Додомдсон допингийн асуудлууд…

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

Додомдсон допингийн асуудлууд…

Додомдсон допингийн асуудлууд…

“Допинг ба Спортын авлига” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болж, холбогдох байгууллагууд болон бөхчүүд, бөх сонирхогчид оролцлоо. Энэ үеэр хэд хэдэн чухал асуудлыг хөндөж, цаг алдалгүй шийдвэр гаргах хэрэгтэйг харуулав.

  1. ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА БА Ж.ХАТАНБААТАР

Допинг тойрсон хамгийн том будилааны эзэн нь Ж.Хатанбаатар ерөнхийлөгчтэй Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага. Сорьц цуглуулах үйл явцаас эхлээд сорьцыг шинжлэх, зарлах, ил тод байдлыг нь хангах гээд ер нь л асуудал ихтэй. Төсөв, тайлангийн талаар бүр мэдээлэл хомс. Угтаа татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг ч “шилэн” гэх зүйл энэ байгууллагад нэгээхэн ч үгүй. Олимпийн хорооны хоёрдугаар давхарт байрлах оффис нь шилэн, хаалттай хаалганы цаана байх бөгөөд ажилчид нь ч ажилдаа ирэх нь өдрийн од шиг гэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар гэдэг хүнийг таван жил харсангүй. Уг нь бөхийн холбооны удирдах зөвлөлд байдаг юм. Үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахаар л ирдэггүй, бараа сураг нь байдаггүй” гэсэн юм.

Допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал нь Д.Мөнхболд гэх залуу бөгөөд тэрбээр Ж.Хатанбаатарын хүргэн гэх шуум бий.  Ер нь л тус байгууллагын дэд захирлууд тогтмол солигдож, зарим нь бүр шүүхээс ял сонсож байсан удаатай. Гэтэл Ж.Хатанбаатар гэх хүн ерөнхийлөгчийн сэнтийдээ залраад олон хавар, олон намрыг үзжээ.

Ямартай ч допингтой тэмцэх хамгийн эхний алхам бол допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, тайланг ил тод болгох билээ.

  1. ЯВЦЫН ШИНЖИЛГЭЭГ ТОГТМОЛЖУУЛАХ

Допингтой тэмцэх үр дүнтэй аргуудын нэг бол явцын шинжилгээг тогтмол авах. Ингэхдээ урьдчилж зарлахгүйгээр гэнэтийн байдлаар шөвгөрсөн бөхчүүд авах юм. Наана нь зарлаад, мэдэгдээд байвал өнөөх “нотой” бөхчүүд барилдах байтугай бөхийн өргөөнд ч үзэгдэхгүй. Цагаан сарын барилдаанаар явцын шинжилгээ авна гэх зар тарсны дараа улирлын турш сайн байсан зарим бөхчүүд барилдаагүй гэж бөх сонирхогчид хардаж буй. Гэхдээ л 32 бөхөөс нэг нь допингт бүдэрсэн.

Тиймээс одоо явцын шинжилгээгээ гэнэтийн байдлаар тогтмол авдаг болох хэрэгтэй. Энд нэг зүйлийг дурдахад, допингийн шинжилгээний үнэ хоёр төрөлтэй. Тэмцээний үеийнх нь 400 ам.доллар, тэмцээний бус үе нь 350 ам.доллар. Наадмаас бусад үеийн барилдааны төлбөрийг үндэсний бөхийн холбоо гаргадаг бол улсын наадамд шөвгөрсөн 64 бөхийн шинжилгээний төлбөрийг татвар төлөгчид гаргадаг.

  1. АЙМАГ, СУМДЫН НААДМААС ШИНЖИЛГЭЭ АВАХ

Аймаг, сумдын наадмаар цол олгодог хирнээ шинжилгээний асуудал орхигддог. Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар аймаг, сумдын тэр дундаа аймгийн баяр наадмууд дээр допинг, найраа хавтгайрсан гэнэ. Ер нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг харахад байхад аймгийн цолтнууд дийлэнхи нь бий. Тиймээс аймгууд дээр хяналтаа тавьж, ядаж үзүүр түрүү, шөвгийн дөрвөн бөхөөс шинжилгээ авах нь зүйтэй.

  1. СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГГҮЙ

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх гэх байгууллага нь өнгөрсөн жил Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээлээ гэж нэг хэсэг шуугьсан. Гэвч удалгүй бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав энэ байгууллагыг төрийн бус байгууллага гэдгийг мэдэгдэж, бид гаргасан шийдвэрийг нь дагах үүрэггүй гэсэн юм. Сая болсон хэлэлцүүлгийн үеэр ч Ц.Магалжав энэ арбитрын шүүх нэртэй төрийн бус байгууллагын цаана хэний ч эрх ашиг байж болно гэдгийг сануулаад амжсан.

Үнэхээр л энэ байгууллага хэн нэгний заавраар хөдлөх боломжтойг үгүйсгэх аргагүй.

  1. ХАТУУ ДҮРЭМ ЖУРАМ

Өмнө нь допингийн төрлийн хортой бодис хэрэглэсэн бөхийг хэрхэн шийтгэх нь тодорхойгүй байв. Баяр наадмын тухай хууль дээр нэг заалттай, үндэсний бөхийн холбоо нь бас нэг өөр заалттай. Үүнээс болж бөхчүүд болон бөх сонирхогчдын дунд төөрөгдөл үүсээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, цаашдаа үүнийг баримтлахаар болжээ. Энэхүү журмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдвол давтан эсэхээс нь шалтгаалж хоёр жилээс бүх насаар нь хүртэл барилдах эрхийг нь хасах ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж