IPO гаргах ажлыг олон улсын жишиг, стандартаар хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

IPO гаргах ажлыг олон улсын жишиг, стандартаар хийнэ

IPO гаргах ажлыг олон улсын жишиг, стандартаар хийнэ

Системийн нөлөө бүхий арилжааны банкнууд ээлж дараалан хувьцаагаа гаргаж, олон нийтийн компани болоод эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк Монголбанк, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авч IPO хийхээ зарлалаа. Энэ талаар тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхонтой ярилцлаа.


-Сайн байна уу? Юун түрүүнд албан ёсоор зөвшөөрлөө авч олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй компани болох гэж буй танай хамт олонд баяр хүргэе. Олон улсад бизнесүүд нээлттэй компани хэлбэрээр ажиллах нь жишиг болсон. Энэ ч утгаараа дотоодын томоохон арилжааны банкнууд нээлттэй компани болж байгаа нь Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагууд олон улсын жишигт нийцэх алхам руу ойртож байна уу?  

-Тийм. Системийн нөлөө бүхий арилжааны банкнууд хувьцаагаа гаргаж, олон нийтийн компани болж байгаа нь банк, санхүүгийн зах зээлийн шинэ үеийг эхлүүлж байна. Мөн хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал алхам болж байна. Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын банкны системийн түүхэн бөгөөд арвин их туршлагатай банк юм. Эргээд дүгнэхэд Монгол Улсын эдийн засаг, хувийн хэвшил, бизнесийн хөгжилд банкны маань хувь нэмэр, үүрэг оролцоо асар их байсан. Цаашид ч ХӨГЖИЛД ХАМТДАА хүрнэ.

Үүний нэг баталгаа нь бид Монголын банкны секторын шилдэг олон улсын банк бөгөөд хамгийн том байгууллагын банк. Ганцхан жишээ дурдъя л даа. 2022 оны байдлаар банкны секторын нийт байгууллагын зээлийн 43 хувийг манай банк дангаараа бүрдүүлж байна. Салбар бүрийн тэргүүлэгч том аж ахуйн нэгжүүдтэй бид байгуулагдсан цагаас нь л эхлэн хамтарч ажилласан. Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ТОП-100 аж ахуйн нэгжийн 94 нь манай банкны харилцагч. Ийм хэмжээний том банк нээлттэй компани болж байгаа нь олон талын давуу талтай.

-Монгол Улсын эдийн засагт хамгийн өндөр оролцоотой байгууллагууд бол МХАҮТ-аас тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгж байдаг. Энэ 100 байгууллагын 90-ээс дээш хувь нь ХХБ-ны харилцагч гэдэг их сүрдэм сонсогдож байна?

-Гэхдээ зөвхөн том бизнес, том байгууллагыг л дэмждэг гэж ойлгож болохгүй. Бид жижиг дунд бизнесийг бойжуулагч банк. Зөвхөн 2022 онд гэхэд л манай нийт 494 жижиг, дунд бизнес ангиллын харилцагч байгууллагын сегментийн харилцагч болж бизнес, хүчин чадал нь томорч, хөгжсөн байна. Өнөөдрийн жижиг дундууд маргаашийн томууд шүү дээ. Маргаашийн томууд ирээдүйн Монгол Улсын эдийн засгийн чадавхыг тодорхойлж авч явна.

Бид бизнесүүдийг дэмжинэ, бойжуулна. Мөн олон улсад гарах санхүүгийн гүүр нь болно. Тухайн бизнес хэрхэн хөгжиж, томорч болохоор байна, тэр бүх боломжоор бид дэмжиж ХӨГЖИЛД ХАМТДАА хүрэхийн төлөө ажилладаг. Манай харилцагчид болон олон улсын түнш байгууллагууд маань энэ бүхний төлөөх бодит ажил, бодит үр дүнг үнэлж Монгол Улсын шилдэг байгууллагын банк, Монгол Улсын шилдэг олон улсын банк гэж биднийг тодотгож ирсэн. Энэ бол Худалдаа, хөгжлийн банкны хамгийн том давуу тал бөгөөд ялгарал юм.

-Манайх шиг жижигхэн хөрөнгийн зах зээлд олон том банкнууд хувьцаагаа гаргасны дараа IPO-оо хийхэд хөрөнгийн зах зээл дээрх сул хөрөнгө шавхагдах, олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгөө босгоход эрсдэл үүсэх үү?

-Таны хэлсэнчлэн банкнууд хувьцаат компани болох тухай асуудал хэдэн жилийн турш яригдаж, банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан цагаас эхлээд манай банканд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн гадаад, дотоодын харилцагч, хөрөнгө оруулагчид цөөнгүй байгаа.  Жишээ нь, БНСУ-аас хөрөнгө оруулагчид манай хувьцааг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Тиймээс IPO-оор татан төвлөрүүлэх хөрөнгө босох эсэх тал дээр санаа зовохгүй байна.

Мөн хамгийн гол нь Худалдаа, хөгжлийн банк олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг удаа дараалан хийсэн, олон улсын хөрөнгийн зах зээл дээр ажиллаж ирсэн туршлагатай. Үүн дээрээ суурилан IPO гаргах ажлыг олон улсын жишиг, стандартаар хийхийг зорьсон.

-Олон улсын туршлага ихтэй, дээр нь нэмээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар ХХБ-ны IPO гарахыг хүлээж байгаа гэж ойлголоо. Нэгэнт бонд ярьж эхэлснийх энэ сэдвээр үргэлжлүүлье?

-Худалдаа, хөгжлийн банк олон улсын зах зээлд бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц арилжааны банк гэдгийг та бүхэн сайн мэдэх байх. Бид нийт таван удаа бонд гаргаж 1.14 тэрбум ам.долларын дунд, урт хугацаатай эх үүсвэрийг татаж, харилцагчдынхаа бизнесийг санхүүжүүлэхэд зарцуулсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 500 сая ам.долларын бондыг бид 2020 онд бүрэн эргэн төлсөн. Бид Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй томоохон бизнесүүдэд шаардлагатай санхүүжилтийг дотоод болон гадаад эх үүсвэрээс бүрдүүлэн олгож, эдийн засгийн зүтгэх хүч нь болдог. Энэ үүргээ цаашид ч үргэлжлүүлэн гүйцэтгэсээр л байна.

-Энэ бол олон улсын хөрөнгийн болон банк санхүүгийн зах зээлд Монгол Улсын нэр хүндийг өргөсөн, итгэл хүлээсэн том ажил гэж дүгнэх байх. Танай банкийг харилцагчид тань шилдэг олон улсын банк гэж тодорхойлдог гэж та хэлсэн. Энэ талаар?

-Бид Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын байгууллагуудтай өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагаатай байхыг боддог. Гол зорилго нь ерөөсөө л бизнесүүдээ дэмжих. Жишээлбэл, Америк болон Австралийн худалдаа аж үйлдвэрийн танхимыг дурдаж болно. Өндөр түвшний харилцан хамтын ажиллагааг бэхжүүлснээр хоёр улсын хоорондын бизнесийн орчин сайжирна. Ялагч нь мэдээж бизнесийнхэн болоод Монгол Улсын эдийн засаг.

Нөгөө талаар бид олон улсад нэр хүндтэй 300 гаруй банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт болон бусад олон чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаатай. 2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 32 хувь, худалдааны санхүүжилтийн 27 хувийг дангаар хийж гүйцэтгэсэн байна.

-Худалдаа, хөгжлийн банкны өнгөрсөн болоод одоо цагийн амжилтаа та ярилаа. Тэгвэл хоёулаа асуудлаа ч бас ярих хэрэгтэй болов уу? ХХБ-ны чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгааг хэвлэлээр нэлээд шуугиантай мэдээлсэн. Яагаад ийм болов, ямар арга хэмжээ авч байна?  

-Ковид цар тахал, түүнээс улбаатай тээвэр ложистикийн хүндрэлүүд, дайн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан сүүлийн хэдэн жил эдийн засгийн идэвхжил, өсөлт сул байлаа. Товчхондоо, дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарсан. Дагаад Монгол Улсын эдийн засаг, бизнесүүд ч хямарна. Үүнтэй холбоотойгоор бизнесийн зээлийн хэрэгцээ буурч, зээлийн эргэн төлөлтөд багахан хүндрэл гарч эхэлсэн. Энэ нь манай банк шиг байгууллагын зээлийн 43 хувийг дангаараа бүрдүүлдэг банканд хэрхэн тусах нь ойлгомжтой логик юм л даа. Гэхдээ бид зээлийн эргэн төлөлтийн чанарт илүү анхаарал хандуулж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна.

Банкны секторын гүйцэтгэл тухайн улсынхаа макро эдийн засгийн тусгал болж байдгаараа маш онцлогтой салбар. Олон улсын эдийн засагт дайн, ковидын нөлөөнөөс үүссэн инфляц, АНУ, Европын банкнууд хүндрэлд орж эхэлсэн зэрэг тодорхойгүй байдал их байгаа. Гэхдээ БНХАУ-ын эдийн засаг сэргэх, тэлэх хандлагатай байгаа нь Монгол Улсын хувьд, цаашлаад бидний хувьд маш том давуу тал. БНХАУ-ын зүгээс “Тэг Ковид” бодлогоо цуцлаад зогсохгүй эдийн засгийн өсөлтөө хангах зорилгоор их хэмжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ нь уул уурхайн болон таваарын экспортыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, таваарын үнэд эергээр нөлөөлөх нь ойлгомжтой. Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөр, аж үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг манай банкны хувьд энэ нь дараагийн их өсөлтийн боломж гэж харж байна.

-Хөрөнгө оруулагчид тухайн компанийн ирээдүйн өсөлт хэрхэн явагдахаас нь хамаарч хөрөнгө оруулалт хийх эсэх шийдвэрээ гаргадаг.  Танай банкны ирээдүйн өсөлт?

-Манай улсын ДНБ-ий томоохон хэсэг, экспортын орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг гол түүхий эдүүдийн үнэ одоогоор маш таатай түвшинд байна. Коксжих нүүрсний үнэ энэ онд 160-170 ам.доллар хүрлээ. Эрдэнэс Таван толгой компани өнгөрсөн оны сүүл, энэ оны эхний улирлуудад олборлолт, экспорт хамгийн өндөр түвшинд хүрснийг мэдээлсэн. Зэсийн үнэ тонн тутамдаа 8000 ам.долларыг хол давсан бол, алтны үнэ унц тутамдаа 2000 ам.доллар байна. Товчхондоо, түүхий эдийн супер цикл явагдах нөхцөл бүрдээд байна. Энэ үед манай улс эдийн засаг өндөр өсөлт үзүүлэх боломжтой.

Эдийн засгийн өндөр өсөлтийн үед компаниуд болон иргэдийн орлого нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр банкны эх үүсвэрийн хэмжээ ч нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт, зээл санхүүжилтийн хэрэгцээ өснө. Зээлийн эрэлт, тэр дундаа бизнесийн зээлийн эрэлт нэмэгдэнэ. Үүнтэй уялдаад зээлийн чанар, эргэн төлөлт ч сайжирдаг. Энэ нь байгууллага суурьтай манай банкны ашигт ажиллагаанд маш чухал нөлөөтэй. Жишээ нь, Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй байсан 2010-2014 онуудад Худалдаа, хөгжлийн банкны актив, өөрийн хөрөнгө, цэвэр ашиг зэрэг үзүүлэлтүүд сектортоо хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байдаг. Товчхондоо, банкны өсөлт нь дэлхийн болоод Монгол Улсын макро олон хүчин зүйлээс хамаарна.

-Монголын ТОП-100 компанийн жагсаалтад том банкнууд бүгд багтдаг. Мэдээж арилжааны банкнуудын үр ашиг сайн байгаа учир л багтаж байгаа. Гэхдээ банкнуудын хувьцаанд хөрөнгө оруулах нь үнэхээр ямар ч эрсдэлгүй байж чадах уу?

-Хөрөнгө оруулах үйл ажиллагаа нь тодорхой эрсдэлтэй гэдгийг хөрөнгө оруулагчид мэдэж байгаа байх. Магадгүй та мөнгөө санхүүгийн үзүүлэлт сайтай томоохон банкны хадгаламжид хадгалуулсан бол таны хүртэх өгөөж тодорхой байна.

Харин хөрөнгийн бирж дээр гарсан хувьцаа тухайн бирж дээрээ чөлөөтэй арилжаалагдаж, хүссэн хүн бүр худалдан авах, худалдах боломжтой. Тухайн нэг цаг хугацаанд хувьцааны ханш ямар байх нь маш олон хүчин зүйлээс шалтгаална. Үнэ ямар байхыг баталгаатай таамаглах боломжгүй. Тухайн зах зээлд оролцогчдын мэдлэг, туршлага, чадвараас гадна сэтгэл хөдлөлийн хүчин зүйлүүд ч богино хугацаанд зах зээлийг хөдөлгөх боломжтой. Тиймээс хөрөнгө оруулагчдад эрсдэл үргэлж байдаг.

-Миний санаж байгаагаар арилжааны банкнуудын хувьцаа нь ямар ч эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэсэн ойлголт нэлээд явсан?

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил газрын тосны үнэ нэг удаа хасах руу орсон. Танд газрын тосоо өгөөд, дээр нь мөнгө өгнө гэсэн үг. Энгийн логикоор бодоод үзэхэд ямар ч утгагүй зүйл. Гэхдээ янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад ийм тохиолдол гардаг. Хэдий энэ таваарын зах зээлийн жишээ боловч чөлөөтэй худалдаж авч, худалдаж, арилжаа хийдэг талаараа хөрөнгийн зах зээлтэй яг адил. Ийм ч учраас энэ зах зээлд ажилладаг хүмүүс болон мэргэжлийн байгууллага, багтай хамтарч ажилла, дааж чадах хэмжээний эрсдэлээ хий гэх зэргээр үргэлж сануулж байдаг.

Гэхдээ нэг талдаа эрсдэл байгаа шиг нөгөө талд өгөөж бий.  Хувьцаа худалдан авч байгаа хүн хоёр хэлбэрээр өгөөж хүртэнэ. Нэгдүгээрт худалдан авсан хувьцааны үнийн өсөлтөөс, хоёрдугаарт хувьцааны ногдол ашгаасаа. Тэгэхээр хувьцааны ард бодит бизнес, бодит хөрөнгөтэй, өгөөжтэй компанийг сонгож, бүрэн судалж, үнэ цэнийг нь зөв тооцоолох хэрэгтэй. Ийм хөрөнгө оруулалт урт хугацаанд өндөр өгөөж өгдөг жишээг бид олон мэднэ.

-Худалдаа, хөгжлийн банк хөрөнгө оруулагчдад ямар боломж, давуу тал санал болгож байгаа вэ?

-Худалдаа, хөгжлийн банк уламжлалт давуу талуудаа хадгалан улам бэхжүүлнэ. Үүний зэрэгцээ иргэдийн банкны зах зээл болон жижиг, дунд банкны зах зээлээ хүчтэй тэлэх стратеги баримталж байна. Бид урт хугацааны өсөлт, өгөөжийг бий болгох бүрэн бололцоотой.

Үүнд хүргэх дунд хугацааны стратегийн зорилтуудаа тодорхойлон хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оноос эхлэн

  • Харилцагч төвтэй банк болох,
  • Платформ банк болох,
  • Олон улсын банк болох

зорилтуудад чиглэсэн шат дараатай олон ажлыг хийж байна. Үр дүн нь ч гарч байна. Бритто картыг нэвтрүүлснээр 2022 онд виза картын зах зээлд эзлэх 14 хувиа 25 хувь болгож өсгөлөө. Хуримтлалтай Монгол хадгаламжийн аянаар дамжуулж 2022 онд 43 мянга гаруй иргэн шинээр хадгаламж нээлгэлээ. Энэ тоо нь өмнөх онуудаас даруй 5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Бид шинэ бизнес стратеги, бүтэц, моделио боловсруулж нэвтрүүлэн, зүгшрүүллээ. Цахим шилжилт, технологийн шинэчлэлтэд томоохон хөрөнгө оруулалтууд хийж байна. Дотоод процессыг хөнгөвчилж, зардлыг бууруулах, хиймэл оюун ухааны дэмжлэгээр шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх дэлхийд тэргүүлэх системүүдийг нэвтрүүлж байна. 

-Тэгвэл IPO-оор татсан хөрөнгийг юунд зарцуулах вэ?

-Манай банкны дунд хугацааны стратегийн зорилтуудын нэг Ногоон банк болох. IPO-оор татсан хөрөнгө Ногоон болон тогтвортой санхүүжилтийн зээлийн эх үүсвэр болно. Том болон жижиг дунд байгууллагуудын хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд илүү анхаарна. Харин иргэдийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээ, нүүрсхүчлийн ялгаруулалт бага тээвэр, ногоон барилга болон орлогод нийцсэн орон сууцыг санхүүжүүлэхэд ашиглахаар төлөвлөж байна.

Худалдаа, хөгжлийн банк тогтвортой санхүүжилт гэдэг ойлголтыг Монголын санхүүгийн системд анх 2012 онд нэвтрүүлсэн. Монголын тогтвортой санхүүжилтийн холбоог үүсгэн байгуулалцаж, энэ чиглэлээр олон ахиц гаргаж, салбараа түүчээлж ирсэн. Мөн НҮБ-ын санаачилга дор байгуулагдсан Green Climate Fund буюу Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага. Тус сангийн санхүүжилтээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж бидэнд нээгдсэн. Ирэх жилүүдэд тус сангийн санхүүжилттэй хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналаа Засгийн газар болон хувийн хэвшлийн харилцагч нартайгаа хамтран боловсруулж байна. Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, бүс нутгийн ногоон хөгжил гээд улсын хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар хүрээгээ тэлэхэд IPO-оос татан төвлөрүүлэх хөрөнгө тодорхой дэмжлэг болно.

-Дэлхий нийтээр ногоон руу явж байгаа энэ цаг үед их таатай сонсогдож байна. Ингээд сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

-Банк хувьцаат компани хэлбэртэй болсноор засаглал, хяналтын хувьд улам бэхэжнэ. Үүний зэрэгцээ татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээгээр өөрийн хөрөнгө нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжих юм. Үр дүнд нь бид харилцагч нэг бүртэйгээ ХӨГЖИЛД ХАМТДАА алхах болно.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Монгол Улс болоод дэлхийн эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар өгөөжтэй яриа өрнүүллээ. Худалдаа, хөгжлийн банк нээлттэй компани болох том ажилд амжилт хүсье.

Ярилцсан: Б.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж