Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалтын талаарх нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Н.Энхбаяр ахлаж явуулсан. Нэг хэсэг нь түүнийг сайн ажилласан гэж магтсан бол нөгөө хэсэг нь УИХ дахь улсын яллагч биш шүү гэх шүүмжлэл дайсан. Ямартай ч Хөгжлийн банкны нээлттэй сонсгол үүргээ гүйцэтгэсэн нь үнэн.
Харин нүүрсний хэргийн сонсголыг хэзээ хийх вэ гэсэн асуултыг иргэдийн зүгээс тавих болсон юм. Уг хэрэгт цөөнгүй улстөрч сэжигтнээр нэрлэгдсэн. Тэр тусмаа УИХ-ын хэд, хэдэн гишүүнийг уг хэрэгт холбогдуулан хууль, хүчнийхэн шалгаж буй билээ. Жишээ нь, улсын прокуророос Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Т.Аюурсайханы хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нүүрсний сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байдаг. Энэ талаар түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нүүрсний сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн. Уг хүсэлтийг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр сонсголыг хойшлуулах шийдвэр гаргасан" болохоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон байдаг.
Тэгвэл нүүрсний сонсголыг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулахаар улс төрийн хүрээнд яригдсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболдыг дуудаж "Нүүрсний сонсголыг хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээх"-ийг сануулжээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ