Парисын олимп хаяанд ирсэн энэ үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн болон шигшээ багууд хүнд цаг үеийг туулж байна. Хэдий шинэ улирлын эхэнд шигшээ баг Азийн аварга болсон ч түүнээс хойш амаргүй цаг үеийг үзэж буй. Угтаа тэмцээн бүрт өндөр амжилт, тоглолт бүрт олон оноо авах авч чансааны оноогоо нэмэх хэрэгтэй юмсан. Гэтэл Улаанбаатар ММС Энержи багийн гол тоглогч Э.Дөлгөөн гарын бэртлийн улмаас ирэх дэлхийн аваргыг бараг л өнжиж байгаа бол Сансар ММС Энержи багийн легионер тамирчин Александр Ратков ойрын хугацаанд тэмцээнд орохгүй аж.
Монголоос аль болох олон хүчирхэг мэргэжлийн багууд байж Монголын дэлхийн чансааны оноо өсөж, олимпийн эрхээ шууд авах бололцоо үүснэ.
Мөн мэргэжлийн багуудын бүрэлдэхүүн сонголт дээр шүүмжлэл их дагуулж байна. Их дуулгын нээлтийн тэмцээнд Э.Дөлгөөнийг орлож, залуу тамирчин Э.Авирмэд Улаанбаатар ММС Энержи багт багтсан ч тэд хүлээлтэд хүрсэн амжилтыг үзүүлээгүй. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт болсон Макаогийн мастерсын эрх олгох Шенжений тэмцээнд Монголоос гурван баг өрсөлдсөн ч тун тааруу тоглолтыг үзүүлсэн.
Үүний дараа гавьяат дасгалжуулагч С.Тулга ч дараах мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр цахим хуудаснаа “MGL3X3 сонирхогч та бүхэн дээ. Би клубын хуваарилалт болон тамирчдаа энэ жилээс мэдэхгүй байгаа шүү. Г.Цэнгүүнбаяр, Б.Батзолбоог бүр мэдэхгүй байгаа. Клуб болон холбооны удирдлага бүгдийг шийдэж байгаа. Нэг мэдэж байгаа зүйл бол энэ залуусыг багаас нь дэлхий, олон улсын тамирчид болгосон. Азийн аварга болсноос хойш хүүхдүүдтэйгээ тэмцээнд ч явахгүй Монголдоо та бүгдтэй адилхан хожихоор баярлаж, хожигдохоор нь гомдоллоод гэртээ л сууж байна. Надаас клубтэй энэ олон шилжилт хөдөлгөөний талаар асуухгүй байхыг хүсэж байна” гэжээ.
Монголд 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн гурван хүчтэй баг гаргах нөөц бололцоо бий. Харамсалтай нь, эвээ олж, зөв тамирчдыг нэг багт бүрэлдүүлж чадахгүй л явна. Хэрэв Э.Дөлгөөн, Стив Сир хоёр эргэн Улаанбаатар ММС Энержи багтаа нэгдвэл тэд дэлхийн топ баг. Мөн Александр Ратков тэмцээнүүдэд оролцож эхэлвэл Сансар ММС Энержи чанга бүрэлдэхүүнтэй. Үүнээс гадна Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, М.Өлзий-Орших, Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ, Н.Ганбаатар, Б.Сүхбат, А.Батхуяг, Ч.Ихбаяр нар дундаас хоёр хүчтэй баг гаргах боломж харагдаж л байна.
Манилагийн Их дуулгын тэмцээн ирэх Бямба гаригт эхэлнэ. Энэхүү тэмцээнд Сансар ММС Энержи баг өрсөлдөнө. Багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Ч.Ихбаяр, О.Энхбаатар нараас гадна саяхнаас 3х3 сагсан бөмбөгт хүч үзэх болсон Н.Мөнхчөдөр багтжээ. Харин Александр Ратков оролцохгүй аж. Тэд тэмцээний D хэсэгт Хятадын Бээжин болон Катарын Аль Вакрах багуудтай өрсөлдөнө.
Холбоотой мэдээ