Төрийн ордны цэцэрлэгийг түүхэн дурсгалт газар болгоно

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Төрийн ордны цэцэрлэгийг түүхэн дурсгалт газар болгоно

Төрийн ордны цэцэрлэгийг түүхэн дурсгалт газар болгоно

Хотын гудамжинд модод нахиалж, хөгшид хүүхдүүд гадаа нарлах нь ихэсчээ. Төв талбайн урд залуус бөмбөгөөр тоглож, хойд талд нь байрлах сандлууд дээр хоёр гурваараа суун элдвийг ярилцана. Урин дулаан цагт төв талбайг зорин ирэх хүмүүс нэмэгддэг. Сүхбаатарын талбай цементээр хучигдсан. Урдах багахан ногоон талбай нь иргэдэд нээлттэй. Харин Төрийн ордны арын цэцэрлэг нь иргэдэд хаалттай. Нэгэн цагт тэрхүү цэцэрлэг иргэдэд нээлттэй байсан нь үлгэр, домгийн яриа мэт сонсогддог болжээ.

“Сүхбаатарын талбайд бусад байгууламжийг бодоход цэвэр, тоос шороо багатай байдаг учраас хүүхдүүдээ талбай дээр ирж салхилуулдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очих гэхээр арай холддог. Улаанбаатар ногоон байгууламжтай газар маш ховор. Хүүхэд багачуудаа аюулгүй чөлөөтэй тоглуулчих цэвэр, аюулгүй байгууламж хэрэгтэй байна. Ядаж л Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй бол тэнд хүүхдүүдээ тоглуулмаар байна” гэж иргэн Х.Баярмаа ярилаа. Тэрбээр хоёр хүүхдээ салхилуулж суугаа аж.

Хотын төвд цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламж тун цөөхөн. Хотын төвдөө байдаг хэдхэн цэцэрлэгийн нэг нь Төрийн ордны ард байрлах цэцэрлэгт хүрээлэн. Тус цэцэрлэгт хүрээлэнд 2000-аад оны дунд үе хүртэл хүүхэд багачууд тоглож, хөгшид салхилж, залуус болздог газар байв. Харин өнөөдөр хаалттай орчин болж хувирчээ. 2022 оны тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын дарга нарыг дуудаж уулзан “Төрийн ордныг олон нийт, хүүхэд залуучуудад нээлттэй байлгах, ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох” чиглэл өгсөн байдаг. Харамсалтай нь, энэ шийдвэр гараад бүтэн жил болсон ч Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд хаалттай хэвээрээ байна.

Уг цэцэрлэгийн хажуугаар нь өнгөрөх иргэд “Хотын төвд бараг ганц гэж хэлж болох ногоон бүс бүхий цэцэрлэгт хүрээлэнг хааж, цоожлоод багагүй хугацааг үдлээ. Олон нийт шүүмжлээд эхлэхээр "Иргэдэд нээлттэй болголоо" гэх сүржин мэдэгдэл хийдэг. Төр нь иргэдээсээ алга дарам газар харамлах ёсгүй. Ногоон байгууламж, тохь тухтай болгож засварлаад бүх нийтэд байнгын нээлттэй байлгах хэрэгтэй. Бүх цаг үед, хүссэн хүн бүр ороод амарч тухлах боломжийг хангаж өгөх шаардлагатай” гэж бухимдлаа илэрхийлж байлаа.

Харин албаны зүгээс тус цэцэрлэгт хүрээлэнгийн явган замыг хуулж, засвар хийж эхэлсэн талаар мэдэгдсэн юм. Тиймээс Төрийн ордны арын цэцэрлэг рүү шагайж харвал засвар хийж байгаа юм харагдсангүй. Хэдэн чулуун хавтан өрж тавьсныг эс тооцвол.

Энэхүү засварын ажлын талаар УБЗАА-ны дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодруулахад “Төрийн ордны тамгатай хөшөөний цэцэрлэгийг хүндэтгэлтэй цэцэрлэгт хүрээлэн болгох тохижилт засварын ажил өмнөх оны наймдугаар сараас хийж эхэлсэн. Зураг зүй бүтцийн хувьд эрдэмтэн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч хийж эхэлсэн. Ингэснээрээ хүн үзэхэд дан ганц ногоон байгууламж биш Монгол Улсын түүхэн дурсгалт газар болгох ажлыг хийж байна. Зам талбайн чулуун хавтангийн хээнээс эхэлж Монголын түүх, уламжлалыг харуулахыг зорьсон. Тус цэцэрлэгт хүрээлэнд төрийн тамгатай хөшөө байдаг учраас түүнийг тойруулаад алтан ургын хаадын тоог 37 хас тэмдгээр төлөөлүүлж хийсэн. Мөн 12 жилийг бэлгэдсэн өрөлт цутгуур, Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн зээгт хатгамал бүхий ширмэл ширдгийг чулуугаар сийлбэрлэн хийж мөнхжүүлнэ. Мөн 2.2 мянга мкв талбайг хатуужилтай явган хүний зам талбайг засварлах, усалгааны систем, гэрэлтүүлэг, иргэд суух сандал, хогийн сав, камержуулалд, ус цэвэршүүлэх цорго бүхий систем тавих ажлууд хийгдэж байна. Цэвэршүүлсэн усны систем тавьснаар иргэд ус уух боломжтой болно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн өөрөө худагтай. Эрүүл мэндийн газраас дээж авч шинжилгээ хийгээд, сангийн холболт зэргийг хийх дутуу байна” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр “Тохижилт, засварын ажил дуусах шатандаа явж байна. Усалгааны систем, өнгөлгөөний ажил л үлдсэн. Энэ таван сардаа багтаан засварын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна” гэдгийг хэллээ. Мөн тохижилтын ажлаа дуусгаад зургадугаар сарын 1-нээс иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөж байгаа аж.

Хүүхдээ хүлээн суугаа гэх 50 орчим насны эмэгтэй/нэрээ хэлэхийг хүссэнгүй/ “Бусад Улс орнуудыг харахад манай улс шиг цэцэрлэгт хүрээлэнгээ төмрөөр хашчихсан улс алга л байна. Миний хувьд агаарт гарахдаа зусландаа л гардаг. Хотод байхдаа ихэнхдээ л Сүхбаатарын талбайд суудаг. Төрийн ордны арын хүрээлэнг нээх сүртэй тохижуулаад байх хэрэг байхгүй. Нийтэд нээлттэй байлгаад хүүхэд багачууд ороод тоглочихдог. Хөгшид, залуус тухтай суучихдаг сандал, саад байхад л болно. Хүмүүс чөлөөтэй суугаад, амарч, салхилдаг байхад л болчихно. Өмнө жил талбайн урд ногоон зүлэг тавьсан. Дээр нь чөлөөтэй сууж, хүүхэд багачууд нь тоглоод хүмүүс их л тухтай байсан. Түүн шиг хүрээлэнгээ ч бас зүлэгжүүлчихвэл их л зүгээр санагдах юм” гэлээ.

Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнд 17 зүйлийн 7 мянга орчим модтой болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн тойруулж хашсан хашааг буулгах талаар Г.Билгүүнээс лавлахад “Цэцэрлэгийн хашааг Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар болон Төрийн ордны тусгай хамгаалалтын газар шийднэ. Сүүлд хийсэн уулзалтаар төмөр хашааг аваад багануудыг буулгаж тавцан дээр нь модон сандал хийх талаар ярьсан. Заавал хийсэн суурийг эвдээд байх биш тавцангаар нь модон банзан сандал хийх төлөвлөгөөтэй байна. Цахим үйлчилгээний газартай ярилцаад wifi төхөөрөмж суурилуулах бололцоог ярилцаж байна. Залуус суугаад хичээлээ хийдэг. Чөлөөт цагаа өнгөрөөх орчныг л бий болгохын тулд ажиллаж байна” гэлээ.

Иргэд ч тэнгэрт тулсан орд харш мэт сайхан байгууламж хүссэнгүй. Цагийг ая тухтай өнгөрөөх цэвэр, аюулгүй ногоон байгууламжийг байгуулж, нээлттэй байлгахыг л хүсэж байлаа.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж