Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ардчилсан нам болон ХҮН-ын удирдлагуудтай уулзжээ. Уг уулзалтаар УИХ-ын гишүүдийн тоо, мөн сонгуулийн пропорцианаль, можаритор тогтолцооны хувь хэмжээн дээр санал солилцсон байна.
УИХ-ын гишүүд өнгөрсөн 10 хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд парламент нь 152 гишүүнтэй болох, 152 гишүүний 76 нь тойргоос, 76 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогддог болох төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулсан юм. Гэхдээ иргэд гишүүдийн тоог нэмэх нь зөв ч 152-ыг буулгах гэсэн байр суурь түлхүү илэрхийлсэн. Мөн сонгуулийн холимог тогтолцооноос можаритор хувилбарыг нь илүү түлхүү барих ёстой гэж үзсэн байдаг. Иймээс энэ асуудлаар УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай зөвшилцөх шаардлага үүсээд буй.
Эх сурвалжийн мэдээгээр УИХ дахь МАН-ын бүлэг 126 гишүүнтэй байж болох юм гэсэн хувилбар дээр тогтож, түүнийг нь Ардчилсан намын бүлгийн удирдлага дэмжсэн гэдэг мэдээлэл байгаа бол ХҮН 152 гишүүнтэй болох ёстой гэж үзжээ. Харин сонгуулийн холимог тогтолцооны тухайд можаритор тогтолцоо нь пропорцианалиасаа илүү хувь байх ёстой гэж үзсэн тул 60х40 гэсэн харьцаагаар сонгуулийн тогтолцоог тогтоох боломжтой гэдэг асуудлаар талууд зөвлөлджээ. Маргааш уг асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийн хуралдаан зарлагдсан тул дахин парламентад суудалтай намын удирдлагууд гишүүдтэйгээ зөвлөлдсөн шийдвэрээ эргэн ярилцах юм байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх үеэрээ “МАН-ын бүлэг нь 152 гишүүний тоог буулгах тал дээр санал нэгдсэн. Гол нь хэдээр буулгах вэ гэдгийг тогтоогүй. УИХ-д суудалтай Ардчилсан нам, ХҮН-ын төлөөлөлтэй уулзаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дан ганц эрх барьж байгаа нам шийдэхгүй” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ