Б.Лакшми: Цалин тэтгэврийг нэмэх боломж харагдахгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Б.Лакшми: Цалин тэтгэврийг нэмэх боломж харагдахгүй байна

Б.Лакшми: Цалин тэтгэврийг нэмэх боломж харагдахгүй байна

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ковидын үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр өсч энэ оны эхний улирлын байдлаар 6.7 хувьд хүрлээ. Энэ өсөлт хэр удаан хугацаанд үргэлжлэх дүр зураг харагдаж байна?

-Энэ жилийн хувьд БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэж эхэллээ. Тэр дундаа түүхий эдийн экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт бий боллоо.

Гэхдээ эдийн засгийн богино хэмжээний өсөлтийг цаашид байнга энэ хэвээр хадгалагдах юм шиг төсөөлж болохгүй. Геополитикийн болоод ковидын эрсдэлүүд одоо ч байгаа учраас урьдчилан таамаг дэвшүүлэх нь зохимжгүй.

Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл, цар тахлын эрсдэл бүрэн арилаагүй, Монгол Улсад шинэ төрлийн омикрон вирус илэрсэн талаарх мэдээлэл цацагдаж байна. БНХАУ-д ч бас коронавирусийн шинэ хувилбарууд гарч байгаатай холбоотой дахин хилээ хаах ч алхам хийхийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, БНХАУ болон Тайванийн асуудлаас үүдэн геополитикийн хурцадмал байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас эдийн засгийг урьдчилж өөдрөгөөр төсөөлөхөд хүндрэлтэй.

-Монгол Улсын экспорт тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ. Тус улсын эдийн засгийн өсөлт Монголд шууд нөлөө үзүүлдэг. Энэ жил БНХАУ-ын эдийн засаг хэдэн хувиар өсөх таамаг байна?

-БНХАУ-ын эдийн засаг хангалттай хэмжээнд өсөх таамаг гарсан. Гэхдээ тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл өмнө нь экспорт руу чиглэсэн эдийн засгийн өсөлт зохилж байсан бол энэ жилийн хувьд дотоодын эдийн засгаа түлхүү дэмжих, цааш хөгжүүлэх чиглэлд анхаарч байгаа нь ажиглагдаж байна. Энэ юугаар илэрхийлэгдэж байна гэхээр дотооддоо олон төрлийн шинэ бүтээгдэхүүн машин, техник технологи, гар утасны үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, цааш нь хөгжүүлж байна. Энэ хөгжүүлэлттэй холбоотой түүхий эдийн хэрэгцээ шаардлага үүсэхийн хувьд үүснэ. Хамгийн гол нь нүүрс байх уу, үгүй юу гэдэг нь асуудалтай.

Монгол Улс ихэнхдээ эрчим хүчний нүүрсний хэрэглээ өндөр байх өөдрөг төсөөлөлтэй байгаа ч БНХАУ байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засаг, техник технологи нэвтрүүлэхийг зорьж байна. Тийм учраас нүүрсний хэрэглээгээ багасгах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахыг үгүйсгэхгүй.

Түүхий эдийн эрэлт хэрэгцээ тэр дундаа зэсийн эрэлт өндөр хэвээр байхаар харагдаж байна. Тийм учраас зэс, алт, төмрийн хүдрийн экспорт буурах хандлага ажиглагдахгүй байна. Монгол Улсын эдийн засгийн хувьд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээ одоогийнх шигээ түүхийгээр нь экспортлоод байх биш нэмүү өртөг шингээх асуудал тулгамдаж байна гэж харж байна. Тиймээс зэсийн нөөц дээрээ суурилж гар утасны сэлбэгийн тодорхой эд ангиудыг үйлдвэрлэдэг болох, автомашины тодорхой эд ангиудыг эх орондоо үйлдвэрлэдэг болох зэргийг бодолцож, энэ чиглэлд тодорхой алхам авч хэрэгжүүлэх ёстой.

-БНХАУ Австралиас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой Монгол Улсын нүүрсний үнэ огцом буурсан гэх мэдээлэл цацагдсан. Австрали болон БНХАУ-ын эдийн засгийн маргаан нэг талдаа гарч нүүрсний экспортоо нэмэгдүүлсээр байвал бидэнд ямар нөлөө үзүүлэх бол?

-Нүүрсниий экспорт дээр Монгол Улсын хамгийн том өрсөлдөгч Австрали мөн үү гэвэл мөн. БНХАУ-ын нүүрсний хэрэглээний хамгийн том нийлүүлэгч нь Австрали. Монгол Улсын хувьд Австрали улстай нүүрсний түүхий эдийн үнээр өрсөлдөх чадваргүй байна гэхээр тээврийн зардалтай шууд утгаараа холбогдоно.

Австрали улс нүүрсээ далайн тээврээр тээвэрлэдэг учраас төмөр зам болон авто замаар тээвэрлэснээс өртөг хямд байдаг. Нөгөө талаас бид хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн зах зээл дахь үнээр түүхий эдээ зарахаас өөр сонголтгүй болно. Тийм учраас нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотой үнэ буурвал буурсан үнээр нь нүүрсээ зарахаас өөр сонголтгүй болно. Түүнээс биш өөрсдийн дураар үнэ тогтоох боломж байхгүй.

Энэ жил анх удаа нүүрсээ биржээр худалдаалдаг болсонтой холбоотой үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг Засгийн газраас өгч байгаа. Манайд бирж олон улсын стандартын дагуу нэвтэрч чадсан уу?

– Монгол Улсад түүхий эдийн бирж классик утгаараа ажиллах боломжгүй байна. Түүний гол шалтгаан нь тээврийн асуудал байгаа юм. Ковидын үед тээврийн тодорхойгүй байдал  бий болсон. Мөн төмөр замтай холбоотой тээврийн асуудлууд хүндрэлтэй байгаа учраас түүхий эдийн биржийн ажиллагаа олон улсын түвшинд хүрэх болоогүй байна. Нөгөө талаас манай усын биржээс нүүрс худалдаж авсан тохиолдолд хүргэлт хэзээ хийгдэх нь тодорхой байх ёстой. Гэтэл дэд бүтэц, тээвэрлэлтийн сул хөгжлөөс үүдэн хэлсэн, амласан хугацаандаа түүхий эдээ нийлүүлж чадах баталгааг өгч чадахгүй байна. Тийм учраас түүхий эдийн бирж классик утгаараа ажиллаж чадахгүй байгаа гэдгийг дахин  хэлье.

-Энэ жил хоёр том төмөр замын бүтээн байгуулалт хийж нээлтийн үйл ажиллагааг нүсэр хийсэн. Зарим иргэн нүүрсээ төмөр замаар тээвэрлэж хилээр гаргаж байгаа гэх ойлголттой байна. Гэтэл бодит байдал дээр Зүүнбаян-Ханги-Мандал, Таван Толгой Зүүн баян чиглэлийн төмөр замуудын холболтын цэг тодорхойгүй мухар байгаа. Цаашид жинхэнэ утгаараа төмөр замаар нүүрс, түүхий эдээ тээвэрлэдэг болоход хэр хугацаа зарцуулах бол?

-Төмөр замын тухайд гол бүтээн байгуулалтууд нь хийгдчихээд байгаа. Харин хилтэй холбогдох хэсгийн зам хүлээгдэж байгаа нь үнэн. Хоёрдугаарт, хил холболтын асуудал том асуудал биш. Гагцхүү төмөр зам  ашиглалтад ороход дээгүүр нь явах вагоны оо, чингэлэг, ажиллах хүний нөөц хангалттай биш байна. Тийм учраас замын бүтээн байгуулалтаас гадна өнөөдөр төмөр зам, воган ихээхэн хуучирсан, социализмын үеийнхээрээ шахуу байгаа. Үүнийг шинэчлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахаар байна. Түүнчлэн хил гаалийн байгууллагуудын уялдаа холбоо хангалттай түвшинд байхгүй байна. Тээвэр хийхдээ Улаанбаатар эсвэл Дархан, Чойроос ачиж байгаа тохиодолд бичиг баримтын стандарт нэг биш өөр өөр байдаг нь компани, аж ахуйн нэгжүүдэд төвөг, чирэгдэл учруулдаг. Бүх зүйл эхнээсээ тодорхой л байх хэрэгтэй. Стандарт жигд биш хуучинсаг байгаа нь бизнесийн орчин экспортыг дэмжихэд чиглэхгүй байна.

-Сүүлийн үед цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар яригдаж байна. Ийм боломж, нөөц Монгол Улсын эдийн засгийн чадамжинд байна уу. Энэ удаадаа нэмсэн ч дараа жилийн төсөвт ирэх дарамтаа дийлэхээр байна уу?

-Богино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар

3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий.

Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. Хоёрдугаарт, төлөвлөсөн хэмжээнээсээ илүү гаргаж олсон орлогоороо хуримтлал үүсгэж, урт хугацаандаа эдийн засагтаа дэмжлэг үзүүлэх нь зөв. Учир нь бид цар тахал, ковидын үед маш хүнд нөхцөлтэй нүүр тулсан. Энэ байдлаасаа зохих ёсны сургамжаа авах нь зүйтэй. Хэдхэн сарын өсөлтийг байнга ийм өсөлттэй байх юм шиг өөдрөгөөр төсөөлж үрэлгэн зан гаргаж болохгүй. Дахин ямар нэгэн байдлаар хүндрэл бэрхшээл үүсвэл эдийн засгийн хувьд хүнд байдалд орно.

-Инфляци оны эхэнд 15 орчим хувьтай байсан. Энэ сарын байдлаар 11 хувь руу орсон байсан. Гэтэл Монголбанкнаас инфляцийг нэг оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ ондоо нэг оронтой тоонд шилжих тооцоолол байна уу?

-Оны эхэнд инфляци өндөр байсан. Сүүлийн саруудад эдийн засаг идэвхжиж байгаатай холбоотойгоор тдорхой хэмжээнд инфляци буурах нь тодорхой байсан. Зуны улирал болж байгаатай холбоотой цаашид ч бага хэмжээгээр буурах дүр зурагтай байна. Мөн дулааны улиралд хүсний ногоо, махны үнийн өсөлт түр хугацаанд саармагждагтай холбоотой үнийн өсөлт буурахаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл улирлын чанартай холбоотой үнийн өсөлтийн бууралт гэдэг нь харагдаж байна.

Энэ жил Монголбанкнаас инфляцийг найман хувьд барих зорилт тавьчихсан байхад УИХ-аас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эсрэг бодлого явуулахаар тавьсан зорилтод нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ер нь бол нэг оронтой тоонд инфляцийг хүргэх нь маш амбицтай зорилго. Монголд төдийгүй дэлхийн улс орнуудын толгойны өвчин үнийн өсөлт болчихоод байгаа энэ үед сүүлийн жилүүдэд хүрээгүй найман хувьд инфляци буурна гэж бодохгүй байна.

Урт хугацаандаа хүчтэй  үнийн өсөлтөнд автагдахгүй, тодорхой хэмжээнд барихаар тооцож байгаа бол эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал байна. Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийг зун, намрын улиралд идэвхитэй байлгах биш жилийн дөрвөн улиралд тасралтгүй хэвийн нийлүүлэлттэй болгох менежмент хийх ёстой.

-Дотооддоо 100 хувь улаанбуудай үйлдвэрлэж, махаа дотоодоосоо бүрэн хангаж байгаа ч мах, гурилын үнийн өсөлт хамгийн өндөр буюу инфляцийн өсөлтөд жин дарж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг олон төрлийн бодлогоор дэмжиж ирсэн ч үр дүн гарахгүй байна. Бид эдийн засгийн ямар цикл дээр алдаа гаргав?

-Бизнесийн салбарыг өөрсдийн зах зээлийнх нь эрэлт нийлүүлэлтийн дагуу шударга өрсөлдөөний хэлбэрээр нь хөгжүүлдэггүй. Төр хэтэрхий их оролцдог. Тухайлбал, улаанбуудайн дээр жил бүр үнийг төрөөс зохицуулах оролдлого хийдэг. Мөн улаанбуудайн урамшуулал, татаас өгсөөр байхад үнэ нь өндөр хэвээр байгаа нь бодлого буруу байгааг илтгэж байна. Тийм учраас үнийг нь зах зээлийн зарчмаараа чөлөөлж, зарим нэг компани нийгмийн шалгарлаараа үйл ажиллагаа нь зогсох бол зарим нэг нь өргөжих нь зүй ёсны асуудал.

Улаанбуудайн салбарыг аваад үзэхээр том компаниуд том талбайд их хэмжээний тариалалт хийж, татаас авч байна. Тэдгээр компаниуд төрөөс татаас авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах хэмжээнд оччихсон компаниуд байдаг.

Харин жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг томруулах, бойжуулахад түлхүү анхаарах ёстой. Шударга өрсөлдөөн талаас харахад том ААН-үүдээ дэмжээд, жижиг ААН-үүдээ дэмжихгүй байгаа нь харагдаж байна. Томоохон АНН, үйлдвэрлэлүүдийн 70-80 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс эдийн засгийн бүтцийн хувьд энэ асуудалд томоохон бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай. Хотоос алслагдсан газар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх, тухайн бүс нутагт байдаггүй үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлсэн ААН-ийг дэмжих хэрэгтэй. Ээцст нь төр бодлогоо сайн гаргаад татвараа авахад л анхаарах хэрэгтэй. Түүнээс биш бүх төрлийн бизнес рүү гар дүрээд байж болохгүй.Төрөөс Монгол улсын дэд бүтцийг жигд хөгжүүлэхэд анхаарч ажиллавал ААН-үүд үйлдвэр, үйл ажиллагаагаа өөрсдөө аваад явах бүрэн боломжтой. Яагаад өнөөдөр Улаанбаатар хотод төвлөрөөд байна гэдэг бол улсын хийх ёстой дэд бүтэц, хөрөнгө оруулалтууд тэлэхгүй байгаа учраас байгаа дэд бүтцийн багтаамж дээрээ л овоорохоос өөр аргагүй болоод байна. Гэтэл дэд бүтэц, байршил сайтай газруудад УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий л компаниуд л үйл ажиллагаа явуулж байна. Төрд суугаад төрөөс дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой хүмүүсийн хувийн бизнес, хувийн компаниуд цэцэглээд бусад нь ийм боломжийг хүртэж чадахгүй байгаа нь дэндүү шударга бус. Тиймээс улсынхаа хөгжлийг бодож зам, эрчим хүч, дулаан гэх мэт дэд бүтцийг тэлж өгөхгүй л байгаа учраас  эдийн засаг солонгорохгүй, бүтээн байгуулалтууд  өрнөхгүй, үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж үр дүн гарахгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж