“УИХ-ын гишүүнийг тамтаггүй дархан эрхтэй гэж ойлгоод байна"
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ:
-Иргэд, сонгогчидтой уулзахад УИХ-ын гишүүдийн тоог 76-гаагаар нь үлдээж болдоггүй юм уу. Заавал нэмэх шаардлага байгаа юм бол 108 болгож болохгүй юу гэсэн. Одоо харин 126 –гаар тогтлоо гэх. Ямар үндэслэлээр парламент нь 126 гишүүнтэй байх нь зөв юм аа гэж намууд зөвшилцөлд хүрэв?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
Хүн болгон адил зүйл ярихгүй байгаа. Би ч тойргийнхоо иргэдтэй уулзахад зарим нь загнана, зарим нь шүүмжилнэ, зарим нь магтана. Нийт үг хэлсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь “Гишүүдийнхээ тоог нэмье гэж байгаа бол нэмэх нь зүйтэй байх, 152 чинь арай их юм биш үү” гэсэн. Манай намын бүлэг дээр 126 гэдэг тоо яригдаад дэмжигдсэн. Ардчилсан намын бүлэгтэй ярилцаад 126 гэдэг нь нутаг дэвсгэрийн төлөөллийн 76, түүн дээр 50 гэдэг төлөөллөө оруулж ирсэн. Зөвшилцлийн ажил явж байгаа. Агуулга нь уламжлалт нутаг дэвсгэрийн тойргийн тогтолцоогоо хадгалъя, нийгмийн бүлгээ жагсаалтаар нэр дэвших боломжуудыг нээхэд энэ хэмжээний тоо байх бломжтой. Том бодлого, нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүний хөгжлийг хөгжүүлэх тал дээр төрийн бодлого чиглэгдэх боломжтой статистик тоо юм болов уу гэдэг агуулгаар явж байна. Дэгийн хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр зарчмын зөрүүтэй санал хураагдана.
УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:
-Тойрогт ажиллахад манай хэнтийчүүд сандал суудал ярихаар ирлээ гэж хүлээж аваагүй. Гишүүдийнхээ тоог нэмчихээр хулгайчийн тоо нэмэгдэх гээд байна гэдэг. Хаалт тавьж байгаа юу. УИХ-ын гишүүн гэдэг нь тамтаггүй дархан эрхтэй, том толгойтой нөхдүүд байна гэж ойлгоод байна. Цаашдаа дархан эрх байх юм уу, үгүй юм уу.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-Үндсэн хуульд нэмэлт оруулж, УИХ-ын тоо, тогтолцоонд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох УИХ -ын гишүүд хамаарал бүхий компаниараа нээлттэй тендерт орохыг хориглож байгаа. Бид нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэдгийг анх удаа Үнэт цаасны тухай хуулиас ишлэл авч, 5 хувиас дээш хувьцаа эзэмшдэг бол бодлогын зээл олгохыг хориглосон. Дээр нь УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд нь удирдах албан тушаалд томилогдох, сонгогдох, төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглосон зохицуулалт орж ирсэн. Төрүүлсэн болон, дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхэд нь төрийн сангийн зээлээр суралцах эрхэд хязгаарлалт тавьсан. Нийтийн албаны тухай хууль шинэчлэгдсэнээр УИХ -д нэр дэвших бол ах дүү, гэр бүл, бизнесийн хамтрагчтайгаа эхлээд ярилцаж байж, нэр дэвшихээс аргагүй. Сонгох, сонгогдох эрхээ эдлэх явцад бусдынх нь бизнесийн эрх ашгийг хөндөж болзошгүй учраас улс төрийн зам, нийтийн албанд сонгогдож, ажиллах уу үгүй юу гэдэг сонголтоо хийх юм.
Гярхай ажигласан байна, 1993 онд БНМАУ-ын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталж байсан. 1986 оны Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ нэлээн суурь өөрчлөлт хийсэн. Энэ үеийн протколыг сөхөж үзвэл авлига албан тушаалын хэрэгт ногдуулах шийтгэлийг чангатгая гэж яриад олонхийн дэмжлэг аваагүй юм билээ. Дараа нь 2002 онд албан тушаалын гэмт хэргийн бүлэгт өөрчлөлт ороод яг одоогийнх шиг 20 жилийн ялтай болгоё гэдэг асуудал тавьсан ч дэмжигдээгүй. Сая бид 30 жил шахам яригдсан авлига албан тушаалын хэрэгт ногдуулах ял шийтгэлийн бодлогодоо огцом өөрчлөлт оруулж, 20 жилийн ялтай болгосон. Энэ бол хүнийг санаатай алах гэмт хэрэгт оногдуулдаг ял, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулдаг ялын бодлоготой дүйцүүлсэн. Цаашид энэ төсөлтэй уялдуулж Ерөнхий сайдаас өгсөн чиглэл бол Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санүүжилтийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль гээд өөрөөр хэлбэл, социал хүрээнд оролцогчдын дүрмийг эргэж хараад улс төр эрхлэх сонирхолтой нь улс төрөө хийдэг, бизнес эрхлэх сонирхолтой нь бизнесээ хийдэг болъё гэдэг агуулга явж байгаа.
УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕН:
-Иргэд, сонгогчид гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүдийн тоо 152 болох тохиолдолд ажлын алба нь 4-5 хүнээр нэмэгдэнэ. Цалин, тэтгэвэр нэмэхгүй байж, гишүүдийн тоог нэмэх гэж шүүмжилсэн. Баруун аймгууд зудын байдалд байгаа учраас иргэд уулзалтдаа ирж чадахгүй байна.
Пресс өвс 50 мянга, хорголжин 80 мянга хүрсэн. Зуд болж байхад зуд нэмж та нар ирлээ гэж загнаж байна.
УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:
-Ард иргэд биднийг ажлын байр нэмэгдүүлээрэй гэж сонгосон болохоос биш сандал суудлаа хамгийн тэргүүнд яриарай гэж сонгоогүй. Цаг нь болоогүй байна. УИХ-ын гишүүн бол ард түмнийг төлөөлж байгаа төлөөлөл болохоос биш Үндсэн хуулийн эзэн гэж бодож болохгүй. Үндсэн хууль бол нийт ард түмний гэрээ. Ард түмний эзэн эрхэнд нь халдаад байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд, хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийн санаа бодлыг нь судалж, харгалзан үзэх гэсэн байдаг. Бид харгалзан үзсэн үү. Нийт ард иргэд 99 хувь нь эсрэг байна. Зарим гишүүний хамаатнууд л дэмжиж байж магадгүй. Тэгэхлээр чуулган дээр орж ирээд 99 хувь нь туйлаас дэмжиж байна гэдэг зүйл ярих нь энэ УИХ ард түмнээсээ тасарчихсан байна гэсэн үг.
Хоёрдугаарт, иргэд 152 -ыг эсэргүүцэж байна, 126 байхад болно гэж муйхарлаж болохгүй. Ард түмний бүрэн эрхэд халдахгүйгээр нийтийн санал асуулга явуулах боломж байна уу. Санал асуулгаар иргэд гишүүдийн тоог 300, 500 болгомоор байна гэвэл би дуугүй болно.
Ард түмэн эсэргүүцээд байхад хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг гээд хаалгаа хааж, гишүүдийн дөрөвний гурвын саналаар шийднэ гээд батлах нь ард иргэдийн хүсэл бодол дээгүүр алхсан жудаггүй үйлдэл болох учраас би бусад байнгын хороонд ард нийтийн санал асуулга явуулж өгөх саналаа гаргана.
Асуулт, хариулт дууссаны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр уг төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар одоо /2023.05.17/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг мэдүүлэхдээ “Парламент нь 152 гишүүнтэй. Тэднээс 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг намын жагсаалтаар сонгохоор” тусгасан. Харин сонгогчид “152 гэдэг тоо ихдэнэ, бууруулах шаардлагатай. Мөн тойргоос сонгогдох гишүүдийн тоо нь давуу байх нь зүйтэй” гэсэн санал түлхүү гаргасан юм.
Энэ асуудлыг эрх баригч хүчин Ардчилсан нам, ХҮН-тай зөвшилцсөний үндсэн дээр парламент нь 126 гишүүнтэй байхаар, 76 нь тойргоос, 50 нь жагсаалтаар сонгогддог байхаар санал нэгдээд буй.
Байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Парламент 126 гишүүнтэй болъё гэдэг тоог ямар үндэслэлээр оруулж ирэв?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-54 дүгээр тогтоолын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэгт эрдэмтэн судлаачид ажилласан. Ажлын хэсэг 1992 оны шинэ Үндсэн хуулийг боловсруулахад УИХ-ын гишүүдийн тоог анх хэдээр оруулж ирсэн бэ гэдгийг судалсан. Анх бол УИХ 102 гишүүнтэй байя гэдэг төслийг өргөн барьсан юм билээ. Тухайн үеийн Ардын их хурлын депутатууд “102 гэдэг нь 100 ямаанд 60 ухна болж байна. 50 хувиар багасгаж, 51 гишүүнээр УИХ-ыг бүрдүүлье” гэдэг санал гарган, зөвшилцлийн ажлын хэсэг гараад өнөөдрийн 76 гэдэг тоон дээр тогтож, баталсан байдаг юм билээ.
1992 онд Үндэсний дэвшлийн намаас гаргасан судалгааны материалыг УИХ-ын номын сангаас олж, хэвлүүлэн, та бүхэнд тараасан. Тэрхүү материалын сүүлийн хуудаст манайтай хүн ам ойролцоо улсуудыг харахад ардчилсан парламенттай улсуудыг зөвлөх үйлчилгээтэй парламенттай улсуудыг адилтан үзээд энэ тооны гишүүдтэй байх юм болов уу гэдэг дүгнэлтэд хүрсэн юм билээ. 1991 онд судалгааны төвшинд гарсан. Зөвлөх үйлчилгээтэй парламент гэдэг нь хаантай, угсаа залгамжлагчтай юм.
152 гэдэг тоо бол математикийн эрдэмтэд судалгааг гаргаж ирсэн. 5 сая хүртэлх хүн амтай улсад парламентын төлөөлөл ямар байна вэ гэдгийг гаргаж ирсэн. 100 хувь пропорцианаль, тогтолцоотой оронд нэг өөр, холимог тогтолцоотой оронд хүн амтайгаа харьцуулсан тоо өөр гэдэг дүнгэлтэд хүрээд куб язгуураар 152 гэж барих нь зөв гэж үзсэн.
50х50 гэдэг харьцааг яаж гаргаж ирсэн бэ гэхээр Монгол Улс өргөн уудам нутагтай учраас газар нутгийн төлөөллийн зарчим гарцаа байхгүй байх ёстой юм байна. Сүүлийн 30 гаруй жилийн алдаа оноо юунд оршсон бэ гэхээр макро эдийн засгаа тэлэх тал дээр ДНБ ийн нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлэхэд дэвшил гаргажээ. Гэхдээ чамлалттай байна. 1990 онд ДНБ ийн нэг хүнд ногдох орлого ойролцоогоор 338 ам.доллар байсан бол 2023 оны нэгдүгээр сарын статистикаар нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.долларт хүрч 17 дахин өсчээ. 1990 онд ядуурлын түвшин 34 хувтьай байсан бол өнөөдөр 28 хувьтай байгаа нь ядуурал 6-хан хувиар буурсан нь 33 жилийн хугацаанд алдаатай бодлого явуулжээ. Эдийн засаг тэлэхэд бид нарт хамгийн том чөдөр тушаа болсон юм нь эрчим хүчний салбарт байна. 1984 оноос хойш эрчим хүчний салбарт том төсөл хэрэгжүүлээгүй нь эдийн засгаа тэлэхэд гаргасан гол алдаа. Жижиг төсвөө засгаа тойргийн зарчмаар хуваарилснаас болсон. Макро эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлдэг салбар салбарын төлөөлөл, газар нутгийн төлөөлөлтэй зарчим байх ёстой гэж үзсэн.
Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Тэр утгаараа парламентад суудалтай улс төрийн хүчнээс тоог бууруулъя, Ардчилсан нам 40х60 харьцаатай болгоё гэсэн.
Ардчилсан намын гаргасан 40х60 харьцаатай дүйж очиж байгаа. Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого нь 76 гэдэг орон нутгийн төлөөллийн зарчмыг хөндөхгүй байя. Одоогийн 76 гишүүн, түүнээс өмнөх үеийн гишүүд тойргийнхоо зовлонг мэддэг тогтолцоог эвдэхгүй, хөндөхгүй байя гэж үзсэн. Австралид уугуул газар нутгийн төлөөлөл, уугуул үндэстнүүдийн төлөөллийг хатуу хадгалж ирсэн сонгуулийн тогтолцоо байдаг. Энэ зарчим дээрээ явъя. 76 нутаг дэвсгэрийн төлөөлөл, нэмэх нь пропорцианаль элемент оруулж ирэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөлөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гэсэн бүлгүүдийн төлөлөл оруулж ирэхэд ч гэсэн 50-иас доошгүй тооны лист үүсгэх шаардлага байна гэж үзсэн.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ