ОХУ-ын арми өнгөрсөн онд Иранаас 400 дрон худалдаж авсан. Эдгээрийн дийлэнхийг нь хэрэглэж дууссан тул дахин нэмэлтээр довтолгооны дрон худалдаж авахаар төлөвлөж байгааг Цагаан ордноос мэдэгдлээ.
Иран улс өнгөрсөн онд олон зуун дрон Орост худалдсаныг Байдены засаг захиргаа хиймэл дагуулын зураг болон тагнуулын мэдээлэл ашиглан олж мэджээ. Түүгээр ч зогсохгүй олон тооны баллистик пуужинг ОХУ-д худалдах гэж байна гэсэн таамаг хүртэл гарсан. Гэхдээ АНУ энэ мэдээллийг баталгаажуулж чадаагүй.
"Иран нэг талын довтолгооны нисгэгчгүй онгоцуудыг ОХУ-д нийлүүлэхээр зэхэж байна. Тус улс нь наймдугаар сараас хойш 400 гаруй нисгэгчгүй нисэх онгоц нийлүүлсэн. ОХУ эдгээрийн дийлэнхийг Украины дэд бүтцийг онилоход ашигласан. ОХУ-ыг нисгэгчгүй онгоцоор хангаснаар Иран түрэмгий дайныг идэвхжүүлж байна гэсэн үг. Оросууд одоо өмнөхөөсөө ч илүү үхлийн аюул учруулахуйц дрон худалдаж авахыг зорьж байна" гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэв.
Шахед дронууд нь тэсрэх бодисоор дүүрэн бөгөөд байг онилох хүртлээ агаарт нисч байхаар програмчлагдсан байдаг.
Иран улс нисгэгчгүй нисэх онгоцоос гадна их буу болон танкны сумыг Орост нийлүүлсэн гэж АНУ мэдэгдлээ. "Энэ бол Украин болон Ойрхи Дорнодын бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт хортой, бүрэн хэмжээний батлан хамгаалах түншлэл. Иран улс дайн эхэлснээс хойш л Оросын тэргүүлэх ар тал байлаа" гэж Жон Кирби хэлэв. АНУ үүнтэй холбоотойгоор экспортын хяналтыг чангатгах төлөвлөгөөтэй байна. Цаашилбал Иран болон ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авч магадгүй гэлээ.
Цөмийн хөтөлбөрийнхөө төлөө олон улсын тавцанд тусгаарлагдаад буй Иран болон Хойд Солонгост найдаж байгаа нь Орос хэчнээн цөхөрсөнийг харуулна гэж АНУ үзжээ. Орос улс Хойд Солонгосоос их буу авахаар хандсан гэж Цагаан ордон мэдэгдээд буй. Гэхдээ Хойд Солонгос энэ мэдэгдлийг үгүйсгэжээ.
Дашрамд дурдахад, Их Британи улс ч бас Украинд довтолгооны нисгэгчгүй онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах системийг нийлүүлж буйгаа зарласан. Эдгээр нисгэгчгүй онгоц нь 200 км хүртэл нисэх чадвартай.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ