Пропорциональ: Т.Доржханд VS Ц.Даваасүрэн

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Пропорциональ: Т.Доржханд VS Ц.Даваасүрэн

Энэ долоо хоногийн VS буландаа сонгуулийн тогтолцооны талаарх гишүүдийн эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Парламентад "10 хувь" гэдгээр танигдсан Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүдийн тоо, сонгуулийг тогтолцоог өөрчлөхийг дэмжихгүй гэдгээ  удаа дараа чуулганы индэр дээрээс хэлдэг. Харин эсрэгээрээ тоо, тогтолцоог өөрчилснөөр хулгай арилна хэмээн Т.Доржханд гишүүн хэлэх дуртай. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг хүргэе. 

Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн

Үндсэн хууль бол эрх мэдлийн дээд хязгаар учраас үүнийг хөдөлгөнө гэдэг бол эрх мэдлийн хуваарилалтыг өөрчилдөг. Мөн бид төр, ард түмний гэрээ юм гэж ярьдаг. Тийм учраас төрийн ч, ард түмний ч хувь заяаны асуудал юм. Би Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөхийг дэмждэггүй. 

Нэгдүгээрт, пропорциональ тогтолцоог дэмждэггүй. Намын жагсаалтын ард хүн сонгогдохыг дэмжихгүй. 

Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс гадна тоо нэмж байгаа асуудлыг иргэд хэр хүлээж байгаа вэ гэдэгт эргэлзэж байна. Иргэд дэмжихгүй байгаа. 

Одоо манайхан санал гээгдэж байна гээд ярьдаг. Энэ чинь их сонин. Олон ургальч үзэлтэй зах зээлийн тогтолцоонд 100 хувийн санал авдаг гишүүн нэг ч гарч ирээгүй, цаашид ч гарч ирэхгүй. Саналаа өгөөгүй хүн нь гишүүн болчхоор гишүүн болгохын төлөө саналаа өгсөн олонх дургүйцэнэ. 

Намын жагсаалтын ард нөгөө янз бүрийн юманд холбогддог, ард түмний итгэл алдсан хулгарууд бол ороод л ирнэ. 

Би пропорциональ тогтолцоог аюултай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, пропорциональ тогтолцоотой улс орнуудад гаднын улс орнуудын бодлогыг дэмжсэн гэдэг юм уу, үндэсний бодлоготой, шашны урсгалыг дэмжсэн намууд бий болдог. 

2014 онд бид нар Норвегид айлчилсан. Норвегийн парламентын дэд дарга нь пакистан хүн байсан. Яагаад гэвэл лалын намын, лалын цагаачид нь дэмжчихсэн. Тэгэхээр юу ч болж болно гэж бодох хэрэгтэй. Жишээлбэл, урд юм уу хойд хөршид томоохон хөдөлгөөн гараад сая сая дүрвэгч ирж болно. Хэдэн жил ч манайд амьдарч болно. Иргэн ч болж мэднэ. Гэтэл бид пропорциональ сонгуулийн тогтолцоотой байх юм бол яг энэ Норвеги шиг балрах байхгүй юу. Хамгийн аюултай юм нь энэ.

Мөн Засгийн газар нь тогтворгүй болдог, олон нам орж ирдэг учраас. 

Т.Доржханд
УИХ-ын гишүүн

Орж ирсэн төслөөр 50 хувь нь пропорциональ тогтолцоо буюу улс нэг тойрог байя гэж байгаа юм. 76 жижиг тойргийг санхүүжүүлсээр байгаад монголчууд өнөөдөр 33 их наядын өрөнд орчихлоо шүү дээ.  Тиймээс Монгол Улс нэг тойрог болоод УИХ-ын гишүүн нь зөвхөн тойрогтоо хөрөнгө оруулалт татаж, байшин барьдаг, тууз хайчилдаг, алга ташуулдаг байдлыг халъя.  Улс орныхоо хөгжлийн асуудал, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам, хил гааль, боомт, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбартаа хөрөнгө оруулъя. Иймийн тулд пропорциональ элемент хэрэгтэй юм аа. Ядаж парламент дээр 50 хувь нь бодлого ярьдаг байж, тэнцвэрээ хангах гээд байгаа юм. Үр дүнд нь бид нар төсвөө алдагдалгүй баталдаг боломжтой болно. Алдагдалгүй төсөв батладаг болчихвол  өндөр хүүтэй өр зээл  авах шаардлагагүй болно. Монгол улсын зээлжих зэрэглэл өснө. Ингэснээр Хөгжлийн банкнаас, ЖДҮ сангаас, төрийн аль ч эх үүсвэрээс хямд эх үүсвэртэй зээл авах шаардлага хувийн секторт байхгүй болно. Эсрэгээрээ хувийн сектор олон улсаас болоод дотоодоосоо хямдхан эх үүсвэр татах боломжтой болох юм аа. Ингэж байж хувийн сектор тэлж, үр дүнд нь зах зээлийн нийгэм ажилладаг. Ингэж  иргэд нь орлоготой, тодорхой түвшний мэдлэгтэй болох юм бол ардчилал өөрөө бэхждэг.  Энэ бол дэлхийн түүх юм. Иймээс эдийн засаг, тогтолцооны асуудал чухал. Энэ 152 гишүүнтэй болно гэдэг нь маш чухал. Энэ бүхэн судлаачдын байр суурь. Одоо бид судалгаа, бодлого, судлаачдынхаа дүгнэлт дээр үндэслэж, шийдвэр гаргах цаг нь болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж