“Миний муу аав” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

“Миний муу аав” нээлтээ хийнэ

“Тэнгис кино” театрт маргааш 18.00 цагт “Миний муу аав” инээдмийн шинэ кино нээлтээ хийх гэж байна.

“Зөрлөг”, “Надтай гэрлээч”, “Ийм нэгэн дурлал”, “Өвлийн уянга” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлүүдийг хийсэн ZMN продакшныхан дахин “Миний муу аав” инээдмийн шинэхэн киногоо өлгийдөн авлаа.

Анх “Бидний араншин” нэртэй байсан киноны зохиолыг Э.Зориг бичиж, ерөнхий найруулагчаар Ц.Ганбат, ерөнхий продюсероор Э.Зориг, гүйцэтгэх продюсероор Г.Цогтгэрэл нар ажиллажээ. Киноны гол дүр “Эстрад” хочит Жагаагийн дүрийг хошин урлагийн мастер жүжигчин С.Лхагвасүрэн бүтээн, жүжигчин Д.Хүрэлхүү, Н.Долгор, С.Баттулга, залуу жүжигчин Э.Уянга нар тогложээ.

Энэхүү кинонд 1990 оны зах зээлийн шуурганд өртөн бор дарсанд орж бяцхан охинтойгоо үлдсэн “Эстрад” хочит Жагаагийн амьдралын эрээн бараан хэрхэн, нийгэмд хөлөө олох гэж тэмцэн, хайр дурлалтай учран хоёр дахь боть буюу “Шинэ амьдрал”–аа дахин өрнүүлж буйг инээдмийн эмгэнэлт төрлөөр харуулжээ.

Өнөөгийн амьдралд байдаг зүйлсийг тусган, бодит хүмүүсээс сэдэвлэсэн “Миний муу аав” кино нь бүх насныхан үзээд инээж бас уярч чадахаар бүтээл болсон гэж уран бүтээлчид нь үзэж байгаа аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж