“Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол иргэд бухимдалтай байна”

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

“Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол иргэд бухимдалтай байна”

“Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол иргэд бухимдалтай байна”

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр /2023.05.17/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд гишүүдийн тоог 152 болгох, УИХ-ын сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог суулгах асуудалд иргэд ямар байр суурь илэрхийлсэн талаарх мэдээллийг сонсчээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүдийг тойрогтоо ажиллаж, дээрх асуудлаар санал авахад иргэд “УИХ-ын гишүүдийн тоог буулгах шаардлагатай. Сонгуулийн тогтолцооны хувьд можаритор нь давамгай байх ёстой” гэж үзсэн. Иймээс бүлэг энэ асуудлууд дээр тогтохоор боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь зөвхөн эрх барьж байгаа намаас гадна УИХ-д суудалтай намуудад хамааралтай тул зөвшилцөх ёстой. Иймээс  Ардчилсан нам, ХҮН-ынхантай уулзаж, гишүүдийн тоо, тогтолцоо, харьцааны асуудлаар зөвшилцөн, бүлгээр эцэслэн ярилцана.

Бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлт өндөр байгаагаас иргэдийн дунд бухимдал их байна. Засгийн газар ойрын үед төсөвт тодотгол хийх талаар судалж, санал боловсруулан  танилцуул гэдэг чиглэлийг бүлгээс өгсөн гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын гишүүдийн тоог буулгах шаардлагатай гэж үзэж, яг хэд байвал зохимжтой гэж үзэж байгаа вэ. Ардчилсан намын бүлэг можаритор нь давамгай буюу 60 хувь байх ёстой гэдэг саналыг тавьж ирсэн. Энэ саналыг танай бүлэг дэмжинэ гэсэн үг үү?  

-УИХ-ын гишүүдийн тоог тэдээр тогтооно гэж яриагүй, бууруулъя гэдэгт санал нэгдсэн.  Можаритор нь давамгай байна. Бусад намуудтайгаа ярилцаад өнөө маргаашдаа шийднэ.

-Цалин, тэтгэвэр нэмэхийг Засгийн газар дэмжсэн гэсэн үг үү?

-Хавраас хойш л иргэд “үнийн өсөлт өндөр байна, тийм учраас цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй байна нэмэгдүүл” гэж асуудал тавьж ирсэн. Засгийн газар тодорхой хэмжээний бололцоо бий гэж үзэж байгаа. Тооцоолол хийж байна. Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд тодорхой мэдээлэл өгөх байх.

-Хүүхдийн мөнгийг орлогоор нь ялгаварлахгүй бүгдэд олгохоор болсон юм уу?

-Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр хүссэн хүүхдэд олгоё л гэж байгаа.

-Цэцэрлэгийн тогооч нар сард 580 мянга  төгрөгийн цалин авдаг. Нийтлэг үйлчилгээний албаныхны цалинг нэмэх боломжтой юу?

-Зөвхөн Нийтлэг үйлчилгээний алба гэхгүй,  хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудал яригдаж байна. Улсын хэмжээнд 52 мянган нийтлэг үйлчилгээний ажилтнууд байна. Эдгээрийн цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар саналаа боловсруулж байна.

-Иргэдийн хувьд МАН эрх барьсан 8 жилийн хугацаанд амьдрал дордлоо гэж байна. Энэ асуудалд та бүхэн ямар хариулт өгөх вэ?

-2020, 2021 он цар тахалтай. Экспорт, импорт хаалттай хүнд нөхцөлд байсан. Тийм учраас улсын эдийн засгийн орлого айлтай л адилхан багассан. Импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, тээвэрлэлтийн үнэ өссөн. Энэнтэй холбоотойгоор үнийн өсөлт өндөр байгаа.

Харин 2023 он гарснаас хойш эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарсан. Гэвч үнийн өсөлт буурахгүй байгаа учраас цалин, тэтгэвэр нэмэх нь зөв гэж үзэж байна.

-Цалин, тэтгэвэр нэмэх сургаар дахиад бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл яах вэ. Өсөлтийг тооцож байгаа юу?

-Инфляцыг тооцож байгаа, эхний дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 10.9 хувь болж алгуураар буурсан.  Ийм байдлаар инфляц буурвал оны төгсгөлд 1 хувь руу очих ёстой юм. Үнийн өсөлт цалин, тэтгэврийн нэмэгдэлд нөлөөлөл үзүүлэхийг үгүйсгэхгүй.  Эхлээд бид цалингийн зөрүүний асуудлыг, дараа нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэх бодлого барьж байна. Бидний хувьд ирэх долдугаар сарын 1-ээс өмнө 2023 оны төсвийн тодотголыг ярих сонирхол байна. Засгийн газар орлогоо тооцоод, инфляцаа тооцоод ирэхээр цалин, тэтгэвэр ямар хэмжээтэй нэмэгдэх боломжтой байна вэ, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцаж байгаад шийднэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж