МАН-ын дота, бидний дата…

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

МАН-ын дота, бидний дата…

МАН-ын дота, бидний дата…

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо… хааяа нэг хар гэрээс утаа суунаглана… гэж их зохиолчийн бичсэн яг хэвээрээ. Яс хаясан эрх баригчид, ясыг нь булаалдах бидний байгаа царай… “Уяаг нь уртасгаад, угаадсыг нь нэмбэл уралцаад байх улныхан” гэж тэд биднийг төсөөлдөг. Тэр л төсөөллөөрөө тойрогтоо очоод гишүүдийн тоог нэмэх ач тусын талаар ятган сэнхрүүлэх гэсэн “Яг шүү дээ, морио” болоод, салам загнуулаад, шанагадуулах нь холгүй буцаад иржээ. Бэлэг, бэлгэдлээ бариад, суварга, сувнерээ яриад 108 болгоход ч болох юмгүй гэж учирлавч үмх мах, чимх давсаа яаая гэж буй иргэдэд “Битгий давар” гэж шулуухан хэлэв. Төсвөөс цалинждаг, түшмэл томилдог багш нарыг панаалдах гэсэн ч бас барсангүй. “Боловсролын шинэчлэл гэж цуглуулчаад юун ҮХНӨ вэ, болиочээ” гэж “бухдуулав”.  МАН-ын сонгуулийн өмнө ээлжит тоглоомын стратеги ийнхүү эхнээсээ шившиг шившиг.  Тэдний хийгээд буй дота /стратегийн төрлийн тоглоом/,  бидний санамжийн талаар энд цухас дурсмаар…

ТЭДНИЙ ДОТА

Байгуулагдсан цагаасаа эхлэн баруун, зүүнтнүүдээрээ ялгарч, Оросын дэмжлэгийг авсан нь ялагч, аваагүй нь урвагч болж ирсэн энэ нам одоо ч байдгаараа. Өнөөдөр эрх барьж буй этгээдүүд нь өмнөхөө түлхэн унагахдаа албан тушаал хэрхэн наймаалцдаг, түүнээс 60 тэрбумыг олох бодитой тоог ярьсаар гарч ирсэн. М.Энхболдыг унагахын тулд 60 тэрбумын схемийнхэн, ЖДҮ-ийн зээл авах “азтан”-аараа тэд хуваагдаж зодолдсон. ЖДҮ-чид ялсан, зээлээ авсан. У.Хүрэлсүх “ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй” гэхээс гадна цар тахлыг хил давуулаагүй хамгаалагч мэтээр, албан тушаалтныг агшаадаг, ард иргэдээ хамгаалж, хамгаалуулдаг мэтээр хамгаалагчдаа хүртэл зах дээр хөөж цамнаж гарч ирсэн. Монголчууд үлгэрт дуртай болохоор өмнөх ЖДҮ-ийн зээл зувчуулсныг нь ч мартсан. Уухайлан дэмжсэн. Дахиад дийлэнх олонх болгосон. Өнөөдөр өөрсдөө харамсч байгаа. Өөрийн бодолгүй нь долоосоор яваа. Одоо харин өмнөх шигээ “Ардчилсан засгийн үед арай ч дээ болгожээ” гэх шалтаг алга. Аргаа бараад “авлигатай тэмцэх жил” гэж зарлав. Түүх давтагдаж бурууг ах нар руугаа чихэн булзах нь. “5ш ажиллаа”-г харвал ийм л юм болоод байна. Гэхдээ чирч, гавласаар авчирсан ах нь хэн, юу, яасныг жирийтэл нь цэгцтэй биччихсэн, бишэдвэл дэлгэнэ гэж дарамтлаад суугаа.  Тэд түүнтэй тохиролцсоноос биш тэмцээгүй билээ. Нуухаа авах гээд нүдээ сохлов гэгчээр ах нар руугаа дайрч, гаднаас авчирч, газрын захирамжийг нь ил болгож үзэж байна. “Улстөржөөгүй” гэж дахин дахин сануулж буй Н.Учралын дэлгээд буй датанууд үнэндээ бодит дата биш гэдгийг нь өөрийнх нь долоон хүүхэдтэй болсон баримт батлаад өгнө. М.Энхболдыг “газрын наймаачин” гэдэг учраас газар олголтын захирамжуудыг гаргаад тавьчихвал нам дотроо намнаж болно гэж бодсон ч  Газрын тухай хууль хэдэн онд батлагдаж, хэзээнээс газар өмчилж эхэлсэн бэ гээд тооцоолсон иргэдэд М.Энхболд гарч ирээд У.Хүрэлсүхэд хэлсэн шигээ хэн хэнд газар олгосноо хэлээд эхэлбэл айхгүй ч аягүй л юм болно. С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарт ч “аятайхан байгаарай” гэсэн сануулгыг М.Энхболдын дараагийн дугаарт газар олголтоороо орж байгаа датагаараа харуулсан хэрэг. Сү.Батболдыг ч Д.Сумъяабазартай нийлж циркийг “И-март” болгох гэж буй талаар мэдээлэл цацаад эхэлчихлээ. Н.Номтойбаярын нэвтрүүлэг ч гараад байгаа нь МАН дотроо толхилцоод эхэллээ. Энэ бүхнийг том зургаар нь харвал эрх мэдлийн төлөөх эрх баригчдын зодоон л болохоос авлигатай тэмцэж, ард түмнээ бодож, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх түй ч хамаагүй. Тэгш эрх яриад төр ямар их данхайж, түүнд насаараа ажиллаж ирсэн МАН-ынхнаас хэд нь тэрбумтан болсон түүхийг эргээд харвал ийм л дүр зураг үзэгдэнэ. Тиймээс “ш” ажиллагааны цаана сайтар өнгөлөн далдалсан “шантааж” л яваад байна.

БИДНИЙ ДАТА

Бидний ой санамж үнэхээр өрөвдөлтэй. Өнөөдөр хэсэг бусаг этгээд монголчуудыг зуун жилийн өмнө Хятадын дарлалаас улаан орос аварч, битүү тэмбүүндээ баригдчихсан байхад эмчилж өгсөн гэж итгэсэн хэвээрээ. Эцэг, өвгөдөө тийн зүхэх атлаа өөрсдийг нь үй олноор нь хоморголон хядсан Оросыг долоогоостой. Маргаашийн сонголтоо өнөөдөр тансаглах мөнгөөр арилждаг хэвээрээ. ЖДҮ-ийн зээлийг хулгайлсан нөхдүүд өнөөдөр ямар албан тушаалд очсон, хэн нь сайд хийж байгааг ч анзаарах тэнхэлгүй сууна. Төрийн өмчөөс хулгай хийж казинодсон хүн Ерөнхийлөгч болж, ЖДҮ-ийн зээл авсан этгээд намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болсныг би биш гишүүд нь зарлаад л байдаг. Биднийг баян харагдуулж, өлмөн амьдаруулаад буй датаг нь хүртэл бэлэгшээн түгээдэг бид тэнэг улс.

Өнгөрсөн гучин жилд дуулиан тарьсан хэргүүдийг эргээд санавал хулгайчийг бид саналаараа төрд залж, харин эрүүл ухаанаар, бодит байдлыг харсан болгоныг хавчин гадуурхаж, унагаж, гутааж ирсэн арчаагүй санамж л сэргэнэ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай ч тийм л замаар орно. Таван жилийн дараа толгойгоо шаагаад сууж л байх вий…

Ийм датагаар эрх баригчид “дота”-дахгүй яах вэ?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж