“Цар тахлын эрин үе дэхь тогтвортой эрүүл мэндийн хөгжил”

“Цар тахлын эрин үе дэхь тогтвортой эрүүл мэндийн хөгжил”

“Цар тахлын эрин үе дэхь тогтвортой эрүүл мэндийн хөгжил”

76 дахь удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблей (ДЭМА)-г тохиолдуулан нийтэлсэн Сайдын тусгай нийтлэл “Цар тахлын эрин үе дэхь тогтвортой эрүүл мэндийн хөгжил”

Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)-ий Эрүүл мэнд, халамжийн яамны Сайд Сюэ Руй Юань


Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн цар тахал дэгдээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Эдүгээ дэлхий даяар цар тахлын халдварын тархалт удааширч, дэлхийн улс орнууд хилээ аажмаар нээсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн салбарын бодлого хэдийнээ тахлын эсрэг тэмцэхээс илүүтэйгээр цар тахлын дараах сэргэлт рүү гол анхаарлаа хандуулж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд (Sustainable Development Goals, SDGs), Бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх (Health and well-being) зорилтын хэрэгжилтийг хурдасгах, дэлхийн улс орнууд халдварт өвчин, цар тахлын улмаас орхигдоод байсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хүчин чармайлтаа эрчимжүүлэв.

Тайвань ДЭМБ-ын “Гурван тэрбум”-ын зорилт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж, эрүүл мэндийн үйлчилгээ нийлүүлэлтийн илүү уян хатан, эрх тэгш сүлжээг бий болгож, эрх тэгш бүх нийтийг хамарсан, шударга эрүүл мэндийн тогтолцоог хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны хүрээнд хүн амыг халдварт өвчний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, удирдах, тусламж үзүүлэх чиглэлээр хичээн ажиллаж байна. Тайвань нь салбар хоорондын, нэгдсэн, шинэлэг бүтээлч, иргэн бүрийн эрүүл мэндэд төвлөрсөн дэлхийн эрүүл мэндийн төлөөх үйл хэргийн хүрээнд өөрийн туршлагаасаа хуваалцаж, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын эрүүл мэнд, сайн сайхны төлөөх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж чадна.

Энэ удаад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн цар тахал дэгдэх үед Тайвань эрүүл мэндийн цогц систем, цар тахлын эсрэг бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин, тархвар судлалын тандалт, судалгаа, дүн шинжилгээний системээ ашиглан халдварт өвчний тархалтыг үр дүнтэй бууруулж чадсан. Тайваний цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах загварт урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлдэг, эрт хариу арга хэмжээ авах механизм багтсан. Бусад арга хэмжээнд хилийн хяналтын бодлого, эмнэлгийн нөөцийн зохистой хуваарилалт, вакцин, вирусийн эсрэг эм байхгүй үед цар тахал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор өвчтөн шилжүүлэх тогтолцоо багтсан.

Тайваний ард иргэд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьж, хөл хөдөлгөөн ихтэй газар очихоос зайлсхийж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, вакцинд хамрагдсанаараа Тайваний цар тахлын эсрэг загварыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /Organisation for Economic Co-operation and Development/ гишүүн 38 орон, Сингапуртай харьцуулахад Тайвань нь COVID-19-ийн нэг сая хүн амд ногдох нас баралтын хувь, нас баралтын тоогоороо 6-р байранд бичигдсэн төдийгүй хамгийн багадаа COVID-19-ийн эсрэг нэг тун вакцинд хамрагдсан үзүүлэлтээрээ 4-р байрт бичигдсэн болно. 100 хүн амд ногдох вакцины нэмэлт тунгийн тоо үзүүлэлтээрээ Тайвань 3-рт бичигджээ.

Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих нь (Health For All)

Өнгөрсөн онд ДЭМБ-ын Ерөнхий захирал ирэх таван жилд хэрэгжүүлэх эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, ахиц дэвшил гаргах, гүйцэтгэлийг сайжруулах гэсэн тэргүүлэх 5 чиглэлийг тодорхойлсон. Тэдгээрийн дотроос эрүүл мэндийг дэмжих нь хамгийн чухал үйл хэрэг юм. ДЭМБ-аас гаргасан “Дэлхийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын тогтолцоог хэрэгжүүлэх нь”-д эрүүл мэндийг дэмжих зорилт нь тууштай байгааг харж болох юм.

Тайвань 1995 онд бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгосон. Тэр цагаас хойш засгийн газар ард иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд ингэснээр бүх насны иргэд эрүүл байх эрхээ бүрэн эдлэх боломж бүрдсэн. Тайвань нь жирэмсэн эхийн эндэгдлийг бууруулах, эх нялхсын эрүүл мэндийг дэмжих зорилгоор жирэмсний хяналт, жирэмсний үеийн чихрийн шижингийн илрүүлэг, цус багадалтын шинжилгээ, гурван удаагийн хэт авиан шинжилгээг хийдэг. Үргүйдлийг бууруулах, үр шилжүүлэн суулгах эмчилгээний эдийн засгийн ачааллыг бууруулах зорилгоор Тайвань үргүйдлийн эмчилгээнд зориулах нөхөн олговор, татаас олгох хөтөлбөрийг өргөжүүлж, эхийн сүүгээр хооллохыг дэмжих, эхийн сүүгээр хооллох таатай орчныг бүрдүүлэх, хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох зааварчилгааг өгсөөр байна.

Үүнээс гадна Тайвань халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хэд хэдэн хөтөлбөрийг бий болгосон. Тухайлбал бодисын солилцооны архаг өвчинтэй иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүд нь эрсдэлт бүлэгт дэмжлэг үзүүлж, хоолны дэглэм, дасгалын зааварчилгаа өгөх, тамхиа хаях, хорт зуршлаас татгалзах тухай зөвлөмж мэдээлэл зэрэг үйлчилгээгээр хангаж, хүмүүст амьдралын чанараа дээшлүүлж, архаг хууч өвчинд хүргэдэг цусны даралт ихсэх, өндөр холестерин, цусан дахь сахрын хэмжээг бууруулах чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг.

Тайвань мөн ДЭМБ-аас 2025 онд хорт хавдрын нас баралтыг 25%-иар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдартай тэмцэх дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг дэмжиж, дэлхийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл хэрэгт илүү их хувь нэмэр оруулна гэж найдаж байна. ДЭМБ-ын 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг устгах зорилтыг биелүүлэх, Тайвань умайн хүзүүний эсийн шинжилгээнд зориулан нөхвөр олговор, татаас олгож, хүний ​​хөхөнцөр вирусийн (ХПВ) эсрэг вакцинжуулалтад иргэдийг улсын зардлаар хамруулж, 2018 оны 12-р сараас эхлэн дунд сургуулийн 12-15 насны охидод ХПВ-ын эсрэг вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд вакцинжуулалтын түвшин 92.1% байна.

Шинэлэг технологи, бүх нийтийн эрүүл мэндийн хамрах хүрээ

Тайваний Үндэсний эрүүл мэндийн даатгал (NHI) нь бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулсан амжилттай жишээ юм. COVID-19-ийн цар тахал нь бүс нутгийн хамтын ажиллагаа, эмнэлгийн цахимжуулалтын ач холбогдлыг олон улсын хамтын нийгэмлэгт ойлгуулсан бөгөөд Тайвань эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дижитал эрүүл мэнд, инновацыг дэмжин ажиллаж байна. Тухайлбал Тайваньчууд эмнэлгийн системийг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэхийн тулд “Дараагийн үеийн эрүүл мэндийн мэдээллийн системийг шинэчлэх төлөвлөгөө” боловсруулах, эрүүл мэндийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, алслагдсан бүс нутаг болон алс холын арлуудад оршин суудаг өвчтөнүүдэд теле эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэн ажиллах, хиймэл оюун ухаан болон бусад шинээр гарч ирж буй технологийн хэрэглээг судлан нэвтрүүлж байна. Цар тахлын үед Тайвань “Тайваний Чингуан №1” буюу (NRICM101) эмийн экспортын тусгай зөвшөөрлийг 13 удаа гаргаж, цар тахал өвчинд нэрвэгдсэн бүс нутгийн орнуудад туслалцаа үзүүлсэн. Мөн цар тахлын дараах гол эм бэлдмэл, түүхий эдийн дотоодын үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай түүхий эдийг олж авах, эмийн хомсдолд үүсгэхгүйн тулд хэд хэдэн арга хэмжээг идэвхтэй авч хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Тайвань дэлхийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны ач холбогдлыг илүүтэйгээр танин мэдэж, олон улсын сүлжээнүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Тайваний шинэлэг технологи, бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх туршлага, бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулсан шилдэг арга замаасаа хуваалцсан болно.

Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна

2017 оноос хойш Тайвань олон жилийн турш Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд уригдан оролцож чадсангүй. Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн цар тахлын тархалт буурч, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх яриа хэлэлцээ дэлхий даяар хурдацтай хийгдэж байгаа энэ үед Тайванийг орхигдуулж болохгүй юм. Тайванийн оролцоотойгоор даян дэлхийг илүү эрүүл, тогтвортой, тэгш эрхтэй болгох боломжтой юм.

ДЭМБ болон холбогдох талуудад Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд ажиглагчаар оролцуулах, түүнчлэн ДЭМБ-ын хурал, механизм, үйл ажиллагаанд Тайванийг бүрэн оролцохуулах асуудлыг дэмжихийг уриалж байна. Тайвань нь ДЭМБ-ын дүрмээр тунхагласан “Эрүүл мэнд бол хүний ​суурь үндсэн эрх”, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх” (Leave no one behind) үзэл баримтлал, алсын харааг дэлхийн бусад орнуудтай гар нийлүүлэн хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж