсэн зүйлд маш их талархаж байна. Тэд асар их хүчин чармайлт гаргаж, эх орноо босгосон. Гэхдээ бид бол ингэж амьдрахыг хүсэхгүй байна” гэж жагсагч иргэн ярьжээ.

Өмнөд Солонгосын иргэд 2021 онд жилийн дунджаар 1915 цаг ажиллажээ. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудын дунджаас 199 цагаар илүү байгаа юм. Мөн чансааны тав дахь өндөр үзүүлэлт. Жишээлбэл, германчуудын 2021 онд ажилласан цагийн тоо дунджаар 1349 байжээ.

Засгийн газраас таван жил тутамд цаг ашиглалтын судалгааг хийдэг. Уг судалгаанд 30 мянга орчим хүн оролцдог аж. 2019 оны судалгааны дүнгээс харахад солонгосчуудын талаас илүү буюу 54.4 хувь нь хоногийн 24 цаг хүрэлцдэггүй гэж хариулжээ. Харин 52.2 хувь нь ажлын цагийг багасгахыг уриалсан байна.

Одоогийн тогтсон журамд зааснаар долоо хоногт ажлын цаг 52-оос хэтрэхгүй байх ёстой. Үүний 40 нь ердийн ажлын цаг байх бол 12 нь илүү цаг юм. Энэ журмыг 2018 онд батлахаас өмнө хүмүүс даргаа явах хүртэл суудлаасаа ч хөдөлж чаддаггүй байсан гэдгийг иргэд хэлж буй.

АЖИЛ, ГЭР БҮЛИЙН ТЭНЦВЭР

Олон цагаар ажилласнаар гэр бүл зохиох улам л хүндрэлтэй болно гэж иргэн Ли хэллээ. Ли хүүхэдгүй бөгөөд цаашид ч гэр бүл зохиох талаар бодохгүй байна. Түүний нэгэн адил олон солонгос эмэгтэй гэр бүл болон карьерыг зэрэг авч явах боломжгүй гэж үзэж, ажилдаа төвлөрчээ. Гэтэл өнгөрсөн онд Өмнөд Солонгосын төрөлтийн индекс 0.78 байсан. Ингэснээр тус улс дэлхийн хамгийн бага төрөлттэй улсаар шалгарсан юм. Сүүлийн найман жилийн хугацаанд төрөлт тогтмол буурч байгаа бөгөөд 2020 онд л гэхэд нас баралтын тоо анх удаа төрөлтөөс давжээ. Өнгөрсөн онд 249 мянган хүүхэд төрж, 372 мянга 800 хүн нас баржээ. Гэвч төрөлт болон хөдөлмөрийн шинэчлэл хооронд ийм холбоо хамаарал байгаа гэдгийг албаныхан үгүйсгэсэн байна.

Ажлын цагийн хуваариас гадна хүүхэд өсгөж хүмүүжүүлэх зардал, орон сууцны үнэ зэрэг гэр бүл зохиохгүй байх олон шалтгаан залууст бий. “Энэ уламжлалт нийгэмд ээжүүдэд тавьж буй боломжгүй хүлээлтээс тэд залхаж байна. Тиймээс тэд ажлаасаа гарч байна” гэж “Flowers of Fire: The Inside Story of South Korea’s Feminist Movement” номын зохиогч Хавон Жун хэллээ.

Тус улсад стресстэй холбоотойгоор амиа хорлох үзэгдэл ихэссэн тул залуус хөдөлмөрийн шинэчлэлийг эсэргүүцэж байна. Ажлын цагийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх нь эрүүл мэндийн эрсдэл, цаашлаад амиа хорлолтыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Солонгосын эрүүл мэнд, нийгмийн харилцааны хүрээлэн өнгөрсөн онд 22 мянган хүнээс ажил, амьдралын тэнцвэрт байдлын талаар судалгаа авсан. Судалгаанаас харахад ахмад үеийнхэн урт цагаар ажиллахдаа дуртай байдаг бол залуу байх тусмаа энэ нь эсрэгээрээ байна. Ппалли ппалли амьдралын хэв маягийг хүсдэггүй залуус улам олширсоор байгааг энэхүү нийтлэлд онцоллоо.

Эх сурвалж: EL PAÍS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж