Тамирын талбай барих газрыг чөлөөлөхгүй барилгын ажил эхлүүлэхээр зэхжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Тамирын талбай барих газрыг чөлөөлөхгүй барилгын ажил эхлүүлэхээр зэхжээ

Тамирын талбай барих газрыг чөлөөлөхгүй барилгын ажил эхлүүлэхээр зэхжээ

Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн бүсэд сурагчдын биеийн тамирын талбай барихаар төлөвлөсөн газарт барилгын ажил эхлүүлэх гэж байгаа талаар мэдээлэл цахим хуудаст гарсан. Бид энэ талаар холбогдох мэдээллүүдийг тодруулан хүргэж байна.

1000 МЕТР КВАДРАТ ГАЗАР 130 ДУГААР СУРГУУЛИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР БИШ

130 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Нармандахаас тодруулахад "Сургуулийн баруун хэсэгт байрлах 1000 метр квадрат газрыг өнгөрсөн жил хашаалсан. Сурагчдын сурах, хөгжих орчин дахь биеийн тамир, спортоор хичээллэх боломжтой үлдсэн ганц талбай учир эцэг, эхчүүдийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард эцэг, эхчүүд нэгдэж, тус талбайг чөлөөлж, сурагчдад ээлтэй орчин бий болгох, зайлшгүй шаардлагатай биеийн тамирын талбай барих ажил хийхийг уриалж, жагссан. Улмаар хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч, сургуулийн бүсийн газарт барилгын ажил явуулах асуудлыг шалгаж, спортын талбай барих талаар шалгаж, шийдвэрлэхийг холбогдох албаныхан үүрэг болгосон.

Тухайн үедээ холбогдох хүмүүс ирж шалгасан. Гэвч одоог хүртэл тус талбайг сургууль ашиглах боломжтой эсэх зөвшөөрөл албажсан зүйлгүй бөгөөд газрыг хашаалсан компани ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Уг нь бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас сургуулийн баруун талд байгаа 1000 метр квадрат газрыг 130 дугаар сургуулийн спортын талбай барих төлөвлөгөөнд оруулсан юм байна лээ. Гэтэл 2023 он гараад хагас жилийн хугацаа өнгөрч байхад эцсийн шийдвэр албажаагүй. Бидний зүгээс хотын захиргаа болон холбогдох албаныхан хүсэлтээ өгсөн. Өнөөдрийн байдлаар тус талбайг сургууль ашиглах боломжтой шийдвэр хаана гацаад байгаа нь тодорхойгүй байгаа. Хашаалсан талбайд барилгын ажил эхэлсэн зүйл байхгүй. Тиймээс бидний зүгээс холбогдох газруудаас албан хариу ирэхийг л хүлээж байна" гэлээ.

Тус сургууль нь анх 920 хүүхдийн хүчин чадалтай гэж ашиглалтад оруулсан ч одоогоор 2820 хүүхэдтэй хичээллэж байгаа аж. 130 дугаар сургуулийн хувьд олон улсын стандартад нийцсэн тохижилттой, нэг ангид цөөн хүүхэд хичээллэх зориулалт бүхий жижигхэн анги танхимтай ч нөхцөл байдлаас хамаараад нэг ангид 50 хүүхэд сурдаг байна.

Ангиудын хаалга, хана тэр чигтээ шилэн, бүгд нээлттэй тохижилттойгоороо тус сургууль онцлог аж. Гэвч гадна хэсгийн зай талбай багатайгаас шалтгаалж биеийн тамирын талбайгүй дулааны улиралд ч зааланд хичээллэж байгаа нь сурагчид болоод эцэг, эхчүүдэд хүндрэлтэй байдгийг өнгөрсөн жилийн эсэргүүцлийн жагсаалаар эцэг, эхчүүд хэлж байсан юм.

2022 ОНЫ АРАВДУГААР САРД ХОТЫН ДАРГА ШАЛГАХ ҮҮРЭГ ӨГЧ, АРВАНХОЁРДУГААР САРД ШИЙДВЭР ЭЦЭСЛЭГДЖЭЭ

Одоогоос долоон сарын өмнө Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныханд сургуулийн ойролцоох тус газарт барилгын ажил явуулж байгаа эсэхийг шалгах үүрэг өгч байсан. Тус шалгалтын хүрээнд барилгын ажил эхлэх гэж байсан талбайг чөлөөлсөн ч хашаалсан хэвээр үлдээжээ. Өчигдөр энэ асуудлаар цахим хуудаст багагүй шүүмжлэл өрнөөд буй.

Газрын асуудалтай холбоотойгоор Хотын дарга өөрийн цахим хуудастаа "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 116 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-нд 130 дугаар сургуулийн баруун хэсгийн 1000 м.кв газрыг биеийн тамирын талбайн зориулалтаар чөлөөлөхөөр тусгасан.

Гэвч 2023 он гараад талдаа ороход тус төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажил байхгүй, газар эзэмшиж буй "Суруга стандарт" ХХК-ийн нөхдүүд "барилга барина юун сургуульд өгөх" гэсэн юм яриад явж байх юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа хийх хэрэгтэй байна. Сургууль орчимд хотыг яаж буруу төлөвлөж ямар нөхцөл байдалд оруулж байгаагаа Хот байгуулалтын хөгжлийн газрын нөхдүүд мөн харах ёстой" гэсэн юм.

ДАРХАН ЭРХТЭЙ "СУРУГА СТАНДАРТ" ХХК-Д ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР БАЙДАГГҮЙ

Бид дээрх мэдээллийн дагуу "Суруга стандарт" гэх компанитай холбогдохыг оролдсон ч мэдээлэл олдсонгүй. Мөн тус талбайг эзэмшдэг зөвшөөрөл, ямар зориулалтын барилга барих гэж байгаа гэх мэдээллүүд ч хаалттай байлаа.

Тус компани нь 2018 оны гуравдугаар сард хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Жамбалжамцын Ганбаатар гэдэг хүн ажилладаг байна.

Сургуулийн бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь цуцлагдаж, 1000 метр квадрат газрыг чөлөөлөх шийдвэр нь гарсан ч өнөөг хүртэл чөлөөлөхгүй байгаа тус компани хэрэв барилгын ажлаа эхлүүлбэл олон хүүхдийн сурах, хөгжих эрх ашиг зөрчигдөнө. Тиймээс холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг даруй авах биз ээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж