Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хагас шигшээ шатны хариу тоглолтууд эхэллээ.
ИНТЕР МИЛАН 1 – 0 АС МИЛАН
Нийлбэр дүн: 3 – 0
Долоо хоногийн өмнө л улаан, хар өнгөөр хучигдсан Сан Сиро цэнгэлдэх урд шөнө цэнхэр, хараар жигдэрлээ. Эхний тоглолтдоо 0-2 гэсэн харьцаатай хожигдсон АС Милан энэхүү тоглолтод дор хаяж хоёр гоолын зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай талбайд гарсан. Үүнийгээ ч ухаарч, Пиолигийн залуус тоглолтын эхнээс довтолж, гоолын боломж үүсгэж байлаа. Харамсалтай нь Онанагийн манасан хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Энэхүү тоглолтод хоёр багийн хаалгачид болох Андре Онана болон Майк Майнан нар сайн байж, Брахим Диаз, Рафаэл Леао, Эдин Жеко нарын тун аюултай довтолгоонуудыг няцаасан.
Эхний үе хуурай тэнцэж, тоглолтын ганц гоол хоёрдугаар хагаст оров. Гэхдээ АС Милан бус Интер Милан оруулж, тэргүүллээ улам баталгаажуулсан. Сэлгээгээр талбайд гарсан Ромелу Лукакугийн дамжуулалтаар Лаутаро Мартинез гоол оруулж, Сан Сирод хуран чуулсан фанатуудаа "галзууруулав". Эсрэгээрээ АС Миланы финалд хүрэх хүсэл мөрөөдөл нүдэн дээр нь замхарч, эцсээ хүртлээ багтаа итгэсэн фанатуудынх нь итгэл найдвар унтрав. Энэ гоол 74 дэх минутад орсон бөгөөд АС Милан үлдсэн 16 минутад дор хаяж гурван гоол оруулах хүндхэн даалгавартай нүүр тулж, аргагүй бүтэлгүйтсэн.
Ийнхүү тоглолт өндөрлөж, Интер Милан 13 жилийн дараа УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарлаа. Тэд хамгийн сүүлд 2010 онд шигшээд шалгарч, Германы Байерн Мюнхенийг хожсоноор түрүүлж байсан билээ.
Тоглолтын дараа АС Миланы ахлагч Давиде Калабриа ярихдаа "Энэ бол эхлэлийн цэг. Хэн ч АС Миланыг УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарна гэж төсөөлөөгүй. Бид бүхнээ зориулсан. Одоо сөрөг зүйлсийн талаар бодмооргүй байна. Лигтээ л эхний дөрөвт орохыг хүсэж байна" гэжээ.
Харин Интер Миланы дасгалжуулагч Симоне Инзаги "Хэдэн өдрийн дараа л бид юунд хүрснээ ойлгох байх. Бидний хувьд энэ бүхэн мөрөөдөл байлаа. Гэхдээ үргэлж үүнд хүрнэ гэдэгтээ итгэж байсан. Үнэхээр онцгой замнал. Хагас шигшээ шатанд дербидээ ялна гэдэг сэтгэл ханамж авчирч байна" гэсэн бол АС Миланы дасгалжуулагч Стефано Пиоли "Тамирчид маань хоёр тоглолтод бүхнээ зориуллаа. Интер хожил байгуулах эрхтэй. Тэдэнд баяр хүргье" гэж ярив.
Эцэст нь тоглолтын шилдгээр шалгарсан Лаутаро Мартинез "Хоёр тоглолтод бид бүгд сайн байлаа. Хожих шалтгаан нь баг байлаа. Би яг ийм мэдрэмжийг дэлхийн аваргаас авч байсан. Хэрэв нэгдэж чадвал ийм чухал тоглолтуудад шилдэг нь байж чадна" гэжээ.
Өнөөдөр шөнө хагас шигшээ шатны үлдсэн хариу тоглолт болно. Испанийн Реал Мадрид уу, Английн Манчестер Сити юу? Хоёр багийн эхний тоглолтод 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн.
Холбоотой мэдээ