“Бэрэн групп”-д зээл олгох нь эрсдэлтэй гэдэг дүгнэлтийг гаргаж байжээ
Прокурорын зүгээс “Бэрэн групп”-ийн төслийг судалсан Хөгжлийн банкны Зээлийн хорооны дүгнэлтийг танилцууллаа.
Дүгнэлтэд “Бэрэн групп нь арматурын үйлдвэр барихад шаардагдах эх үүсвэрт зориулж, 22.7 сая ам.долларын зээл хүсчээ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд гурван эх үүсвэрээс санхүүжилт авахаар төлөвлөсөн байна. Эхнийх нь өөрийн эх үүсвэрээс санхүүжилт бүрдүүлэхээр төлөвлөсөн. Гэвч “Бэрэн групп” нь 2013 онд алдагдалтай ажилласан, 2013 оны IV улирлын санхүүгийн тайлан гараагүй, үүнээс болж өөрөөс санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойгүй.
Төслийн санхүүжилтийн хоёр дахь эх үүсвэрийг Япон улсын банкаас авахаар тооцсон. Энэ нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд шийдвэр нь гараагүй байна.
Барьцаа хөрөнгөд ашиглалтын 4 ш, хайгуулын 2 ш зөвшөөрөл барьцаалахаар санал болгосон. Хөгжлийн банкны эд хөрөнгө барьцаалаха журамд нэг төрлийн барьцаа хөрөнгийг их хэмжээгээр хүлээн авах нь төвлөрлийн эрсдлийг нэмэгдүүлнэ гэдэг заалттай зөрчилдөхөөр байна.
Зээлийн хугацаа өмчийн хэлбэр:
Зээлийг 2018 онд багтаан эргэн төлүүлэхээр тооцсон. Гэвч хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, ажил гүйцэтгэх нарийн хуваарьгүй, Компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас зээл авахтай холбоотой шийдвэр гараагүй байна. Төсөл хэрэгжүүлэх газрын зөвшөөрөл биет бус хөрөнгүүд нь группын охин компанийн эзэмшилд байгаа бөгөөд түүхий эд нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээгүй байна. Дүгнэлтээр төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэсэн. Эрсдлийн дүгнэлт гаргасан нОчихрүү, Эрсдлийн газрын удирдлагын ахлах мэгэжилтэн Р.Батбаяр гэжээ.
Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурал 2014 оны хоёрдугаар сарын 5-нд болж, зургаан хүний бүрэлдэхүүнтэй буюу 87.5 хувийн ирцтэй хуралдсан. Зээлийн хорооны хуралд оролцсон зургаан гишүүнээс нэг нь “Бэрэн групп”-т зээл олгохоос татгалзсан бол таван гишүүн нь зөвшөөрсөн. Уг хуралд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, н.Одонтуул, н.Буяннэмэх, н.Баттулга, Р.Батбаяр, н.Бат-Өлзий, н.Золжаргал нар оролцсон.
Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Бэрэн групп”-т жилийн 8 хувийн хүүтэй 45 сарын хугацаатай 22.7 сая ам.долларын зээл олгох шийдвэр гарчээ.
Энэ үед мөн барьцааны хөрөнгийн үнэлгээ 90 тэрбум болж байгаа бөгөөд олгох зээлтэй харьцуулахад 230 хувиар хангагдаж байна. Арматурын үйлдвэр барих газар нь Орхон аймгийн Баян-өндөр суманд “Хөх ган” компанийн 37.2 га газар дээр баригдахаар төлөвлөгдсөн юм байна.
Өнөөдрийн шүүх хуралдааныг өндөрлүүлээд байна.
“Бэрэн”-д зээл олгохыг татгалзсанаас ажлаас чөлөөлөгдсөн”
Хөгжлийн банкнаас “Бэрэн групп” компанид олгосон зээлтэй холбоотойгоор яллагдагч нараас өгсөн мэдүүлгийг прокурор нотлох баримт болгон танилцууллаа.
Яллагдагч н.Золжаргал:
-Бодит байдал дээр юу болсон бэ гэхээр “Бэрэн групп” компанийн зээл олгохыг хүссэн төсөл нь шаардлага хангахгүй байсан учраас 2014 оны хоёрдугаар сарын 5 –ний өдрийн Зээлийн хорооны шийдвэр дээр татгалзсан санал өгөх гэсэн боловч зөвшөөрсөн гарын үсэг зурахыг Н.Мөнхбат захирал шаардаад байсан юм. Учир нь, би гарын үсгээ зурахгүй яваад байсан юм. Гэтэл Зээлийн хорооны шийдвэр албажаад гарсны дараа буюу хоёрдугаар сарын 6, 7-ний өдрийн үед Н.Мөнхбат захирал намайг өрөөндөө дуудаж уулзаад яагаад гарын үсэг зурахгүй байгаа талаар асуусан. Би “Бэрэн групп” нь хуулийн зөвлөмжид заасан шаардлага хангаагүй тул зөвшөөрөхгүй, татгалзсан санал өгнө” гэсэн. Гэтэл Н.Мөнхбат захирал “Золоо чи юу яриад байгаа юм бэ. Чи Хуулийн хэлтсийн захирал байж, энэ шийдвэр дээр татгалзсан санал өгөх юм бол намайг хууль бус зүйл хийсэн гэж харна шүү дээ. “Бэрэн”-гийн зээл дээр ТУЗ дээр эцсийн шийдвэр гарах тул чи зөвшөөрсөн санал өг гээд Зээлийн хорооны шийдвэрээ надад өгсөн.
Яллагдагч н.Дашзэвэг:
-“Бэрэн групп”-ийн төсөлд зээл олгох асуудлыг Эрсдлийн газраас судалж үзээд дүгнэлт танилцуулахдаа тодорхой хэмжээний эрсдэл байна гэсэн. Гэхдээ гүйцэтгэх захрал буюу Зээлийн хороооны дарга Н.Мөнхбат “Бэрэн группын хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсад хэрэгтэй төсөл, тийм ч учраас Засгийн газрын дэмжсэн төсөл. Тодорхой эрсдлүүдийг арилгуулаад явах боломжтой. Зээл олгох эцсийн шийдвэр нь Төлөөлөн удирдах зөвлөл дээр гаргана. Тиймээс Зээлийн хорооны гишүүдийн зүгээс бүгдээрээ дэмжээд Төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулах хэрэгтэй байна гэсэн. Миний хувьд тухайн үед асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан. Эрсдлийг арилгуулаад явах боломжтой гэж танилцуулагдсан. 2013 оны ес, аравдугаар сарын үеэс Н.Мөнхбат захиралтай би хэд хэдэн удаа санал зөрөлдсөн. Үүний дараагаар Н.Мөнхбат захирал надтай хамтарч ажиллахгүй, ажлаа өг гэж шаардсан. Би “за ч” гэж хэлээгүй, “үгүй ч” гэж хэлээгүй явж байтал намайг 2013 оны сүүлээр ажлаас халах нь тодорхой болсон. 2014 оны хоёрдугаар сард Бэрэнгийн зээл шийдэгдэх үед намайг ажлаас чөлөөлсөн.
Яллагдагч Р.Батбаяр:
-Зээл олгох шийдвэр гаргах үед барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй байсан. Гэхдээ Зээлийн удирдлагын хорооны нийт гишүүд ярихдаа “барьцаа хөрөнгө дутуу байна, Бэрэн группын гадаадын байгууллагаас худалдан авах тоног төхөөрөмжийг нэмэлтээр барьцаанд нь авъя” гэсэн. Ингэхдээ санхүүжилтийг нь Брэн группт олгохгүй, тоног төхөөрөмж нийлүүлэх компани руу нь хэсэгчилсэн байдлаар санхүүжилтийг нь олгохоор ярьж шийдвэр гаргаж байсан. Дээрх эрсдлийн дүгнэлтийг манай Эрсдлийн газрын мэргэжилтэн гаргаж байсан тул дүгнэлттэй нь танилцсан, эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан хэдий ч Засгийн газрын тогтоол гарсан байсан.
Бэрэн групп нь анх удаа Монголд гангийн үйлдвэр барих гэж байгаа тул төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн учраас дэмжиж санал өгсөн. Зээлийн удирпдлагын хороо болон ТУЗ-ийн буруутай шийдвэрээс хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Хөгжлийн банк нь сайн хяналт тавьж чадаагүйгээс ийм байдалд хүрсэн гэж бодож байна. Төсөл хэрэгжүүлэгчийн бусад эх үүсвэр тодорхойгүй байхад зээл олгох шийдвэр гаргаж болохгүй. Зээлийн үйл ажиллагааны журам болон зээлийн бодлогод заасан журам, барьцаа хөөрнгийн журам зэргийг зөрчиж байгаа юм.
Яллагдагч Б.Найдалаа:
-Би бол Бэрэн группийг огт мэдэхгүй. Тухайн үед Засгийн газрын бодлого шийдвэрээр банкны гүйцэтгэх захирал зээлийг судлаад зээл олгох шийдвэр гаргасан байсан учраас дэмжиж санал өгсөн. Арматурын үйлдвэр нь Монголд маш их хэрэгтэй, дээр нь мэргэжилтнуудийн гаргасан дүгнэлт, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагаас гаргасан санал зэргийг харахад яах аргагүй олгох ёстой зээл байсан.
Яллагдагч н.Нэргүй:
-Тухайн үед зээл олгохыг хүссэн хүсэлтүүд нь бүгд нэдүгээрт УИХ- ын болон Засгийн газрын тогтоолтой байдаг байсан. Өөрөөр хэлбэл, УИХ болон Засгийн газраас “Энэ төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ” гэж шийдвэр гаргадаг байсан юм. Хөгжлийн банкны зээлийн хороо болон Эрсдлийн хорооны маэргэжилтнүүд шат шатандаа зээлийг судлаад Зээлийн хороогоор хэлэлцүүлээд шаардлага хангасан гэж үзээд Төлөөлөн удирдах зөвлөлөөр оруулдаг. Бид нараар батлуулж, шийдвэр гаргуулж байгаа шүү дээ. Нэгэнт мэргэжлийн хороод нь журмынхаа дагуу зээлийг судлаад оруулж ирсэн, Засгийн газрын тогтоолтой байсан учраас зээл олгохыг дэмжсэн юм аа гэжээ.
“Бэрэн”-гийн төслийг гацаадаг чи хэн бэ, хариуцлага ярина шүү гэж намайг загнасан”
Шүүх хуралдаан үргэлжилж байна. Ингэхдээ Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-д хамаарах нотлох баримтыг шинжлэн судлах асуудал үргэлжилж байна.
Прокурорын танилцуулснаар яллагдагчаар татагдсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр дараах мэдүүлгийг өгчээ. Тэрбээр “Бэрэн групп”-тэй холбогдуулж гаргасан тогтоол шийдвэр бол хуулийн дагуу гарсан гэж албан ёсоор хэлье. Арван жилийн өмнөх шийдвэр учраас тэр болгон санахгүй байна. Тийм учраас тогтоол шийдвэртэй холбоотой баримтуудыг үзэж, дэлгэрэнгүй мэдүүлэг өгье. Тухайн өдрийн хэлэлцэх асуудлын тэмдэглэл жагсаалтад энэ асуудал байхгүй байгаа бол тухайн өдрийн хурлаар ороогүй гэсэн үг. Тухайн өдрийн Засгийн газрын хуралдаанд ороогүй асуудлыг тухайн өдрийнхөөр оруулсан мэтээр албажуулсан явдлыг шалгаж үзэх шаардлагатай юм. Энэ асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас асууж, тодруулах шаардлагатай юм байна. Учир нь, Засгийн газрын тогтоолыг албажуулах нь Хэрэг эрхлэх газрын үүрэг юм. Дугаарыг нь Хэрэг эрхлэх газраас олгодог, он сарыг нь Хэрэг эрхлэх газраас тавьдаг. Ийм учраас миний мэдэх асуудал биш” гэсэн байна.
Яллагдагчаар татагдсан, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат “Тухайн компанид олгосон зээлийг Хөгжлийн банкны Зээлийн газар судалсан. Гол үндэслэл нь Засгийн газрын тогтоолтой байсан санагдаж байна. Зээл болгон дээр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гардаг ба угаасаа огт эрсдэлгүй зээл гэж байдаггүй. Ийм тийм эрсдэл гарч байна гэдгийг Зээлийн хороо Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулснаар тухайн эрсдлийг яаж зөв зохистой удирдаж шийдвэрлэх вэ гэдгээр шийдвэр гарах боломжтой болдог. Миний бодлоор Зээлийн хороо Төлөөлөн удирдах зөвлөлөөс саяны дурдагдсан эрсдлүүдийг бууруулж, санхүүжилтийг олгох боломжтой талаарх нөхцөлүүд гаргасан байх. Тухайлсан энэ төсөл дээр зээл олгохгүй гэдгийг Зээлийн хороо гаргах эрхтэй, яг энэ зээлийн хувьд тэгэх шаардлагагүй гэж үзсэн юм байна.
Яллагдагч н.Одонтуул:
-Маш их дарамт шахалт дор ажиллаж байсан.Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор нарын болон бусад салбарын сайд нарын дарамт, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын зүгээс байнгын дарамт шахалт үзүүлж, маш хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдгээ хэлмээр байна. Хамийн гол нь Засгийн газрын тогтоол нь Хөгжлийн банкинд яг хууль шиг үйлчилдэг байсан.
Аливаа төслийг хэрэгжүүлэхэд маш өндөр эрсдэлтэй байдаг. Учирч болох эрсдлийг хэрхэн бууруулах талаарх тооцоо судалгаа хийгддэг байсан. Гэхдээ ихэвчлэн Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нар нь надад шууд үүрэг өгч, харилцдаг байсан. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор нар хааяа нэг намайг дуудаж, яамандаа өрөөндөө уулздаг байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар намайг дуудаж уулзаж байгаагүй. Гэхдээ доод шатны сайд нараараа дамжуулж үүрэг чиглэл өгдөг байсан.
“Бэрэн групп”-ын зээлийн судалгаа хийгдэж байхад миний зүгээс зээлдэгч нарт тавих шаардлагаа тавиад хууль ёсны дагуу ажлаа хийж байтал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь 2014 оны эхээр хоёр ч удаа намайг дуудаж, Эдийн засгийн хөгжлийн яаманд өрөөндөө уулзсан. Тэр үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Төрийн ажлыг удаадаг чи хэн бэ. “Бэрэн групп”-ын төслийг яаралтай хэрэгжүүл. Чи ямар зорилготой энэ төслийг гацаадаг юм бэ. Чам дээр хариуцлага ярина шүү” гэх байдлаар намайг загнадаг байсан. “Бэрэн групп”-ын гангийн үйлдвэрийн төсөл нь Монгол Улсад хэрэгтэй, үр ашигтай төсөл боловч, төсөл хэрэгжүүлж байсан туршлага байхгүй, зээлийн шаардлага бүрэн хангахгүй байсан учраас зээл олгож болохгүй удааширч байсан. Гэвч төрийн дээд шатнаас өгсөн, сайд нарын үүргийг биелүүлэх шаардлагатай байсан учраас “Бэрэн групп”-ын зээл хүссэн төслийг нь буцаах, татгалзах ямар ч боломжгүй, биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага тооцно, ажлаа өг гэдэг байсан шүү дээ” гэжээ.
Яллагдагч н.Золжаргал:
-“Бэрэн групп”-ын зээлийн хүсэлтийг судлахад хуулийн шаардлага хангаагүй тул 2014 оны нэгдүгээр сарын 29-нд нэмэлтээр материал гаргуулж авахыг шаардаж, хууль зүйн дүгнэлтээс гадна хууль зүйн зөвлөмж гаргаж өгсөн. Нэгдүгээрт, би итгэл үнэмшлээрээ энэ төслийг дэмжээгүй. Хоёрдугаарт, олонхийн шийдвэрээ дагаад зээл олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахыг дэмжиж л гарын үсэг зурсан. Хэрэв би татгалзсан санал гаргасан бол өөрт эрсдэл гарах байсан. Тухайн зээлийг олгохгүй гээд би татгалзвал миний дээд шатны удирдлагууд надтай хамтарч ажиллахгүй гээд шахаж магадгүй, би ажлын байраа алдах эрсдэл гарах байсан байх.
Журмаараа зээлийн хороо хуралдахаас өмнө зээлийн хорооны гишүүд ажлын 3-5 хоногийн өмнө зээлийн материалыг авч уншин танилцсан байх ёстой. Хугацааг нарийн санахгүй байна. Өнөөдөр дүгнэлт гаргасан бол маргааш Зээлийн хоро хуралдаад шийдвэр гаргах боломжгүй.
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат намайг өрөөндөө дуудаж авч ирээд “Чи бол хуулийн хүн. “Бэрэн” группын төсөл Засгийн газрын тогтоолтой төсөл. Энэ төсөл эрсдэлтэй байна уу, эрсдэлгүй байна уу, тэр нь чиний асуудал биш. Хууль зүйн талаасаа дүгнэлт гаргахад болно гэж хэлсэн. Мөн зээлийн хорооны хурал дээр аудио бичлэгийг зогсоосны дараа энэ төслийг дэмжихгүй бол болохгүй. Засгийн газрын тогтоолтой төсөл гэж албан ёсоор ч албан бусаар ч хэлдэг байсан шүү дээ” гэж мэдүүлжээ.
“Бэрэн групп”-ын үндсэн зээлийн үлдэгдэл 38.6 сая ам.доллар байна
Завсарлага дууссанаар Хөгжлийн банкны зээлдэгч нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна.
Уг шүүх хуралдаанаар Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах асуудал үргэлжилж буй юм.
Прокурорын зүгээс нотлох баримтад тусгасан байгаа “Бэрэн групп”-ын зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.
“Бэрэн групп” нь Хөгжлийн банкнаас 38.8 сая долларын санхүүжилт авснаас Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны Е блок орон сууцны төсөлд зориулж авсан 11.6 сая ам.долларын төлбөрөөс 169.3 мянган ам.доллар төлж, 11.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болсон. Одоо үндсэн зээлийн үлддэгдэл 38.6 сая ам.доллар байна. Задалж үзвэл Орхон аймаг дахь гангийн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 22.6 сая ам.долларын хүүгийн төлбөр 11.6 сая ам.доллар, хуримтлагдсан хүү 211 мянган ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 584 мянган ам.доллар, нийт 35.1 сая ам.долларын үлдэгдэлтэй байна.
2022 оны тавдугаар сарын 24-ний өдрийн Монголбанкны ханшаар хөрвүүлж үзвэл 109.6 тэрбум төгрөг, Орхон аймаг дахь гангийн үйлвэрлэлийн эргэлтийн хөрөнгөд зориулж олгосон үндсэн зээлийн үлдэгдэл 5.4 сая ам.доллар, үндсэн хүүгийн төлбөр 1.6 сая ам.доллар, хуримтлагдсан хүү 26.2 мянган ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 51.9 мянган ам.долларын үлдэгдэл буюу нийт 6.2 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнээс 2022 оны тавдугаар сарын 24-ний өдрийн Монголбанкны ханшаар хөрвүүлэн үзвэл 19.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн 7 хороо, Е блокийн орон сууцны барилгын төсөлд олгосон зээлийн үлдэгдэл 11.4 сая ам.доллар, үндсэн хүүгийн өр 3.7 сая, хуримтлагдсан хүү 67.2 мянган ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 521.5 мянган ам.доллар буюу нийт 15.8 сая долларын үлдэгдэлтэй байна. 2022 оны тавдугаар сарын 24-ний байдлаар Монголбанкны ханшаар хөрвүүлж үзвэл нийт 49.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх тооцоолол нь 2022 оны тавдугаар сарын 24-ний байдлаар гаргасан тул хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх тохиолдолд “Бэрэн групп” компаниас зээлээсээ төлсөн тохиолдолд хасагдах, төлөөгүй нөхцөлд хүү болон нэмэгдэх тул мөнгөн дүнд өөрчлөлт орно. Одоогоор зээлээ буцаан төлж, хохирол төлсөн тохиолдол байхгүй гэдгийг тодотголоо.
“Бэрэн групп”-т зээл олгосон нь шударга өрсөлдөөнийг зөрчсөн гэв
“Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа үргэлжилж байна.
Улсын ерөнхий прокурорын танилцуулснаар “Бэрэн групп”-тэй адилхан нөхцөл шаардлага хангахгүй байсан төслүүдэд Хөгжлийн банкнаас зээл олгож байв уу гэдгийг шинжлэн судалсан аж. Тухайлбал, “Дорнод Монгол сахар”, “Сүү”, “Монгол ээдэмцрийн үйлдвэр” зэрэг компаниуд тус бүр Хөгжлийн банкнаас зээл хүсч байсан ч шаардлага хангаагүй үндэслэлээр зээл олгоогүй.Төмрийн хүдрээс сайн чанарын төмөр гарган авах төсөлд ч мөн зээл олгоогүй. Ингэхдээ Хөгжлийн банкнаас зээл хүсэгчдэд тавигддаг 10 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэжээ. “Бэрэн групп”-ийн арматурын үйлдвэр байгуулах тухай төсөл ч мөн Хөгжлийн банкнаас зээл хүсэгчдэд тавигддаг 10 дугаар зүйл заасан шаардлага хангаагүй хэрнээ зээл авсан. Энэ нь шударга өрсөлдөөний нөхцөл байдлыг зөрчсөн гэж үзэж дээр нэр дурдсан компаниудын зээл хүссэн баримтуудыг нотлох баримтад хавсаргасан юм байна.
Түүнчлэн 2014 оны нэгдүгээр сарын 3-нд “Нэхээсгүй эдлэл” компани нь “Бэрэн групп”-ээр барьцаа гаргуулж, Голомт банкнаас 8.3 тэрбум төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүйгээс энэхүү зээл нь шүүхэд шилжжээ.
“Нэхээсгүй эдлэл” компани нь авсан зээлээ заасан хугацаанд эргэн төлөх боломжгүй болонгуут хойшлуулах хүсэлт тавьж, тэр дагуу нь хэд, хэдэн удаа "Голомт" банк хойшлуулсан. Эцэстээ заасан хугацаандаа ч зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Үүнээс болж, 2019 оны аравдугаар сарын 31-ний байдлаар "Нэхээсгүй эдлэл" компанийн зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 528.6 сая төгрөгийн өр хугацаандаа төлөгдөөгүй. Иймээс "Голомт" банкны зүгээс зээлийн батлан даагчаар зээлийг төлүүлэх, буцаан шаардах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай албан бичгийг "Бэрэн групп"-т мөн хүргүүлсэн байдаг гэдгийг нотлох баримтыг танилцуулах үеэр прокурор онцоллоо.
Шүүх хуралдааныг түр завсарлуулаад байна. Шүүх хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
“Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна
Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбоотой шүүх хуралдаан өнөөдөр /2023.05.15/ 21 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанаар Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.
Прокурорын танилцуулж буй нотлох баримтад дурдсанаар “Бэрэн групп” нь 2014 онд арматурын үйлдвэр байгуулах зорилгоор 22.7 сая ам.долларын зээл хүсчээ.
Хөгжлийн банкны Зээлийн хороо энэхүү зээлийн хүсэлтийг судалж үзээд “Япон улсын банкнаас авах зээл нь тодорхойгүй, барьцаа хөрөнгө нь хангалтгүй, Ашигт малтмалын хайгуулын хоёр лиценз барьцаалахаар хүсэлт тавьсан нь шаардлага хангахгүй байна” гэдэг дүгнэлт гаргаж байсан аж.
Тухайн үед Хөгжлийн банкинд ажиллаж байсан, гэрч н.Сандагдоржийн мэдүүлэгт “Зээлийн хорооны хурал дээр тус компанид олгох зээлийг дэмжилгүй, эсрэг санал гаргаж байснаа санахгүй байна. Шаардлагатай эх үүсвэр нь тодорхой бус байсантай холбоотой болов уу. Тус компанид зээл олгох талаар санал хураахад би ганцаараа татгалзаж, бусад нь зөвшөөрсөн ч олонхиороо асуудлыг шийддэг байсан. УИХ, Засгийн газрын тогтоолтой зээлийн шийдвэрийг дэмждэг байсан. Би удалгүй ажлаасаа чөлөөлөгдсөн” гэжээ.
Шүүгдэгч н.Болдмаа 2017 оны аравдугаар сарын 26-нд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Бэрэн групп”-ын 2016 онд Хаан банкнаас авсан 3 сая ам.долларын зээл нь хэвийн бус ангилалд шилжсэн байсан. Мөн Хаан банкнаас авсан 6 сая ам доллар нь зээл нь эргэлзээтэй агилалд орсон байсан.
Сингапур улсын “Повер инвест” компаниас 2014 оны долдугаар сарын 1-нд 2,9 сая ам.доллар, 2014 оны арванхоёрдугаар сарын 16-нд 99.7 мянган ам.доллар “Бэрэн металс” компанийн Капитрон банкинд эзэмшдэг долларын дансанд орж ирснийг цэвэр гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулсан. Уг санхүүжилтийг 2014 оны жилийн эцсийн тайланд тусгаагүй явж байгаад дараа жил нь УИХ-аас баталсан Ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нуусан байсан орлогоо ил тод болгосон гэдгээ тайлагнасан.
Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, гэрч н.Золбаярын мэдүүлэгт “Хөгжлийн банкнаас 2018 оны наймдугаар сард “Бэрэн групп”-т дахин зээл олгох болсон нь Орхон аймагт баригдаж буй төсөлтэй нь очиж газар дээр нь танилцахад гүйцэтгэл нь 90 хувьтай, тухайн оныхоо арав, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байсан.
Мөн 2013, 2014 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт барьсан “Хангай” хотхоны барилгын ажил нь дууссан ч мөнгө нь орж ирээгүйгээс зээлийн төлөлт нь хойшилсон, зөрчил үүссэн байсан.
Үүнээс болж, анх авсан 22.7 сая ам долларын зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй. Зээлийн хугацааг нь 2022 оны аравдугаар сарын 15-н хүртэл сунгасан тул зээлийн хүүний өр 717.9 мянган ам.доллар, үндсэн зээлийн өр 1 сая ам.долларын өр үүсчихээд байна. Манай байгууллага /Хөгжлийн банк/ -ын 2014 онд “Бэрэн групп”-т зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнууд бүгд чөлөөлөгдсөн, одоо хаана юу хийж байгаагүй мэдэхгүй” гэжээ.
Г.ХОРОЛ