“Асуудал-Шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2023.05.16/ Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын төлөөлөгч, хороодын Засаг дарга нар болон Чингэлтэй дүүргийн 24 хорооны иргэдийн төлөөлөл, хөрсний бохирдлын асуудал эрхэлдэг мэргэжлийн байгууллага, судлаач мэргэжилтнүүд оролцлоо.
П.Оюунбат: Хортой элементын хэмжээ өндөр байгаа учраас арьсны харшил ихсэж байна
Газар зүйн ухааны доктор, хөрс судлаач П.Оюунбат: Улаанбаатар хотын хувьд хөрсний бохирдлыг хоёр өөр түвшинд авч үзэж байгаа. Нэгдүгээрт, хүнд металын бохирдол тэр дундаа хүнцэл, хар тугалга гэх мэт химийн элементүүд багтаж байна. Нөгөө нэг нь органик бохирдол буюу нянгийн бохирдолтой холбоотой. Хүнд металийн бохирдол тэр дундаа арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдтэй холбоотойгоор Хан-Уул дүүрэгт 10 орчим га газар маш их бохирдсон байна. Энэ бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хөрсний бохирдлын стандарт MNS 40 стандартаас хүлцэх агууламжаас дөрөв дахин, хортой агууламжаас 1.5 дахин өндөр агууламжтай бохирдоод байна.
Монгол Улс хаврын улиралд хуурай ширүүн уур амьсгалтай учраас хаврын улиралд агаарт дэгдэж, амьсгалын замаар хүнд халдварлах, мөн ил харагдаж байгаа арьс, гар нүүрний арьсаар дамжиж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байна.Тийм учраас иргэд арьсны харьшилтай болох тохиолдол зохилж байна. Хөдөө цэвэр агаарт тоос шороо ихтэй газар, уурхайд ажиллаж байгаа хүмүүс арьсны харшилтай болох нь бага. Харин Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд арьсны харшил ихтэй байгаа нь тоосонцорт агуулагдаж байгаа хортой элементын хэмжээ өндөр байгаа учраас арьсны харшилтай иргэдийн тоо ихсэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа 700 гаруй өрхийн 2400 орчим иргэд шууд нөлөөлөлд өртөж байна. Түүнчлэн хортой тоос агуулсан агаар, хоромын давсаар амьсгалж байгаа иргэдийн амьсгалын замын эрхтнүүд, мэдрэлийн зөөлөн хэсгүүдийг очиж гэмтээснээр үрэвсэж, хавдах, бамбайж, амьсгал нь боогдох шинж тэмдэг илэрч байна. Үүнээс үүдэн амьсгалын замын харшил үүсч байна. Сүүлийн үед ургамлын, тоосны харшилтай хүмүүс элбэг болсон. Үнэндээ хөрсний бохирдол ихтэй тоос, тоосонцороор амьсгалснаас харшил үүсч байна. Энэ бол хөрсний бохирдолтой шууд холбоотой.
Хөрсний бохирдлыг бууруулахын тулд дорвитой арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын иргэд коронавирус шиг бас нэг шинэ төрлийн гэдэсний халдварт өвчнөөр нэг л өдөр өвчилнө. Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас аравдугаар сараас дөрөв, тавдугаар сар хүртэл хөрс хөлддөг. Энэ хугацаанд нян бактерийн 90 орчим хувь нь үхдэг. Ингээд хавар эх үүсвэр нь байгаа учраас дахин бохирдол үүсч байдаг. Ийм учраас дулаан орон шиг халдварт өвчинд нэрвэгдчихгүй байна. Түүнээс биш хөрсний бохирдлын хэмжээ өндөр байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 144992 нүхэн жорлон байна. Нүхэн жорлонгийн тоог бууруулахын тулд устгах, хориглох, хязгаарлах, хамгаалах гэсэн 4 үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээр арга хэмжээг авахдаа миний тойрог, танай тойрог гэсэн байдлаар хандвал 20 жилийн дараа агаарын бохирдол шиг хөрсний бохирдлоос үүдэлтэй хүний эрүүл мэндийн өвчлөл тэр бүү хэл үхлийн тоо өссөн байна. Тэр үед асар их цаг хугацаа, хөрөнгө хүчийг зарцуулах болно. Тиймээс судлаачдынхаа хийсэн судалгааг цаг алдалгүй бодлого болгож хэрэгжүүлэх нь чухал.
Д.Содгайхамшигмаа: Нэг удаа гэдсний халдварт өвчнөөр өвдөхөд ирээдүйд хавдраар өвдөх эрсдэл болдог
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвар, хяналтын албаны дарга Д.Содгайхамшигмаа: Сүүлд хийгдсэн судалгаануудаас харахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол өндөр байгаа нь тогтоогдсон. Нянгийн бохирдолтой холбоотой гэдэсний халдарт өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэр тусмаа гэр хорооллын иргэдийн дунд өвчлөл өндөр байна. Ахуйн ариун цэвэртэй холбоотой буюу иргэдийн гар хурууг бохирдуулж байгаа гол асуудал бол нүхэн жорлон. Чингэлтэй дүүргийн хувьд 1-3 хороо байшин хороолол бол үлдсэн 18 хороонд гэр хорооллын айл өрхүүд амьдарч байна. Тиймээс нүхэн жорлонгоос үүдэлтэй нянгийн бохирдол өндөр байна. Нянгийн болоод хүнд металын бохирдол нь хүний хордуулж өвчлүүлж байна. Тухайлбал, нянгийн бохирдлоос үүдэн гэдэсний олон төрлийн халдварт өвчин үүсч байна. Гэдэсний халдварт өвчинд ихэнхдээ 0-5 насны хүүхдүүдэд өвчлөл үүсгэснээр тэдний ирээдүйд томоохон эрсдэл бий болгож байна. Нэг удаа гэдсний халдварт өвчнөөр өвдөхөд гэдэсний дотоод хананд янз бүрийн хатуу биет үүсч, халцарч, сорвижих цаашлаад хавдар болох эрсдлийг дагуулж байдаг. Тиймээс гэдэсний халдварт өвчин бол маш аюултай өвчлөл. Тиймээс нүхэн жоронг устгах арга хэмжээг гурван түвшинд хувааж авч үздэг. Нэгдүгээрт, Засгийн газрын түвшинд ямар арга хэмжээ авч хууль эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах вэ, хоёрдугаарт, хороо, дүүргийн ЗДТГ-ын хүрээнд ямар ажил хийх вэ, Гуравдугаарт, тухайн иргэн бохирдолтой орчинтой хэрхэн яаж тэмцэж эрүүл аюулгүй орчинд амьдрах вэ гэдэг асуудлууд хамтдаа зэрэгцэж явж байж үр дүнд хүрнэ. Хамгийн чухал нь нүхэн жорлонг халж байр хорооллын тоог нэмэгдүүлэх нь хамгийн тэргүүний зорилт юм.
Ж.Сүхбаатар: Сэлбэ дэд төвийг тойруулаад орон сууцны хороолол, хотхон барих боломж бий
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар: Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ саяхан Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд ажиллаж санамсаргүй түүврийн аргаар нийслэлийн гэр хорооллын 40 гаруй хорооны дарга нартай уулзсан.Энэ хүрээнд Эрчим хүчний сайд, Барилга хот байгуулалтын сайдтай хамтарч Гэр хорооллын сэргэлтийн Үндэсний хороо байгуулж дэд төвүүд байгуулахаар болсон. Зарим нь эхнээсээ байгуулагдаж байна. Тухайлбал, Сэлбэ дэд төв байгуулагдчихсан байна. Дэнжийн мянга дэд төв байгуулагдаж байна. Эдгээр дэд төвүүдийн хажууд тодорхой хэмжээний газар чөлөөлөлтүүд хийгдэж байна. Үүнийг ашиглах бололцоо байхад бид түүнийг идэвхжүүлж, ашиглаж чадахгүй байна. Инженерийн шугам сүлжээ шийдэгдчихсэн орчныг тохижуулж ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг цаашид шийдээд явах шийдэл байна.
Тухайлбал, Сэлбэ дэд төвийг тойруулаад орон сууцны хороолол, хотхон барих боломж бий. Мөн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороон дээр хотхон барих төлөвлөгөө нь бэлэн болчихсон төслүүд байна. Төслүүдийн тоо тооцоолол хараахан бэлэн болоогүй байна. Улаанбаатар хот 2040 хэмээх хөгжлийн төлөвлөгөөгөө хараахан батлаагүй байна. Энэ төлөвлөгөө батлагдсанаар дүүргүүдийн хөгжил аль аль чиглэлээр явах нь тодорхой болно. Харамсалтай нь, цар тахлаас улбаалан хэсэг хугацаанд гацлаа. Гол нь тэдгээр төлөвлөгөө төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэх, арга зам дээр гацчихаад байна.
Гэр хорооллын сэргэлтийн Үндэсний хорооны эхний ажил Сэлбэ сэргэлт төсөл гэж харж байна. Гэр хорооллыг айл өрхүүдийг байшин хороололд оруулах нь ганцхан хөрсний бохирдолтой холбоотой асуудал биш юм. Цаашлаад утаа, түгжрэл, хөрсний бохирдол гэдэг бол цогц асуудал юм. Ойрын үед Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж батлуулах ойрын төлөвлөгөөтэй байна. Энэ төлөвлөгөө батлагдчихвал бүх зүйл бодитой, тодорхой болно. Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд эрчим хүч болоод усны асуудал ихээхэн тулгамддаг. Эх үүсвэрээ тодорхой болгочихвол гэр хорооллыг барилгажуулахад саад байхгүй. Үүний тулд Гэр хорооллын сэргэлтийн Үндэсний хороог байгуулсан. Удахгүй үр дүнгүүд гарах байх.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг: Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд агаарын бохиролтой дүйцэхүйц хор хөнөөл үзүүлж байдаг зүйл бол хөрсний бохирдол юм. Утаа шиг манантаж харагдахгүйгээр бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл бол нүхэн жорлон, хашаандаа ухсан жорлон, муу усны нүх бүр амьсгалах агаар төдийгүй хөрс шороог бохирдуулж, гүний усыг хордуулж байна. Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Чингэлтэй дүүрэг хөрсний бохирдлын эсрэг бодит шийдлийг эрэлхийлсэн цогц аян өрнүүлж байна. Хөрсний бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлсэн эхний арга хэмжээ бол нүхэн жорлонг халж эко жорлонтой болгох ажил байлаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 1300 жорлонг сольж чадсан. Цаашдаа ч өөрчлөх болно.
Холбоотой мэдээ