Ромын папын айлчлалаар олон мянган хүн цугларах боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

Ромын папын айлчлалаар олон мянган хүн цугларах боломжтой

Ромын папын айлчлалаар олон мянган хүн цугларах боломжтой

Ромын пап Францис ирэх намар Монголд анх удаа айлчлал хийх талаар олон улсын хэвлэлүүд онцолсон. Энэ айлчлалаар Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна.

Монголд христийн католик шашны сүмүүд хэд хэд бий. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүмүүс католикийн шашинтай гэх тоо ч байдаг. Харин “Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад  “Ромын пап есдүгээр сард Монголд айлчилна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад, ажиллаж байгаа “ гэдэг хариултыг өгөв.

"РОМЫН ПАПЫН АЙЛЧЛАЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ НӨЛӨӨЛӨХГҮЙ"

Харин аялал жуулчлалын салбарынхан Ромын папын айлчлал аялал жуулчлалд нөлөөлөхгүй гэдэг байр суурийг илэрхийлэв.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн төлөөлөл ярихдаа “Ромын пап Монголд анх удаа ирэх гэж байгаа гэж сонссон. Гэхдээ Монголд тэр шашин шүтлэгтэй хүмүүс хэр байдаг билээ. Тэр хүн дэлхийн алдартай од биш. Олон улсын фестиваль, шоу хийхгүй. Ромын папыг Монголд ирлээ гээд гадаадын сүсэг бишрэлтэй хүмүүс ирнэ гэсэн үг үү. Миний хувьд буддын шашны Далай лам ирдэг шиг шашны болоод дипломат шугамаар л ирэх байх.

Монголд ирж байгаа нь олон улсад эерэг мэдээлэл болж гарна. Харин аялал жуулчлалын салбарт өндөр үр нөлөөтэй байна гэж бодохгүй байна.

Монголд ес, аравдугаар сард аялал жуулчлалын улирал буурдаг. Тэр үед Ромын папыг дагаж яваа хүмүүс зочид буудлуудад байрлаж, орлого оруулах байх. Үүнээс илүү эдийн засагт өгөөжтэй байна гэж харахгүй л байна” гэв.

"МОНГОЛД НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ"

Монгол Улс 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ жил нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд буй. Гэтэл онгоцны нислэгийн давтамж, хилийн боомтоороо нэг сая жуулчин авах ямар ч боломжгүй гэдгийг салбарынхан нь хэлж байгаа юм.

Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан удаатай. Тэрнээс хойш хэдэн зочид буудал, жуулчны бааз шинээр нээгдсэн бэ. Нэг сая жуулчинг  Монголдоо шингээх сааль саваа бэлдээгүй байж албаныхан дэндүү попорч байгааг салбарын мэргэжилтнүүд шүүмжилж байна.

Бодит байдал дээр нэг сая жуулчны сургаар аялал жуулчны бааз, хөтөч, машин түрээсийн үйлчилгээний үнэ төлбөр 15-30 хувиар өсчээ.

“Монголд зочлох жил” болгон зарласан нь сайн боловч аялал жуулчлалын үйлчилгээ өндөр үнэтэй тусч байгаа аж. Мөн  энэ зун говийн аймгуудаар АИ-92 шатахуун нь тасалдалтай байгаа учраас жуулчид эхнээсээ зүдэрч яваа сурагтай.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХУУЛИЙГ ТАВДУГААР САРЫН 5-НД БАТАЛЖЭЭ

Өмнөх жилүүдээс хийгээгүй том ахиц нь 25 жилийн дараа Аялал жуулчлалын тухай хуулийг тавдугаар сарын 5-нд баталжээ. Хуулийн нэг онцлох заалт нь энэ салбарт шинээр орж ирэх гэж байгаа гарааны компаниудыг дэмжиж, тусгай зөвшөөрөл шаардахаа больсон байна. Аялал жуулчлалын компаниуд хүний амь нас, эрүүл мэнд, хоол хүнс, гэмтэл бэртэл бүгдийг хариуцдаг учраас тусгай эрх авч, үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь энэ салбарт шинэ үйл ажиллагааг нэвтрүүлэхгүй бол нөгөө 50, 60 жил болсон монополь хэдхэн компаниуд ажиллаад байж болохгүй гэдэг байр суурьтай байгаа гэнэ.

МОНГОЛ УЛСАД 1500 ОРЧИМ КАТОЛИК ШАШИНТАН БАЙДАГ ГЭЖЭЭ

Ромын пап Францис “Би есдүгээр сарын 29-нд Марсельд очно. Тэндээсээ Монгол руу нисэхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ нь тодорхойгүй байгаа” гэж пап лам хариуллаа. Хэрвээ пап лам Монгол Улсад ирвэл энэ нь түүний Азийн орнуудад хийж буй анхны айлчлал болох юм.

Францын өмнөд хэсгийн Марсель хотод хийх айчлалыг сэтгүүлчид, олон нийт мэдэж байсан ч Монголын талаарх мэдээлэл нь цоо шинэ зүйл байв. Зарим хүн үүнийг Ангол улс гэж бодсон тухай олон улсын хэвлэл онцолж байв.

“Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ. Мөн католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахаар хичээж буй Хятад улстай хиллэдэг гэдэг утгаараа стратегийн ач холбогдолтой улс гэсэн байна. Ромын пап Францис өнгөрсөн наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж