Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2023.05.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд явганаар, унадаг дугуйтай гэрийнхээ ойр орчимд харгалзах хүнгүйгээр тоглох нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгодог. Өнгөрсөн 2022 онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь нас хохирсон. Үүний 51 нь орон нутгийн зам дээр зорчигч хэлбэрээр зорчиж явсан бол тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан. Мөн 810 хүүхэд гэмтэж, тэдний 34 нь унадаг дугуйтай явж байсан. Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас долоон хүүхдийн амь нас хохирч, 196 хүүхэд гэмтэж бэртсэн. Өнгөрсөн онд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбогдсон 768 осол бүртгэгдсэнээс орон нутагт 17 тохиолдол байна.
Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 252 нийтийн тээвэр осолдож, орон нутагт гурван тохиолдол бүртгэгдээд байна.
Цагдаагийн байгууллагаас "Урьтаж ухаар" аяныг зохион байгуулна. Энэ хүрээнд маш олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд "Хандлагаа өөрчилье" гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран бүх жолооны сургуулиудад зөвлөгөөг хийж байна. Мөн "Замын хөдөлгөөний цагаан толгой" бага насны хүүхдэд зөв дадал суулгах, эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэг чиглэлээр тэмцээнийг зохион байгуулсан. Нийслэлд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ нэмэгдсэн учраас сургалт, нөлөөллийн арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудаар хийж байна.
Мөн хүүхдээ харамсалтайгаар алдсан аав гэгээн дурсгалд нь зориулж, "Зүрхэнд гэрэлтэнэ" нэртэй уран сайхны киног хийсэн. Энэ киног улсын хэмжээнд гаргах ажлыг зохион байгуулна.
Явган зорчигч замын гарцан дээр мөргүүлэх тохиолдол бүртгэгдэж байна. Энэ асуудалд жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хяналт тавьж ажиллана.Зам тээврийн ослын 80 орчим хувь нь орон нутгийн замд гарч байна. Иргэд зуны улиралд хөдөө орон нутгаар их амарч зугаалдаг. Тэгсэн хэдий ч аав ээжтэйгээ хамт явахдаа зам тээврийн ослоор гэмтэж, амиа алдаж байгаа нь харамсалтай. "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2023" нөлөөллийн арга хэмжээг эхлүүлэхээр бэлдэж байна.