Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн дараа олон сая сонгогч өнгөрсөн Ням гаригт ерөнхийлөгч, парламентын сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтад оролцлоо. Санал хураалтаас гарсан үр дүнг харвал ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон болон түүний намын нэр хүнд буурсан ч сонгуульд тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал, Эрдоган ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулаагүй анхны тохиолдол болсон ч сонгуульд таамаглаж байснаас илүү сайн оролцсон гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн Туркийн 600 суудалтай парламентад түүний "Ардын холбоо" нам олонхийн байр сууриа хадгалж чаджээ.
Европ тивд Турк гаралтай таван сая гаруй хүн амьдардаг бөгөөд тэдний санал үр дүнд нөлөөлжээ. Туркийн сонгуулийн хороонд 3.4 сая орчим сонгогч гадаадад санал өгөхөөр бүртгүүлсэн бол Туркийн дотоодод 64 сая хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Мөн улстөрч бүр өөрийн гэсэн бүс нутгийн үндэс суурьтай болсон нь ажиглагдсан байна. Тухайлбал, Эрдоган 2018 оны нэгэн адил Франц, Германаас илүү олон санал авчээ. Хамгийн олон турк үндэстэн амьдардаг Германд 700 мянга гаруй хүн санал өгсөн бөгөөд тэдний 66 хувь нь Эрдоганд, 33 хувь нь Киличдароглуд, нэг хувь нь хэт үндсэрхэг үзэлтэй намын дарга Синан Оганд тус тус саналаа өгсөн байна. Үүнээс харвал "Турк гаралтай германчууд Германы сонгуульд зүүний үзэл баримтлалтай санал өгсөөр байгаа ч дотооддоо консерватив үзэлтэй байна" гэж Левин "Euronews" агентлагт тайларлажээ. Амьдарч буй туркчуудынхаа тоогоор хоёрдугаарт ордог Францад Эрдоган мөн саналын 64 хувийг авсан байна. Гэхдээ Францад сонгуулийн санал авах байранд туркуудын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Харин Киличдароглу нь Их Британи, өмнөд болон зүүн Европ, Финланд, Швед, Балканы хойгт илүү олон санал авсан байна.
Харин дотоодын сонгогчид гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг өөр өөр фракцууд удирдаж, хуваагдал үүсгэхийг хүсэхгүй байгаа учраас эхний шатны санал хураалтын үр дүн Эрдагонд дараагийн шатанд ялахад нь дэмжлэг болно гэж шинжээчид таамаглаж байна. Эрх мэдлийн талцлын талаар Эрдагон өөрөө ч Даваа гаригт ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр Анкарад дэмжигчдэдээ хандан хэлэхдээ "Парламентын олонхийг Ардын холбоонд өгсөн манай үндэстний давуу байдал (хоёр дахь шатанд) итгэлцэл, тогтвортой байдлыг дэмжинэ гэдэгт бид эргэлзэхгүй байна" гэж мэдэгджээ. Харин Бүгд найрамдах Ардын намын дарга Кемал Киличдароглугийн хувьд зургаан намын Үндэстний холбооноос нэр дэвшиж, хоёр дахь шатанд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байсан ч Ням гаригийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Сонгуулийн эхний шатанд хэн хэн нь санасандаа хүрч чадаагүй учраас хоёрдугаар шатанд нэр дэвшигчдийн дунд цус гарсан тулаан болох магадлалтай байна. Тэргүүлсэн хоёр нэр дэвшигчийг дэмжигчид энэ сарын 28-нд болох хоёр дахь шатны сонгуулийн санал хураалтын өмнө цаг алдалгүй сурталчилгаагаа хэдийнэ эхлүүлжээ. Мөн шинжээчид хоёр дахь шатны сонгуулийн өмнөх кампанит ажил нь харгис хэрцгий байж магадгүй гэж үзэж байна. Тухайлбал, Ням гаригийн санал хураалтын өмнө Эрдоган сөрөг хүчнийг Курдистаны ажилчны нам буюу Курдистаны хууль бус намын дэмжлэгийг авч байна гэж гүтгэсэн. Үүнийг батлахын тулд тэрбээр нэг жагсаалын үеэр Курдистаны ажилчны намын дарга нь сөрөг хүчний кампанит ажлын дуу дуулж буйг харуулсан хуурамч бичлэг үзүүлсэн. "Мэдээллийг хянаж буй эрх мэдэл нь Эрдоганы хувьд хамгийн том давуу тал. Түүнд үнэнч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сөрөг хүчнийг "террористуудыг дэмжигч" болгон харлуулах ажиллагааг амжилттай явуулж байна. Энэ нь үндсэрхэг үзэлтэй сонгогчдын айдас дээр тоглолт хийх сайн арга" гэж хүрээлэнгийн судалгааны төвийн Туркийн асуудлаарх шинжээч Сонер Чагаптай тайлбарлав. Киличдароглу энэ талаар хэлэхдээ, Эрдоган хүссэн үр дүндээ хүрч чадаагүй учраас сөрөг хүчний эсрэг гүтгэлэг, доромжлол хийж байна гэж шүүмилжээ.
Бодит байдал дээр курдуудыг дэмжигчид Туркийн сөрөг хүчинд ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Курдуудыг дэмжигч намуудын эвсэл шинэ парламентад 66 суудал авсан нь тэднийг гурав дахь том нам болгоход хангалттай. Гэвч энэ нь Эрдоганыг давж гарахад хангалтгүй. Одоогийн ерөнхийлөгчийн эрх барих нам болон түүний холбоотнууд Үндэсний ассемблэйд 321 суудал авсан бол сөрөг хүчин 213 суудал авч, үлдсэн 66 суудал нь Курдуудыг дэмжигч эвсэлд очжээ. Курдуудыг дэмжигч "Ногоон зүүн" нам зүүн өмнөд хэсгийн курдууд зонхилох мужуудад ялалт байгуулсан.
Энэ нөхцөл байдалд баруун жигүүрийн нам хоёр дахь шатны санал хураалтад чухал байр суурь эзэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр "АТА" эвслээс нэр дэвшигч Синан Оган таван хувиас дээш санал авчээ. Энэ нь түүнийг сонгуулийн өмнөх санал асуулгаар авна гэж тооцоолсноос илүү хувийн санал бөгөөд хоёр дахь шатны санал хураалтад тэрбээр чухал байр суурь эзэлнэ гэсэн үг юм. Оган одоо өмнөхөөсөө илүү эрх мэдэлтэй болсон бөгөөд хоёр дахь шатны сонгуульд хоёр нэр дэвшигчийн аль нэгэнд саналаа өгөхийг сонгогчдод зааварласнаар Туркийн дараагийн ерөнхийлөгчийг "томилох" боломжтой.
Тиймээс Киличдароглу өнгөрсөн Ням гаригт сонгуулийн дүн гарсны дараа Оган руу утсаар ярьж, санал хураалтад нь баяр хүргэсэн. Үүгээрээ тэрбээр гуравдугаар байрт бичигдсэн нэр дэвшигчид тал зассан анхны алхамаа хийсэн гэж үзэж байна. Түүний дараа Ням гарагийн орой Эрдганы намын өндөр албан тушаалтан, Туркийн Ерөнхий сайд асан Бинали Йылдырым мөн Оган руу утсаар ярьжээ. Эхний шатны санал хураалтад Оганд "ATA" эвслийн аль намуудаас дэмжлэг ирсэн нь тодорхойгүй байгаа ч Киличдароглуд санал өгөхийг хүсээгүй "IYI" намаас ихээхэн хэмжээний дэмжлэг ирсэн гэж үзэж байна. Гэвч сонгуулийн өдрийн өмнөхөн нэрээ татсан Мухаррем Инжийг дэмжихийг хүссэн хүмүүсээс "АТА" эвсэл санал авчээ. Шинжээч Сонер Чагаптай хэлэхдээ, Оган сонгогчдын дийлэнх нь Туркийн удирдагчийг дэмжиж байгаа эсэхээс үл хамааран Эрдоганыг сонгох магадлал өндөр гэв.