Өнгөрсөн 30 жилийн парламентын түүхээс харвал УИХ-д голдуу мөнгөтэй баячууд ба популист улстөрчид сонгогдож ирсэн байна. Энэ бол давжаа парламентын зовлон-де факто. Тэд мэдээлэлд ойр нэрээр бидний бүхий л боломжийг хулгайлж иржээ. Энэ бол давжаа парламентын “давуу тал”-де юре. Тэгвэл тэднээс яаж салах вэ. Дөрвөн жил тутамд сонгууль явагддаг ч асуудал нь хэвээрээ, авлига, хулгай нь бахь байдгаараа үлддэг үндсэн шалтгааныг нь эмчлэхгүй аваас УИХ адаг сүүлдээ авлигач, хулгайчдын орогнодог захын хар овоохой болж хувирлаа.
1.
ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмж, тогтолцоогоо пропорциональ болгох асуудал улс төрийн анхаарлын төв цэг болжээ. Засгийн газраас санал болгосон 152 тоог Ардчилсан нам анхнаасаа дэмжээгүй, Т.Доржханд ямар куб язгуураас 152 гэх тоо гаргаж ирснээ тайлбарлаагүй хэдий ч Д.Амарбаясгалангийн хувьд тоо, тогтолцоог өөрчилснөөр авлига, хулгай буурна гэсэн итгэлтэй байгаа юм.
Улс төрийн намууд удтал маргалдсаны эцэст зөвшилцөлд хүрсэн тоо нь 126. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "126 гишүүнтэй болсноор парламентын төлөөлөх чадварт нийцнэ" гэснийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн дэмжсэн үг нь "Иргэдийн зүгээс 152 гэдэг тоо их байна гэсэн. Тиймээс АН-ын саналыг хүлээн авч, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоё, тойргоос сонгогдох нь 76 байна, хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох нь 50 байна гэдэг байдлаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр боллоо".
Тогтолцооны хувьд 76 нь тойргоос, 50 нь пропорциональ байх саналыг УИХ-ын чуулганд оруулахаар улс төрийн намууд санал нэгджээ. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагад бид төлөөний хүнээ сонгодог. Харамсалтай нь, УИХ-ын 76 өөрсдийгөө дарга гэж эндүүрдэг, иргэд тэднийг 76 хулгайч гэж хардаг, хараадаг нь үнэн-де юре. Де факто нь УИХ-аас цөөнгүй гишүүд нь Хөгжлийн банкны луйвар болон нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон, улсын прокурорын саналаар хоёр нь /Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ/ бүрэн эрхээсээ түдгэлзэж, нэг нь /Ж.Мөнхбат/өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэдний араас яллагдагчаар татагдсан нэжгээд гишүүд бий агаад иргэдийн дунд 76 хулгайчийн тоог нэмэх нь гэсэн болгоомжлол байгааг буруутгах аргагүй. Тэгж ярих юм бол манай гишүүд өөрсдөө л ширээн дээрээсээ унадаг. Жишээ нь, БЗС-гийн мөнгийг улстөрчдийн хүүхдүүд хамж, ЖДҮХС-гийн мөнгийг УИХ-ын гишүүд нь тэгш хүртээмжтэй хуваагаад идчихсэн парламент яаж нэр хүндтэй байх билээ.
2.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өнөөдрийн УИХ-ын гишүүдийн, эрх барьж байгаа намын, эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүсийн асуудал огт биш. Үнэнийг хэлэхэд, иргэдийн шүүмжлэлээс илүүтэй зарим гишүүдийн өөрсдийнх нь байр суурь тоо, тогтолцоог өөрчлөхийн эсрэг байгаа. Учир нь, гишүүдийн тоог нэмснээр нэг кнопт оногдох эрх мэдлийн хувь буурна. Товчхондоо, гишүүд кнопоо худалдах боломжгүй болно гэсэн үг. Монголын парламентад нэг гишүүний кноп нэг тэрбум хүрч байсан, тэр нь ЖДҮХС-гаас гарсан нь батлагдсан үнэн- бас л де факто.
Хоёрт, пропорциональ систем нь олон нийтэд танигдсан, хөрөнгө мөнгөтэй хүмүүст давуу нөхцөл үүсгэдэггүй. Нэг ёсондоо 60 тэрбумаар Монголын төрийн худалдан авах бололцоогүй болно. 2016 онд МАН засгийн эрхийг 60 тэрбумаар үнэлснээ, Ц.Сандуйн талаарх бичлэг гүтгэлэг байтугай эвлүүлэг биш болохыг Ц.Нямдорж хүртэл хүлээн зөвшөөрсөн удаатай.
Холимог сонгуулийн тогтолцоо Монгол Улсыг хөгжилд, нөгөө талаасаа намуудын төлөвшилд хэрэгтэй. Намынхаа бодлогоос давж дуугарах, хувь улстөр хийх боломж популистуудад хумигдана гэсэн үг. 2017 онд АН-ын гурван гишүүн МАН худалдагдсан нь мажоритори тогтолцооны сул тал, хувь гишүүддээ ашигтай байсан ч Монголын хөгжил хортой үйлдэл болсон. Ардчилсан намын хагарал, талцал анх тэр үеэс л эхэлсэн байдаг.
Мажоритори тогтолцоо нь ардчиллыг өндөр өртөгтэй авилгын тогтолцоо болгож хувиргадаг. Тойрог руугаа төсвөөс мөнгө хулгайлж нэр олдог клиентелист улстөрчдөд ашигтай бол пропорциональ нь намуудыг бодлого институци болгодог давуу талтай. Үндсэндээ парламентын гишүүнийг дарга болгох уу, “цэрэг” байлгах уу гэсэн эцсийн шийдвэрийг өнөөгийн УИХ, тэр тусмаа үнэмлэхүй олонх гаргана.
3.
Өнгөрсөн 30 жил Монгол Улс давжаа парламентын, 76 даргын зовлонг амсахаараа нэг болсон. Авлигын хэмжээ их наядаар тоологдож, 10 тэрбум төгрөг захын даргын “халаас”-наас гардагт бид хэдийнэ дасаад эхэлжээ, харамсалтай нь.
Тогтолцоогоо пропорциональ болгох, тоогоо нэмэх нь шинэ сэдэв биш. Аль 2015 оноос Ардчилсан нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа хөндөж байсан, 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга тогтолцоогоо пропорциональ болгох, 50 хувийг нь жагсаалтаар, 50 хувийг нь тойргоос сонгох саналыг оруулж байв. Тиймээс 2019 онд Ардын намынхан айгаад хийж чадаагүй өөрчлөлтөө хийхээр Үндсэн хуульд зургаа дахь удаагаа гар дүрэх гэж байна.
Парламент томилгооны дарга нар суудаг байгууллага биш төрийн эрх барих дээд байгууллага гэвэл сонгогчдынхоо төлөөллийг бодитой хангасан “тоо” хэрэгтэй. Нөгөө талаас уг тоо парламентын чадамжийг сайжруулахад нөлөөлнө. “Ийкс” тоог куб язгуураас гаргаж авахаас илүүтэй Монголын парламентын чадамж, нэр хүнд, сонгогчдын төлөөлөл, эдийн засгийн үр дагавар, ирээдүйн хөгжлөө тооцож бодитой, амьдралтай тоо нь 126 гэсэн АН-ын хувилбарыг эцэстээ эрх баригчид дэмжихээр шийджээ. Харин Ц.Оюунгэрэлийн ярьж байгаачлан гишүүдийн тоог 38 болгож бууруулбал Монгол Улс жинхэнээсээ гуравхан компанийн, 30 гэр бүлийн хараат болно гэсэн үг.
Парламентад суудалтай намууд гишүүдийн тоог 126 болгох, үүний тойргоос 76 сонгогдож, 50 нь жагсаалтаар оруулж ирэхийг дэмжсэнээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үндсэндээ шуударч байна.
Холбоотой мэдээ