БАЙР СУУРЬ: Бизнесийн салбарын сэргэлтэд хугацаа шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Бизнесийн салбарын сэргэлтэд хугацаа шаардлагатай

БАЙР СУУРЬ: Бизнесийн салбарын сэргэлтэд хугацаа шаардлагатай

Цар тахлын дараах өөрчлөлтөд бизнесийн байгууллагуудад тулгарч буй асуудал, түүнийг даван туулах арга зам, олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүд тэдгээрийн хэрэгжилтийн талаар олон талт системтэй мэдлэг мэдээлэл хуваалцаж, харилцан мэдээлэл солилцох форум өнөөдөр /2023.05.17/ боллоо. Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос бизнесийн салбарт тулгамдаж байгаа асуудал, одоогийн нөхцөлд анхаарах зүйлсийн талаар тодрууллаа.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.ОРГИЛ:
-Covid-19-ийн тархалт оргилдоо хүрсэн үед хил гааль хаагдах, тээвэрлэлтэд саатлууд учирч эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан. Үүнтэй холбоотойгоор тээврийн зардал ч өссөн. Одоо тээврийн зардлын үнэ харьцангуй буурч, цар тахлаас өмнөх түвшинд дөхөж, зарим тээврийн төрлүүд Covid-19-ийн үеийн үнээс 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байна. Монгол Улс экспортоос хараат, үйлдвэрлэл муутай орон. Тэгэхээр гадаад худалдаа зохион байгуулж байгаа бараа, бүтээгдэхүүн авч ирж байгаа гол субьект нь тээвэр зуучийн байгууллага. Тээврийн өртөг нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний 30 орчим хувь байдаг. Тэгэхээр инфляци бусад орны өрсөлдөх чадвартай холбогдох зүйл дээр тээврийн салбар яах аргагүй чухал салбар. Энэ салбарыг дэмжих хүрээнд ч бизнесийн чухал асуудлуудыг хөндөж байна.
Алдагдсан боломжийг цаг хугацаагаар нөхөх боломжгүй. Харин цаашид бид тээврийн үнэ өртгийг буулгах дээр гол анхаарлаа хандуулж, эхний ээлжид эрх зүйн асуудлыг шинэчлэх шийдвэрлэх шаардлага үүсч байна.
Бид тээвэр зуучийн үйл ажиллагааг ямар чухал болохыг ойлгуулах хэрэгтэй. Тэр чиглэлд цаашид түлхүү анхаарч ажиллана. Хоёрдугаарт, өртөг буухын тулд гол ньбид далайд гарцгүй учраас хоёр хөрш орныхоо үндсэн төмөр зам, агаар, авто зэрэг гарцуудыг сайжруулах шаардлагатай. Мөн эргэлт, дамжин өнгөрч байгаа тээвэрлэлтийн хурдаа сайжруулах ёстой. Ингэхийн тулд төр засгийн тогтвортой бодлого хэрэгтэй. Энэ нь юунд хэрэгтэй вэ гэхээр нэгдсэн терминал, боомтын гарц, шилжүүлэх ачих бусад логистикийн бүтээмжийг сайжруулахад тустай юм. Ингэснээр төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж, урт хугацааны төлөвлөлт гаргах боломжтой.

АСУУДЛЫН ТАЛААР МЯНГА ХЭЛЭЛЦЭЭД ЯАХ ВЭ? ГЭДЭГ ХАНДЛАГА ИХ БАЙДАГ

СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.БАТЖАРГАЛ:

-Бизнесийн салбарт Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж байгаа олон асуудал бий. Тэдгээр асуудлаас гарахын тулд гарц гаргалгаа гэдэг зүйлийг эрэлхийлэх зайлшгүй шаардлага үүсч байна. Төрийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүд хамтран бизнесийн салбарт тулгамдаж байгаа асуудал, одоогийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэдэг шийдлийг оновчтой тодорхойлоход дөхөм болж байгаа хэлбэр.

Асуудлын талаар мянга хэлэлцээд яах вэ? гэдэг хандлага их байдаг. Гэхдээ гаргалгааг зөв тодорхойлохын тулд салбарын талаар ойлголт мэдээллийг нэгдсэн байдлаар цэгцлэх хэрэгтэй.

Цар тахал бүхий л салбарт дохио өгсөн. Тэр дундаа бизнесийн салбарт. Монголчууд энэ том дохионы дараа сургамж авч дахин үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлага үүсч байна. Тухайлбал, бизнесийн салбарын сэргэлтэд чанартай боловсон хүчин чухал. Боловсон хүчний чанар гэдгийг хичээл зааж байгаа багш дүгнэхээ больсон. Олон улсад уламжлалт буюу хуучин заах арга барилаас салж, боловсон хүчний чанарыг ажил олгогч, гэр бүлийнхэн нь дүгнэдэг болсон. Тиймээс өнөөдөр бизнесийн салбарт тулгамдаж байгаа гол асуудал бол чанартай боловсон хүчин. Техник технологи хөгжихийн хэрээр хүнд төвлөрсөн олон ур чадварыг хөгжүүлэх шаардлага их байгаа. Тэгэхээр бид асуудлын шийдлийг олохын тулд хүнд төвлөрөх нь зүйтэй.

 

ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ИХ ЧУХАЛ БАЙДАГ

Жижиг дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Б.БАТБОЛД:

-Бичил жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд цар тахлын дараах нөхцөл байдалд сэргэлт бий болгохын тулд бизнесийн орчин их чухал байна. Цар тахлын хугацаанд алдагдсан боломжуудыг сэргээхэд мэдээж цаг хугацаа, төсөв санхүү шаардлагатай. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас цар тахлын дараах жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор гол түлхүү хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихийг чухалчилж байгаа.

Санхүүгийн шаардлагатай дэмжлэгээс гадна бид хэрэгцээт сургалтуудыг тогтмол ордог.

Өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэлх хоёр сарын хугацаанд 21 аймгийн бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургалтыг орсон. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс бидэнд хандаж байгаа хүсэлтийн хувьд санхүүгийн бодит дэмжлэг. Бага хүүтэй, урт хугацаатай зээлийг нэмэх, экспортын орчин нөхцлийг мөн дэмжихэд анхаарахыг хүсдэг. Бид төрийн зүгээс бодлогын хувьд хэрэгжүүлж байгаа ажлуудыг үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хүргэж, тэдний үйл ажиллагааг тогтмол өргөжүүлэхийг зорьж байна. Гэхдээ цар тахлын сөрөг нөлөө их байсан учир хугацаа бол зайлшгүй шаардлагатай.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж