Европын холбооны Элчин сайд нар Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Европын холбооны Элчин сайд нар Монголд айлчилж байна

Европын холбооны Элчин сайд нар Монголд айлчилж байна

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз нь Европын холбооны гишүүн орны  Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчдийг хүлээн авч албан ёсны айлчлалыг зохион байгуулж байна. Энэхүү айлчлалыг “Европын Өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оноос хойш хийгдэж буй Бээжин болон Сөүлээс Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд нарын анхны айлчлал юм. Энэ үеэр Элчин сайд нар шийдвэр гаргагчид,  иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийх ажээ. Европын холбоо болон түүний гишүүн орнууд Монгол Улстай ногоон эдийн засаг, ой, сэргээгдэх эрчим хүч, шүүх засаглалын шинэчлэл, худалдаа, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон салбарт түншлэн хамтран ажиллаж байна.

Элчин сайд Никейз хэлэхдээ: "Монгол Улс, Европын холбооны гишүүн орнууд  газарзүйн хувьд алслагдсан ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдмэл байж, зүрх сэтгэлээрээ ойр байдаг. Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Тиймээс ч европчууд, бид, Монгол Улсын хөгжлийн алхам тутамд нь итгэл даасан, тогтвортой түнш хэвээр байхыг хүсэж байна. Бид хувийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалдаг. Ингэхийн тулд Монгол Улс хөрөнгө оруулагчдад татахуйц таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм” гэлээ.

Европын Холбоо болон түүний гишүүн орнууд тавдугаар сарын 14-ний Ням гаригт Сүхбаатарын талбайд Европын өдөрлөг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Тус өдөрлөгийг зорин ирсэн хүмүүс Европын холбоо болон түүний гишүүн орнуудын тухай, түүх урлаг соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, мөн  тогтвортой хөгжлийг дэмжин Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах боломж бүрдсэн юм.

Тавдугаар сарын 14-17-ны хооронд хийгдэх энэхүү айлчлалын хүрээнд Элчин сайд нар Монгол Улсын Их Хурлын дарга болон салбарын сайд нартай уулзалт хийж олон талт уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэж санал солилцох юм.

1950 оны тавдугаар сарын 9-ний өдрийн “Шуманы тунхаглал” нь Европын холбоо үүсэх болсон үндэс суурь бөгөөд жил бүр энэ өдрийг “Европын Өдөр” хэмээн тэмдэглэх болжээ. Дэлхий даяар Европын холбооны төлөөлөгчийн газрууд энэ өдрөөр Европын холбоотой танилцах, туршлага солилцох олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж өргөнөөр тэмдэгэлэн өнгөрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж