Өвөрмонголын түүхч, зохиолч Боржигоны А.Лхамжавыг Улаанбаатар хот дахь сууцнаас нь Хятадын цагдаа нар тавдугаар сарын 3-нд баривчилсан гэх мэдээлэл гарсан. АНУ болон дэлхий даяар уран зохиол, хүний эрхийн чиглэлээр нээлттэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг "PEN America" цахим хуудас энэ тухай шүүмжлэн бичсэн байв.
Тэгвэл энэ талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэл өгөхдөө "БНХАУ-ын иргэн А.Лхамжав /Lamuzhabu/ нь БНХАУ-ын Эрээн хотод байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраас энгийн зэргийн, К2 буюу жуулчин ангиллын 30 хоногтой визийг авч, 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсад орж ирсэн. Улмаар “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад байх визийн хугацааг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгуулаад, Монгол Улсад байх визийн хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсаас БНХАУ-руу гарах чиглэлд хил нэвтэрсэн болно. Тухайн иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлэх зэргээр ямар нэгэн зөрчилд холбогдоогүй учраас уг иргэнийг шалгасан, албадан гаргасан зүйл бол байхгүй" гэлээ.
А.Лхамжав нь Монголын түүхийн тухай хэд хэдэн ном бичсэн зохиолч. Тэрбээр 2006 онд гаргасан "Хятадын соёлын хувьсгал" номондоо нь соёлын хувьсгалын үеэр өвөрмонголд олон мянган хүний амь үрэгдсэн явдлыг судалж, амьд үлдсэн хүмүүсийн аман түүхийг сийрүүлэн бичжээ. Тэрбээр 2019 онд нэг жил шоронд хорих ялаар шийтгэгдэж, дараа нь 2020 оны сүүлээр гэрийн хорионд байж байгаад саяхан Монгол руу зугтсан байна. Мөн Улаанбаатарт байхдаа Монголын соёл, түүхийн талаар гурван шинэ ном бичихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн аж.