Их-7: Зочин орнуудаас юу хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

Их-7: Зочин орнуудаас юу хүлээх вэ?

Их-7: Зочин орнуудаас юу хүлээх вэ?

“Их-7” бүлгийн Сангийн сайд нарын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Японы Хирошима хотноо болно. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хамгийн ноцтой хямралыг зохицуулахад чиглэсэн дипломат арга хэмжээ юм.

Уулзалтад бүлгийн гишүүн долоон орноос гадна найман зочин улс оролцоно. Тодруулбал, Японы ерөнхий сайд Фүмио Кишида Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг, Бразил, Вьетнам, Индонези, Комор болон Күүкийн арлуудыг зочноор урьсан аж. Зочин орнууд нь Хятадын хүчирхэгжилт, Оросын түрэмгийллийг эсэргүүцэх хүчин чармайлтад нэмэр болно гэж Кишида найдаж байна. Түүнчлэн АНУ-ын холбоотнууд болон бусад хөгжиж буй оронтой харилцаагаа бэхжүүлж, цөмийн зэвсгээс ангид дэлхийн ирээдүйн төлөө ахиц дэвшил гаргахыг хүсч буй.

Дээрх улсуудыг зочноор урьснаар бид юуг олж харах боломжтой вэ гэдгийг энэхүү нийтлэлээр тоймлоно.

ХЯТАД, ОРОСТ ҮЗҮҮЛЖ БУЙ СӨРӨГ ХАРИУ ҮЙЛДЭЛ

“Их-7”-ийн топ дипломатчид өнгөрсөн сард Японы Нагано хотод мөн чуулсан. Энэхүү уулзалтын үеэр тэд Тайваньд чиглэсэн Хятадын заналхийлэл, Украин дахь ОХУ-ын дайны эсрэг нэгдмэл фронт бий болгохыг зорьсон. Хирошимагийн уулзалтаар ч бас энэ зорилгоосоо хазайхгүй.

“Их-7” нь олон улсын дэг журмыг сахин хамгаалах үүрэг хүлээдэг. Мөн ихэнх гишүүн нь Европ тивд байдаг тул Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжих нь тэдний нэн тэргүүний зорилт юм. Ази дахь бүлгийн тулгуур багана болохын хувьд Япон улс нь Хятадын хүчирхэгжилтийг даван туулахын тулд олон улсын дэг журмыг шинэчлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна” гэж Сөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли хэллээ.

Найман зочин орон наймуулаа Хятад, Оростой улс төр, эдийн засгийн цогц харилцаатай.

Энэтхэг нь АНУ, Япон, Австралийн хамтаар Энэтхэг-Номхон далайн дөрвөлийг бүрдүүлдэг. Гэвч Хятад улс энэ дөрвөлийг Азийн НАТО гэж буруутгадаг. Тус улс нь ОХУ-ын эсрэг НҮБ-ын тогтоолд санал өгөхөөс хэд хэдэн удаа түдгэлзсэн ч дайныг зогсоох дипломат арга хэмжээ авах шаардлагатайг онцолж буй. Мөн Оросын нефтийн импортоо тасралтгүй нэмэгдүүлсээр байна.

Харин Бразил бол Хятад, Орос, Энэтхэг зэрэг хөгжиж буй орноос бүрддэг БРИКС бүлгийн гишүүн юм. Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва саяхан Хятадад айлчилж, хамгийн том худалдааны зах зээлтэй харилцаагаа бэхжүүлсэн байна. Тэрбээр дайны талаар байр сууриа илэрхийлсэн нь барууны зарим орныг бухимдахад хүргэсэн. Тодруулбал, Луис Лула саяхан энх тайвныг тогтоохын тулд Крымийг өгөхийг санал болгожээ.

“Вьетнамыг зочноор урьсан шалтгаан нь Япон, Хятадын газар нутгийн маргаантай холбоотой” гэж Өмнөд Солонгосын Цэргийн хэрэг эрхлэх хүрээлэнгийн шинжээч Ким Ёл Су хэлэв.

ДЭЛХИЙН ӨМНӨД БҮС

“Их-7”-ийн орнууд дэлхийн эдийн засгийн 40 орчим хувийг бүрдүүлж байна. Гэвч энэ нь 1970-аад оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувьтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Японы Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, хөгжлийн бусад асуудлыг шийдвэрлэхийн тулд “Их-7” бүлэг нь дэлхийн өмнөд бүсийн орнуудтай хамтран ажиллах шаардлагатай байгаа аж.

Зочин орнуудын жагсаалтад “Дэлхийн өмнөд бүс” гэсэн орнууд онцгой ач холбогдолтойд тооцогдож байна. Энэ нь Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудад хэрэглэгддэг нэр томъёо юм. НҮБ-ын гишүүн орнуудын дунд “Дэлхийн өмнөд бүс” ангиллын орнууд цөөнгүй бий.

Тухайлбал, Индонези улс байгалийн арвин баялаг, эдийн засгийн чадавхиараа Японы хувьд онцгой ач холбогдолтойд тооцогдоно. Харин Энэтхэг улс бол “Их-20” бүлгийн энэ жилийн тэргүүн юм. “Их-20” бүлгийг “Их-7”-ийн эдийн засаг болон дэлхийн өмнөд бүсийг холбох чухал гүүр гэж үздэг.

АНУ-ЫН ХОЛБООТОН

Өмнөд Солонгосыг урьсан нь Хойд Солонгосын цөмийн аюул заналхийлэлтэй тулгараад буй АНУ-ын холбоотон бөгөөд хөршүүдийн үүргийг илэрхийлнэ.

Японы ерөнхий сайд Фүмио Кишида болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл нар сүүлийн долоо хоногт аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, Солонгосын хойгийн колончлолоос үүдэлтэй түүхэн гомдлыг шийдвэрлэх гэсэн томоохон алхмуудыг хийсэн. Японы тал дараа нь Юн Сук Ёлыг бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ажилласан гэж магтан сайшаажээ.

Энэ удаагийн Хирошимагийн уулзалтаар Кишида, Юн Сук Ёл, Жо Байден нар Хойд Солонгосын цөмийн зэвсэг, Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөө, Орос, Украины дайны талаар хэлэлцэнэ.

АНУ-ын гол холбоотон болох Австрали нь Японтой аль хэдийн нягт хамтран ажиллаад эхэлсэн билээ. Тэр дундаа Австрали нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгохын төлөө хүчин чармайлт гаргасаар ирсэн гэж Япон үздэг. Тиймдээ ч Австралийг “стратегийн тусгай түнш” гэж нэрийдсэн.  Өнгөрсөн жил л гэхэд хоёр улс Хятадын аюул заналхийллийг сааруулахын тулд цэрэг, тагнуул, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ нь  Япон улс АНУ-аас өөр улстай байгуулсан анхны батлан хамгаалахын чиглэлийн гэрээ байв.

БУСАД ХҮЧИН ЗҮЙЛ

Зарим зочин орон нь бүс нутгийн болон бусад байгууллагыг удирддаг. Тухайлбал, Бразил ирэх жил “Их-20”-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авна. Индонези нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны тэргүүн юм. Харин Комор улс Африкийн холбоог тэргүүлдэг бол Күүкийн арлууд нь Номхон далайн арлуудын форумыг тэргүүлдэг.

Япон улс нь Номхон далайн форумын 18 оронтой аюулгүй байдал, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлж буй. Энэ нь мэдээж Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг эсэргүүцэх зорилготой.

Нөгөөтэйгүүр, Япон улс цацраг идэвхт бодистой бохир усаа Номхон далайд асгах вий гэж тус бүсийн орнууд санаа зовж буй. Үүнтэй холбоотойгоор Япон улс тэдэнд хүндэтгэл илэрхийлж, Күүкийн арлуудыг урьсан гэж үзэж байна.

Ерөнхий сайд Фүмио Кишида нь атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошимагаас гаралтай. Тиймээс дээд хэмжээний уулзалтыг төрөлх хотдоо зохион байгуулснаар цөмийн зэвсгээс ангид дэлхийг байгуулах хүсэл зоригоо илтгэж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж