ДАТА: Хотын дарга нарын хэн нь олон газар ОЛГОВ?

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

ДАТА: Хотын дарга нарын хэн нь олон газар ОЛГОВ?

Хамгийн олон газар олголтын захирамжийг хотын дарга асан Миеэгомбын Энхболд гаргажээ. Тэрбээр 2004 онд 2048 газар олгож байсан бол 2020 онд С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын үед энэ тоо эргэн нэмэгдэж, 1175 газар олгох захирамжийг гаргасан байх юм.

Нийслэл, аймаг, сумын Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх дата баримтыг өнөөдрөөс Shilen.gov.mn олон нийтэд ил болгов. Хамгийн олон газар олголтын захирамжийг хотын дарга асан Миеэгомбын Энхболд гаргажээ. Тэрбээр 2004 онд 2048 газар олгож байсан бол 2020 онд С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын үед энэ тоо эргэн нэмэгдэж, 1175 газар олгох захирамжийг гаргасан байх юм. Харин 2007 онд буюу хотын дарга асан Т.Билэгтийн үед хамгийн цөөн буюу 251 газрын зөвшөөрөл олгосон байна.


МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Тэрбээр 1999-2006 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан бөгөөд хотын даргаар ажиллаж байх хугацаандаа нийт 7374 газрын зөвшөөрөл олгожээ. М.Энхболд нь нийслэлийн Засаг дарга байх үед хууль бусаар олгосон газар болон барилгын зөвшөөрлүүд олширсон гэгддэг.

Түүний Засаг даргаар ажиллаж байх үеийн газар олголтыг Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээллээс харвал 2001 онд 1179, 2002 онд 1561, 2003 онд 1295, 2004 онд хамгийн их буюу 2048 газар олгох захирамжийг гаргасан байх юм.

ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ

Э.Бат-Үүл 2012-2016 онд хотын даргаар ажиллаж байсан. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд 1888 газрын олголтын захирамж гаргасан байна. Тодруулбал, 2012 онд 324, 2013 онд 262, 2014 онд 554, 2015 онд 633, 2016 онд 451 газар олгожээ.

Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээллийн жагсаалтаас онцолбол, хотын дарга асан Э.Бат-Үүл 2015 онд А/226 захирамжаар иргэн Б.Мөнх-Учралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 20 жилийн хугацаатай 2000 м.кв газар олгосон байна.

Мөн 2013 онд А/547 тоот захирамжаар иргэн Г.Цэндсүрэнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт таван жилийн хугацаатайгаар амины орон сууц, хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 2286 м.кв газар олгожээ.

ГОМБОСҮРЭНГИЙН МӨНХБАЯР

   

Э.Бат-Үүлийн дараагаар хотын дарга асан Г.Мөнхбаяр жагсч байна. Тэрбээр Засаг даргаар 2009-2012 онуудад ажиллаж байх хугацаандаа 1679 газрын зөвшөөрөл олгох захирамжийг гаргажээ.

Тодруулбал, 2009 онд 71 дүгээр захирамжаар Хан-Уул дүүрэгт “Гранд бридж” ХХК-д 15 жилийн хугацаатай 2900 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төвийн зориулалтаар олгожээ.

Мөн 2011 онд Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Магнай трейд” ХХК-д таван жилийн хугацаатай шатахуун түгээх станц барих зөвшөөрлийг олгож байжээ. Үүнээс гадна 2012 онд А/344 тоот захирамжаар Авлигатай тэмцэх газарт Хан-Уул дүүрэгт таван жилийн хугацаатай орон сууц барих 30 мянган м.кв газрыг олгосон байх юм.

СУНДУЙН БАТБОЛД

Хотын дарга асан С.Батболд 1381 газар олгох захирамж гаргасан байна. Тэрбээр 2016-2018 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан байдаг.

Тодруулбал, Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээлэлд тэрбээр 2018 онд А/98 тоот захирамжаар иргэн Ч.Бямбасүрэнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалттай 869 м.кв газрыг олгосон байна.

Мөн 2018 онд “А-4 СӨХ” аж ахуйн нэгжид А/464 тоот захирамжаар Чингэлтэй дүүрэгт 15 жилийн хугацаатайгаар 1696 м.кв газрыг орон сууцны зориулалтаар олгожээ.

САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН

С.Амарсайхан нь 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, НИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2019 онд 33 дахь хотын даргаар сонгогдон ажилласан. Тэрбээр нэг жил гурван сар буюу 460 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад амжсан байдаг.

Хотын даргаар нэг жил ажиллахдаа 919 газар олгожээ.

Тодруулбал, 2019 онд А/883 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэгт 20 айлын СӨХ-нд 15 жилийн хугацаатай орон сууц барих 3554 м.кв газрын зөвшөөрлийг олгосон банйа. Мөн 2020 онд А/552 тоот захирамжаар иргэн А.Товуудоржид Хан-Уул дүүрэгт эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 5000 м.кв газрыг олгосон байна.

ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР

Тэрбээр 2020 оны аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингэснээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, нийслэлийн Засаг даргаар ажиллаж буй. Ажлаа хүлээн авснаас хойш 621 газар олгожээ.

Тодруулбал, 2020 онд А/1364 тоот захирамжаар иргэн А.Батзаяа, А.Энхжаргал, А.Пүрэв, Ж.Энхчимэг, Б.Мөнхсайхан нарт Хан-Уул дүүрэгт 15 жилийн хугацаатайгаар амины сууцны зориулалтаар тус бүр 700 м.кв газар олгожээ. Түүний сүүлийн 2021, 2022, 2023 оны газар олголтын мэдээлэл байхгүй байна.

Өмнөх 2020 оны газар олголтын зөвшөөрөл нь иргэдэд А/1364 тоот захирамжаар амины сууцны 700 м.кв газар олгосон мэдээллүүдийг л зөвхөн ил болгосон нь анхаарал татлаа.

ТҮДЭВИЙН БИЛЭГТ

Хотын дарга асан Т.Билэгт нь 2007 оны арванхоёрдугаар сараас нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. Тэрээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 516 газрыг олгожээ. Тодруулбал, 2008 онд А/561 болон А/558 тоот захирамжаар Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт орон сууц барих зориулалтаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар 15, 25, 100 м.кв газар олгож байжээ.

Мөн 2008 онд А/297 тоот захирамжаар иргэн А.Баясгаланд Чингэлтэй дүүрэгт үйлчилгээний зориулалттай 30 м.кв газар олгосон байна. Үүнээс гадна 2008 онд А/559 тоот захирамжаар "Алтан говь интернэшнл" ХХК-д Баянзүрх дүүрэгт орон сууцны зориулалтаар 3824 м.кв газар олгожээ.

ЦОГТЫН БАТБАЯР

Тэрбээр нийслэлийн Засаг даргаар 2005-2007 оны хооронд хоёр жил ажилласан. Хотын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2014 оны долдугаар сарын 23-ний өдөр шүүхээс 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялаар шийтгүүлсэн.

Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээлэлд дурдсанаар тэрбээр 485 газар олгох захирамж гаргажээ.

Тодруулбал, 2006 онд А/256 тоот захирамжаар иргэн А.Энхтайванд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амины сууцны зориулалтаар 1422 м.кв газар олгосон байна. Тухайн онд А/363 тоот захирамжаар "Эрүүл хаан" ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахмадын сувиллын зориулалтаар 210 мянган м.кв газар олгож байжээ. Мөн 2007 онд А/495 тоот захирамжаар "Яармаг" ХХК-д Хан-Уул дүүрэгт үйлдвэрлэлийн зориулалттай 210 м.кв газар олгосон талаарх мэдээллийг олон нийтэд ил болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж