Европын холбоо ОХУ-ын эсрэг 11 дэх удаагийн багц хориг арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Энэ удаагийн хориг нь хориг арга хэмжээг тойрч гарах явдлыг таслан зогсоох зорилготой. Тодруулбал, хориг арга хэмжээ авсан бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д хүргэхэд тусалж буй компани, улс орнуудыг онилж болзошгүй. Зарим гуравдагч орон Европын холбооноос хориг арга хэмжээ авсан бараа бүтээгдэхүүнийг импортолж, улмаар ОХУ руу экспортолж байна.
Түүнчлэн хориг арга хэмжээний хүрээнд Оросоор дамжин өнгөрөхийг хориглосон Европын холбооны бүтээгдэхүүний жагсаалтыг нэмж магадгүй. Транзит тээврийн хориг байх ёстой эсэхийг хэлэлцэнэ гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлэв.
Европын зөвлөлийн 46 гишүүн орны удирдагчид энэ долоо хоногт Исландын Рейкьявик хотноо хуран чуулж, Украинд дэмжлэг үзүүлэх болон Оросын эсрэг хориг арга хэмжээг хэлэлцэнэ. Дараа нь Франц, Герман, Италийн удирдагчид болон Европын комисс, зөвлөлийн тэргүүн нар Хирошима хотод "Их 7"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
Эх сурвалж: EURONEWS