АНУ-ын Сангийн яам урьд өмнө байгаагүй дефольтоос урьдчилан сэргийлэх боломжгүй болж магадгүй нөхцөл байдалд Конгресс болон Цагаан ордны албаныхан холбооны өрийн таазыг цуцлах гэрээ байгуулахыг оролдож байна. Хэрэв тэд бүтэлгүйтэж, засгийн газар төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй бол эдийн засагчид, санхүүгийн мэргэжилтнүүд эмх замбараагүй байдлыг урьдчилан таамаглаж байна. Засгийн газар нэмэлт зээл авах боломжгүй тохиолдолд Сангийн яам зургадугаар сарын 1-нээс хойш мөнгөгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэдгийг Сангийн сайд Жанет Л.Йеллен мэдэгдсэн. Тэгвэл АНУ-ын албаныхан өрийн таазаа нэмэгдүүлэх хэлэлцээрт хүрч чадахгүй бол үүсэх долоон хямралыг ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа онцолж байна.
Дефольтоос гарах шаталсан үр дагавар нь улам бүр нэмэгдэх болно. Тухайлбал, холбооны төлбөрийг түр зогсоох нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, хөрөнгийн зах зээлд хохирол учруулах бөгөөд энэ нь эргээд эдийн засагт илүү их хохирол учруулах гэх мэтээр үргэлжилнэ. Орон сууцны үнэ унасан, зээлийн хүүгийн өсөлт, тогтворгүй үед дэлхийн санхүүгийн системийн хоорондын харилцан үйлчлэлийг тооцоолоход хэцүү байдаг. Зарим тооцоогоор 8 сая гаруй ажлын байр устаж магадгүй гэж үздэг. Зарим төсөөллөөр бол ипотекийн зээлийн хүү 20 гаруй хувиар өсч, эдийн засаг 2008 оны Их хямралын үеийнхтэй адилаар агшиж магадгүй юм. Гэхдээ эдийн засагчдын онцолж буй зүйл бол урьдчилан таамаглах боломжгүй байдал юм.
ЭДИЙН ЗАСАГЧДЫН АНХААРУУЛЖ БУЙ 7 ҮР ДАГАВАР:
1. Хувьцааны хямрал
Уолл Стрит хамгийн түрүүнд асуудалтай тулгарах болов уу. Одоогоор санхүүгийн зах зээл өрийн таазтай холбоотой маргаанд тийм ч их савалгаагүй байна. АНУ-ын засгийн газрын бондын өртөг өссөн нь эргэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй байгааг харуулж байна. Төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүйгээс үүсэх цочрол нь санхүүгийн системд – хувьцаа, бонд, хамтын сан, дериватив зэрэг өргөн хүрээний эдийн засагт тархах болно гэж шинжээчид үзэж байна.
Зээлийн хүү нэмэгдэж, хөрөнгө оруулагчид богино хугацааны бэлэн мөнгөний хүртээмжийг хадгалахын тулд зах зээлээс хөрөнгөө татдаг тул эдийн засаг илүү их уналтад орно гэсэн хүлээлттэй холбоотойгоор хувьцаанууд унах магадлалтай. Шинэ зээл олгохоос аль хэдийн болгоомжилж байсан банкны салбар улам чангарч магадгүй юм.
Сүүлд 2011 онд АНУ-ын засгийн газар дефолтод ойртоход хувьцаанууд унасан. Ерөнхийлөгч асан Барак Обама Конгрессын бүгд найрамдахчуудтай Х өдрөөс хэдхэн хоногийн өмнө тохиролцож чадсанаар дефолтоос сэргийлж чадсан ч гол хувьцааны индексүүд 20 хүртэлх хувиар унаж байв.
"Moody’s Analytics"-ийн тооцоолсноор хувьцааны үнэ ойролцоогоор тавны нэгээр буурч, өрхийн 10 их наяд ам.долларын хөрөнгө устаж, сая сая америкчуудын тэтгэврийн дансыг сүйрүүлж болзошгүй юм. Цагаан ордон хувьцааны уналтыг 45 хувьд хүрч магадгүй гэж тооцоолжээ.
Мөн 46 их наяд ам.долларын бондын зах зээл мөн л чичирнэ. Учир нь одоо байгаа Төрийн сангийн бондын үнэ нь шинэ бондын өгөөж өндөр байснаас болж унана. Мөн бизнесүүд тэлэлтээ зогсоож, хувьцааг улам бүр бууруулна.
2. Гэнэтийн уналт
Хэрэв албаныхны хооронд зөрчил үргэлжилбэл нөлөөлөл нь санхүүгийн зах зээлээс өргөн эдийн засаг руу хурдан тархах болно. Орон даяар өрхийн хэрэглээний зардал буурч, бизнес эрхлэгчдэд ч хохирол учруулах болно. Зээлийн хүү өссөнөөр жижиг бизнес эрхлэхэд хүндрэл учруулна.
Энэ нь аль хэдийн хямралд байгаа орон сууцны зах зээлийг сүйрүүлж магадгүй юм. "Zillow"-ийн саяхан гаргасан тайланд дефолт нь ипотекийн зээлийн хүүг 8 хувиас дээш болгож, орон сууцны борлуулалтыг 23 хувиар бууруулна гэж таамаглаж байна. Барилгын салбар болон бусад салбарууд ч гэсэн хямралыг мэдрэх болно.
Хамгийн ноцтой нөлөөлөл нь, эмнэлгийн болон нийгмийн хамгааллын ахмад настнууд, хүнсний талон авдаг хүмүүс зэрэг олон арван сая америк иргэнд холбооны тогтмол төлбөрийг түр зогсоох явдал байж магадгүй. Холбооны засгийн газар энэ жил ойролцоогоор 6 их наяд ам.долларыг дээрх зардалд зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь өдөрт ойролцоогоор 16 тэрбум ам.доллар юм.
3. Холбооны ажилчид тодорхойгүй байдалд байна
Конгресс шинэ төсвөө баталж чадаагүй тохиолдолд АНУ-ын засгийн газар үйл ажиллагаагаа зогсооход хүрдэг. Зарцуулалт нь батлагдаагүй агентлагууд ажилчдыг чөлөөлөхөд бэлтгэж, зарим "чухал" ажилтнуудад цалингүй ажиллахыг зааварчилдаг. Сүүлийн арван жилийн хугацаанд дор хаяж бүтэн өдөр үргэлжилсэн гурван удаагийн зогсолт хийсэн. Энэ тохиолдолд ажилчид бүгд дараа нь цалингаа авдаг.
Цагаан ордны Удирдлага, төсвийн алба өртэй холбоотой хаалтын зааварчилгааг хараахан тараагаагүй байгаа бөгөөд засгийн газар ямар төлбөр хийх боломжгүй болохыг мэдэх боломжгүй байна гэж төсвийн шинжээчдийн үзжээ. Эцсийн хугацаа ойртох тусам энэ нь өөрчлөгдөж магадгүй ч одоогийн байдлаар холбооны чухал ажилчдыг хэрхэн ажиллуулах зааварчилгаа гараагүй байна. Тодорхойгүй байдал нь АНУ-ын цэргийн албан хаагчид, хүнсний аюулгүй байдлын байцаагч, нислэгийн хянагч болон бусад чухал ажил эрхэлдэг ажилчдад нөлөөлж болзошгүй юм.
Холбооны засгийн газар нь 4.2 сая үндсэн ажилтантай, АНУ-ын хамгийн том ажил олгогч.
Бараг 75,000 холбооны ажилчдыг төлөөлдөг Төрийн албан хаагчдын үндэсний холбоо энэ сарын эхээр өрийн хязгаарыг холбооны ажилчдад үзүүлэх нөлөөллийн улмаас Үндсэн хуульд нийцүүлэхийг эсэргүүцэн шүүхэд хандсан.
4. Нийгэм, эрүүл мэндийн даатгалын төлбөр тасалдана
60 сая гаруй хүн нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр авдаг бөгөөд ихэнх нь ахмад настнууд юм. Үүнтэй төстэй тоо нь эрүүл мэндийн даатгалд хамаардаг. Зарим бүгд найрамдахчууд холбооны засгийн газар орж ирж буй татварын орлогыг дахин хуваарилах замаар зээл авахгүйгээр эдгээр төлбөрийг үргэлжлүүлэн хийх боломжтой гэж мэдэгджээ. Гэхдээ төсвийн мэргэжилтнүүд Төрийн сангийн яам ахмадуудад эдгээр тэтгэмжийг цаг тухайд нь олгох боломжтой гэдэгт эргэлзэж байна. Хэрэв засгийн газар орж ирж буй татварын орлогоор зарим төлбөрийг хийх боломжтой хэвээр байвал засаг захиргаа ахмадуудад чек олгох эсвэл өрийн хүүгийн төлбөрийг төлөх хоёрын нэгийг сонгох шаардлагатай болж магадгүй юм. Гэхдээ Нийгмийн даатгал, Эмнэлгийн тусламжийн үйлчилгээг хэвийн байлгахын тулд хүүгийн төлбөрөөс татгалзах нь санхүүгийн хямралыг улам хүндрүүлж болзошгүй.
5. АНУ-ын зээлийн өртөг өснө
Холбооны засгийн газар харьцангуй хямд мөнгө зээлэх боломжтой байдаг. Учир нь засгийн газар маш найдвартай зээлдэгч гэж тооцогддог. АНУ-ын засгийн газрын бондын аюулгүй байдал нь түүнийг дэлхийн санхүүгийн системийн гол материал болгосон.
Гадаад улсын төв банкнаас эхлээд мөнгөний зах зээлийн сан хүртэл бүх зүйлд нөөцийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Холбооны Төрийн сан нь АНУ-ын засгийн газрын бүрэн итгэл, зээлээр баталгаажсан хамгийн найдвартай, хөрвөх чадвартай хөрөнгө оруулалтын нэг гэдгээрээ алдартай.
Тиймээс үнэ цэнэ нь Төрийн сангийн бонд дээр суурилдаг аливаа санхүүгийн хэрэгсэл огцом уналтад орсноор дэлхий даяар тогтворгүй, тодорхойгүй байдалд хүргэж болзошгүй. Эдийн засагчдын үзэж байгаагаар АНУ олон арван жилийн турш зээл авахдаа хэрэглэж байсан хөнгөлөлт дуусгавар болж магадгүй. Вашингтон ДС-д төвтэй Брукингсийн хүрээлэнгийн нэг тооцоогоор муугаар бодоход ирэх арван жилд холбооны зээлийн зардлыг 750 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэж үзжээ.
6. Эдийн засгийн асуудлууд дэлхий даяар тархана
Олон улс орон дэлхийн хамгийн найдвартай хөрөнгийн нэг гэж тооцогддог АНУ-ын засгийн газрын их хэмжээний өрийг худалдан авснаар санхүүгээ хамгаалдаг. Гэвч өрийн дээд хязгаарыг зөрчих нь эдгээр бондын үнэ цэнийг бууруулж, олон улсын нөөцөд сөргөөр нөлөөлнө. Тухайлбал, Шри-Ланка, Пакистан зэрэг өрөнд баригдсан орнуудын эгнээг олноор нэмж, эсэргүүцлийн хөдөлгөөн нэмэгдэж, дэлхийн геополитикийн тогтворгүй байдал бий болно гэж эдийн засагчид болгоомжилж байна. Холбооны нөөцийн банк инфляцийг бууруулахын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд бодлогын хүүгээ өсгөсөн нь олон улс орны хувьд АНУ-ын бондын эзэмших үнэ цэнийг аль хэдийн унагаасан.
Гадаад харилцааны зөвлөлийн мэдээлснээр дэлхийн валютын нөөцийн талаас илүү хувь нь ам.долларт байгаа нь бусад мөнгөн тэмдэгтээс бараг гурав дахин их юм.
7. АНУ-ын нэр хүндтэй зэрэгцэн долларын ханш унана
Дефольт нь улсын дотоод улс төрийн хямралын гүн гүнзгий байдлыг илэрхийлдэг тул дэлхийн тавцанд АНУ-ын байр сууринд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Бразил, Малайз зэрэг улсууд бусад валютаар илүү худалдаа хийхийг уриалж байгаа нь дэлхийн эдийн засаг ам.доллараас хараат байдлаасаа салж байгаа анхны шинж тэмдэг гэж санхүүгийн шинжээчид анхааруулсан. АНУ өрөө төлж чадахгүйд хүрэх нь "ногоон"-ын ханшийг бууруулж, гадаад валют арилжааны 60 орчим хувь нь ам.доллараар хийгдэж байгааг ч өөрчилж магадгүй.
Йеллен Японд байхдаа дефольт зарлах тухай сэтгүүлчдэд хэлэхдээ: "Энэ нь АНУ-ын дэлхийн эдийн засгийн манлайлалд сөргөөр нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах чадварын талаар эргэлзээ төрүүлэх болно" гэжээ.
Засгийн газрын итгэл үнэмшил нь хямралын үед хариу арга хэмжээ авах чадвартай холбоотой байдаг. Өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж чадаагүй тохиолдолд холбооны засгийн газар онцгой байдлын үед хариу арга хэмжээ авахаас гадна хамгийн үндсэн чиг үүргийнхээ нэг болох төлбөрөө төлөх чадамжид ч эргэлзээ төрүүлнэ.
ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST
Холбоотой мэдээ