Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй буюу үүнийг л хохь нь гэдэг юм!

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй буюу үүнийг л хохь нь гэдэг юм!

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй буюу үүнийг л хохь нь гэдэг юм!

Тавлаж байгаа юм биш шүү, гэхдээ юу тарина, түүнийгээ хурааж авдаг нь амьдралын философи. Төмсний үр тарьвал төмс, алимны үр тарьвал алим хурааж авна. Түүнээс төмсний үр тарьчхаад алт хурааж авдаг ид шид зөвхөн үлгэрт гардаг байх. Гэвч үлгэр бол үлгэр.

УИХ-ын захирамжаар томилолтоор тойрогтоо ажиллаж байгаа гишүүдийг сонгогчид нь өндөг шидэх нь холгүй угтаж байгаа аж. Өвс авчирч өгсөнгүй гэж агсам тавьсан, үнийн өсөлтөд бухидсан иргэд  төр засгаа чичлэж сууна, тэгэх нь зүйн хэрэг. Ямбыг нь эдлэж байгаа нөхдүүд ялыг нь үүрэх нь гарцаагүй. Гэхдээ монголчууд  өнөөдөр хүртэх ёстойгоо хүртэж байна, үүнийг л жинхэнэ хохь нь гэж хэлдэг юм.

1.

2022 онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 420 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт байв. Дээр нь Австралийн нүүрс Хятадын хоригт орсон нь Монголын хувьд угтаа алтан боломж байлаа. Даанч алтан боломжийг Монгол Улс атгах нь байтугай ашиглаж чадаагүй, нүүрсний гол зах зээлээс ердөө 267 километрын наана оршиж буй атлаа нэг тонн нүүрсээ 169 ам.доллараар зарсан нь ердөө л төмөр замгүйгээс болсон хэрэг.

Монголын нүүрсний экспортын хоёр гол зам нь Гашуунсухайт ба Шивээхүрэнгийн боомт. Гэвч монголчууд нүүрсээ өнөөдрийг хүртэл авто машинаар тээвэрлэж байна. Тээвэрлэлтийн зардал нь өндөр учраас Монголын нүүрсний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Иймээс нүүрсний төмөр замтай болох нь Монголын сүүлийн 14 жилийн мөрөөдөл байв.

2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг УИХ-аар батлаж, уг бодлогын хүрээнд  Монголын  Засгийн газраас Шинэ төмөр зам төслийн хүрээнд 5683 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөсөн юм. Эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд 267 киломер, Тавантолгой- Зүүнбаянгийн чиглэлд 416 километр төмөр зам барихаар, ингэхдээ урагшаа нарийн царигтай, хойшоо өргөн царигтай байхаар 2014 онд УИХ-аас тогтоол гаргасан. Гэвчиг УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдаж, Засгийн газар Шинэ төмөр замын төслүүдээ нээлттэй зарлахтай зэрэгцээд элстэй уут цоолох стратегиа оросууд Монголд амжилттай хэрэгжүүлсэн билээ.  Үр дагаварт нь Монгол Улс өдгөө хоёрын хоёр мухар төмөр замтай сууж байна. Атал хойд урд хоёр хөрш нарийн царигтай төмөр замаар аль хэзээний холбогдож, ОХУ Хятадад нийлүүлсэн нүүрсний экспортын хэмжээгээрээ Монголын урд гишгэх болсон нь бодит үнэн.

Өргөн царигтай төмөр замаа Хятадын нарийн царигтай төмөр замын сүлжээнд холбоход монголчуудад цөөнгүй бэрхшээл тулгарч буй. Нэгд, төмөр замынх нь өндөр нам, өргөн нарийн нь зөрчихсөн, хоёрт,  газар зүйн байрлал нь илтэд зөрүүтэй.  Энэ мэт асуудлаа шийдвэрлэхээс нааш Монгол Улс төмөр замаар нүүрсээ тээвэрлэх бололцоогүй. Тэр тусмаа дэлхийн зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарах боломжгүй. Эдийн засгийн хувьд улсад асар хохиролтой, Х.Баттулга, Д.Баясгалан хоёрт хожоотой төсөл болсон.

Учир нь, өргөн царигтай төмөр замаар нүүрс тээвэрлэхэд  ачилтын зардал нэмэгдэнэ, энэ хэрээр Монголд орж ирэх ёстой ашиг орлого буурна,  42 сая тн нүүрс экспортод гаргалаа гэж тооцоход хамгийн багадаа хоногт ачилтын хөлсөнд 740 сая төгрөг, жилдээ 270 тэрбум төгрөгийн ашгаа алдана.  Иймээс л М.Энхсайхан Х.Баттулгад хандаж “Чамаар Монголоо тоглуулахгүй” гэсэн байх.

2.

2017 онд Х.Баттулга  600 мянган хүний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараа Үндсэн хуулийн цэцэд захиалга өгч, урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам тавих УИХ-ын тогтоол нь  Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргуулж, үүнийг нь парламент хүлээж авсан байдаг. Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан хүн нь нүүрсний хулгайн хэргийн сэжигтэн, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Н.Удаанжаргал байв. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” компани ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу оффтейк гэрээнүүд байгуулж, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг түмэн цэргээр, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Бодь” группээр бариулсан. “Бодь”-ийн барьсан нэг километр төмөр замын өртөг нь  нэг сая 460 мянган ам.доллар, нийтдээ нэг тэрбум, 5 сая ам.долларыг зарцуулсан байдаг. Тэгвэл Зүүнбаянгийн төмөр замын нийт санхүүжилт нь 1.3 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг үр ашиггүй үхмэл хөрөнгө болгосон гэсэн үг. Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбоход дор хаяж 300 сая ам.доллар шаардлагатай болж байна. Ийм мөнгө Монголд өнөөдөртөө алга.
Ийнхүү Х.Баттулгын ярьсан үлгэрт итгэсэн монголчууд өнөөдөр өлсч, зовж байгаагаа гайхаж сууна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэдэг.

3.

Тавантолгойн нүүрсийг Хятадын төмөр замыг сүлжээгээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахаар Монгол Улс 2010 оноос эхэлж оролдлого хийсэн. Харамсалтай нь тэр болгоныг гадаад, дотоодын захиалгаар манай “эх орончид” унагаж, гацааж ирсэн.  Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар барьсан бол Монгол Улс Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгт нүүрсээ борлуулах боломж нээгдэх байв. Үнэндээ Хятад улс Монголыг эзлэх дээрээ тулбал цэрэг танк ч хэрэггүй, хилээ хаагаад, нүүрс авахаа зогслох төдийд монголчууд хэцүүдэнэ. Хэдэн мал байгаад ч нэмэргүй. Өнөөдрийн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал бол өчигдрийн бидний сонголтын төлөөс юм. Монголчууд хүртэх ёстойгоо л хүртэж байна,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монгол Улс нүүрсний экспортоос 80 их наяд төгрөг алдсан болохыг онцолсон. Энэ нь Монгол Улсын таван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө агаад Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд нийтдээ 120 их наяд төгрөг шаардлагатай гэвэл үүний дөрөвний гуравтай тэнцэх мөнгийг монголчууд  өнгөрсөн хугацаанд алдсан байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга ялж эсрэгээрээ Монгол  ялагдсаныг тоо хэлдэг. Тоо худлаа хэлдэггүй.

4.

Хоёр жил дипломат маргаантай байсан Австрали-Хятадын маргаан өндөрлөж, худалдааны эргэлт сэргэсэн нь Монгол Улсын хувьд таатай мэдээ биш. Учир нь, Хятадын төрийн өмчит компаниуд Австралиас нүүрс захиалах болсноор манай нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж эхэлжээ.  Товчхондоо, энэ жилдээ 42 сая тонн нүүрсээ экспортод гаргахаар төлөвлөж суусан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мөрөөдөл талаар өнгөрч магадгүй нь.  Гэвч энэ бүхэнд Х.Баттулга ганцаараа буруутай юм биш.  Нарийн царигтай төмөр замаар цэрэг танк орж ирнэ гэдэгт итгэснийхээ, 2017 онд “Монгол ялна” гэх сонголт хийснийхээ төлөөсийг монголчуждттөлж байна. Энэ төлөөс хэчнээн жил үргэлжлэхийг хэлэхэд хэцүү.  Байгалийн баялгаа хав дараад,  хэдэн малынхаа буянд сайхан амьдрахыг хүсэх тусам хэдэн “мал”-ынхаа буянд хэдэн дарга нар л сайхан амьдарна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж