Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас дараах тодруулгыг хийлээ.
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тойрогтоо ажиллаад ирлээ. Танай тойргийн иргэд ямар санал хэлж байна?
-УИХ-ын гишүүд бүгд тойрогтоо ажиллаад ирлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой мөн хаваржилт хүндэрсэн асуудлаар болоод өргөн хэрэглээний гол барааны үнэ өссөн, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө иргэдийн амьжиргаанд хүрэхгүй байгаа талаар ихэвчлэн санал бодлоо хэлж байна. Мөн шударга ёсыг төрийн бүх шатанд тогтоох, авлига, хээль хахуультай тэмцэх ажлыг идэвхийлэн, тууштай хийх ёстой гэдгийг хэлж байна. Иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед авлига, албан тушаалын хэрэгтэй төр тууштай тэмцэх ёстой. Ингэж байж үр дүн гарна, иргэдийн амьдрал сайжирна гэдэг асуудлыг ярьж байна.
-Гишүүдийн тоог 152 болгох асуудалд иргэд ямар байр суурьтай байна?
-Янз янзын санал хэлж байна. Тодорхой хэмжээнд нэмэх нь зүйтэй. Гэхдээ 152 болгох нь арай л их байна гэдэг санал хэлж байна. Хоёрдугаарт, Баянзүрх дүүрэг болоод Сонгинохайрхан дүүргийн нийт хүн ам нийлээд Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 50 хувийг бүрдүүлдэг. Нэг гишүүнд 70 мянган иргэн ногдож байгаа учраас гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж болно. Тэгэхдээ үүнийгээ дагаад сахилга хариуцлага сайжрах, гишүүдийн идэвхи оролцоо нэмэгдэх ёстой гэдгийг хэлж байна. Гишүүдийн тоог нэмэснээр дахин авлига, албан тушаалын хэрэг нэмэгдвэл үр дүн гарахгүй. Авлигчдын тоог нэмэх үүд хаалга нээгдэх ёсгүй гэсэн байдлаар давхар хариуцлагын асуудлыг хөндөж байна.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж байгаа олон асуудал бий. Хүүхдийн мөнгийг ялгаатай олгож байгаа асуудалд иргэд бухимдалтай байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж ирлээ. Ямар гарц гаргалгаа, шийдэл байна?
-Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ганцаараа шийддэггүй. Бараа бүтээгдэхүүнний үнэ өсч байгаа нь бид хэдий хэмжээний доллар олж, хэдий хэмжээний доллар зарцуулж байгаагаас ханшийн зөрүү ихээхэн хамаардаг. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, мах, шатахууны үнийг тогтмол хэмжээнд барих асуудлыг ярьж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгох асуудлыг хөндөж байна. Хүүхдийн мөнгийг 2023 онд 91 хувьд нь олгохоор төсөвт суулгасан. Тийм учраас төсвийн тодотгол хийхээс нааш ямар ч сайд дур мэдэн шийдэх боломжгүй. Энэ бол Төсвийн хуулийг зөрчсөн асуудал учраас хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнтэй холбоотойгоор төсвийн тодотголыг нэн тэргүүнд хийж байж, шийдэх нь зүйтэй гэдгийг иргэд, олон нийт ч үзэж байна. МАН-ын бүлгийн гишүүд ч энэ асуудлаар саналаа хэлж байна.
Төрийн албан хаагчдын цалинг хэт ялгаатай тогтоосон нь тэгш бус байдал үүсгэж байна. Энэ асуудлаар судалгаа хийгээд цалинг нэмэгдүүлэх хэд хэдэн саналыг боловсруулаад танилцуулсан. Мөн л төсвийн тодотгол хийж байж шийдвэрлэх ёстой. Учир нь цалин нэмэгдүүлэхтэй холбоотой цалингийн зардал дагаад өснө. Орлого өсч байж зарлага дагаад өсөх боломжтой. Засгийн газраас макро эдийн засгийнхаа нэг болон хоёрдугаар улирлын өсөлтийг нэн тэргүүнд харна гэдэг асуудлыг ярьж байгаа. Учир нь цалингийн зардал гэдэг бол нэг нэмэгдүүлчихвэл эргээд багасгах боломжгүй зардал. Тийм учраас 2023 оны төсвийг өргөн барих үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг та бүхэн санаж байгаа байх. Монгол Улсын худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын хил хаалттай. Тэг ковид бодлого хэзээ зогсох нь тодорхойгүй байснаас үүдэн тээвэр логистикийн үнэ өндөр, иргэдийн гадагшаа, дотогшоо зорчих нөхцөл байдал амаргүй үе байсан. Түүнчлэн Хөгжлийн банкны нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, Хөгжлийн банк дампуурвал Монгол Улсын 2023 онд хүлээгдэж байсан олон бондуудаа төлж чадахгүй нөхцөл байдалд очихоор байсан. Тиймээс өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газар төслөө боловсруулж аравдугаар сарын 01-нээс өмнө УИХ-аар батлуулах ёстой. Энэ үед эдийн засгийн хувьд маш олон зүйл тодорхойгүй байсан учраас “Юмыг яаж мэдэх вэ. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч,бондын өрөө төлж чадахгүйд хүрэх вий” гэсэн болгоомжлолоор төсөвт хандаж, боловсруулан баталсан. Төсөв баталснаас хойш I болон II дугаар улирлын эдийн засгийн боломж бололцоог харж байгаад иргэдээс трүүлж байгаа асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.
-Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг байна. Энэ хэмжээ нэмэгдэх боломжтой юу?
–Ковидын үед ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлсэн. Зарим нэмэгдлүүдийг аваад үзвэл бараг 35 орчим хувиар нэмэгдсэн байсан. Гэтэл өнөөдөр энэ нэмэгдэл хангалттай хэмжээнд биш байна. Учир нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн. Ер нь бид нэг ийм чөтгөрийн тойрогт орчихоод байна л даа. Цалин тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцээд маргааш нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг. Бараа бүтээгдэхүүний үнэ дахиад нэмэгдчихвий гэсэн болгоомжлол бидэнд байна. Тийм учраас ханш, тээвэр логистикийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт гэх мэт эдгээр бүх зүйлүүдийг харгалзаж үзэхгүй бол болохгүй гэх макро эдийн засагчдын тооцоолол бий. Тэтгэвэр, цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсчихвөл иргэдийн амьдралд бодиттой өөрчлөлт гарахгүй. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш байгаагийн хор нөлөө их гарч байна л даа.
-Нийгмийн даатгалын сан одоо ч алдагдалтай ажиллаж байгаа. Дахин ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдвэл асуудал бүр л хүндрэхээр байна. Цаашид Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхийн тулд бодлогын ямар шинэчлэл хийх вэ?
–Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гарч 10 гаруй аймагт хэлэлцүүлгүүдийг хийчихсэн байна. Өнөөдөр НДШ төлж байгаа 1.2 сая иргэн 470 орчим мянган ахмадын тэтгэврийг тавьж байна. Ажил эрхлэгчид НДШ өндөр байгаа талаар шимтгэл төлөгч бүр бухимдалтай байна. Гэтэл одоо тэтгэвэр авч байгаа 470 орчим мянган ахмадынхаа тэтгэврийг тавьж чадахааргүй хэмжээнд хүрчихсэн байна. Цаашид ахмад настануудын тоо улам нэмэгдэнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг ахмад настнууд эзэлж байна. Тэгвэл 2050 он гэхэд 20 хувь болж өснө. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын багц хуулийг хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх, хувийн болон олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болгох, тодорхой хувийг нь өвлүүлэх, иргэд амьдралынхаа туршид хэдэн төгрөгийн НДШ төлж, хэдэн төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж төлөх боломж бололцоо бий болсныг хардаг болох энэ тогтолцоог бий болгохтой холбогдуулан Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьчихаад байна. Энэ хуулийг Үндсэн хуулийн нэмсэлт, өөрчлөлтийн дараа УИХ-аар хэлэлцэх болов уу хэмээн харж байна. Энэ бол иргэдийн хүсэн хүлээж байгаа том асуудлын нэг болчихоод байна. Иргэдийг НДШ-ээ төлөөч ээ гээд байдаг. Ирээдүйд тэтгэвэрт гарахад нь хэмжээ нь бага, амьжиргаанд хүрэхгүй байх юм бол одоо олж байгаа орлогынх нь 1\3 нэгийг нь авч байгаа нь тэдэнд хүнд тусч байна. Түүнчлэн тэтгэврээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь хангалтгүй байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин авч үзэх ёстой гэх мэт олон асуудал манай салбарт тулгамдаж байна.
Сайдын ажлыг аваад сар л болж байна. Энэ хугацаанд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ч нэмэгдүүлэх асуудлыг тооцоо судалгаа муутай хийх юм бол ард нь бухимдалтай, гомдолтой үлдэх хүмүүс олон байна. Тиймээс нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж хийхийн тулд цаг хугацаа нэлээд орохоор байна.
Холбоотой мэдээ